Траян Христеа: Монгол Улсыг хар жагсаалтад оруулах эсэхийг Европын парламентаар эцэслэн шийднэ

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Христеаг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол Улс ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах талаар төрийн бүхий л шатанд идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа дуулгаж, энэ ондоо багтан тус жагсаалтаас гарахаар зорьж байгаа талаар дурьдав. Мөн Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл өглөө. 

Элчин сайд Траян Христеа энэ үеэр Европын Холбоо нь гуравдагч орнуудыг өнгөөр ялгасан “хар, саарал жагсаалт” гаргадаггүй, харин мөнгө угаахтай тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт гэж гаргадаг болохыг онцлов.

Европын комисс Монгол Улсыг энэ жагсаалтад оруулах шийдвэр гаргасан хэдий ч, энэ нь Европын парламентаар хэлэлцэгдэх бөгөөд хэрэв батлагдах тохиолдолд ирэх 10 дугаар сараас эхлэн хэрэгжинэ. Гэхдээ энэ жагсаалтад орох тохиолдолд Европын Холбооноос Монгол Улсын эсрэг ямар нэгэн санхүү, эдийн засгийн хориг арга хэмжээ авахгүй, зөвхөн мөнгөн гүйлгээнд харилцагчийг таньж мэдэх хяналт сайжрах аж.

Цаашид Монгол Улсад хэрэгжүүлж буй хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөр, холбогдох санхүүжилт, тэдгээрийн хэрэгжилт хэвийн үргэлжилнэ. Түүнчлэн мөнгө угаах үйл ажиллагаатай холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлж, энэ хүрээнд техник туслалцаа үзүүлэх тал дээр дэмжихээ Элчин сайд Траян Христеа илэрхийллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)