Траян Лауренцю Христеа: 6200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд татваргүй экспортлох боломжтой

Өнөөдөр Европын өдөр тохиож байна. Үүнийг тохиолдуулан Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеатай ярилцлаа.

-Танд Европын өдрийн мэнд дэвшүүлье. Ийм өдөр тантай ярилцаж буйдаа баяртай байна.

-Баярлалаа. Тавдугаар сарын 9-нд Европын Холбоо нэгдмэл болсноо тэмдэглэдэг. Одоогоос 69 жилийн өмнө буюу 1950 оны яг энэ өдөр Европын Холбоог үүсгэн байгуулагчдын нэг Роберт Шуман тухайн цаг үедээ хувьсгалч гэж тооцогдох нэгэн санаа дэвшүүлсэн байдаг. Тэр нь Европын улс орнууд тусгаар тогтнолоо нэгтгэснээр ирээдүйд тивдээ гарч болох аливаа дайн дажнаас сэргийлэх боломжтой гэсэн санаа байсан юм. Мянга мянган жил үргэлжилсэн Европын зөрчлөөс хойших хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их сүйрэл гамшиг авчирсан зөрчил болох дэлхийн I, II дайн энэ л тивээс анх эхэлж, бүх дэлхийг хамарсан байдаг. 

1945 оны дараа дайн, өлсгөлөнд нэрвэгдсэн европчууд ирээдүйгээ дахин босгох арга зам эрэлхийлсэн. Европын цөөн хэдэн удирдагч дайнаас сэргийлэх хамгийн зөв шийдэл бол улс үндэстнүүд хамгаалан тэмцэж байсан зүйлсээ нэгтгэж, хамтдаа хуваалцаж, нөхөрлөл болон итгэлцлийн нягт холбоо үүсгэх явдал гэж үзсэн. Үүний анхны алхам нь 1951 онд Европын нүүрс, гангийн нийгэмлэгийг байгуулсан явдал байсан юм. Нүүрс болон гангийн үйлдвэрлэлийг Европын бүх улс орон оролцох боломжтой, байгууллагын бүтэц бүхий нэгдмэл, дээд удирдлагад хариуцуулах ёстой гэсэн нь Шуманы тунхаглалын санал юм. 

Түүнээс хэдэн жилийн дараа буюу 1957 онд Ромын хэлэлцээрээр нэгдмэл бодлого, зах зээлд суурилсан Европын эдийн засгийн нийгэмлэгийг байгуулсан нь хожим Европын Холбоо болсон. Ингэснээр бараа бүтээгдэхүүн, хүмүүс, капитал болон үйлчилгээний хувьд хил хязгаар, саад хориг арилсан. Энэ нь хил дамнасан худалдаа цэцэглэн хөгжих боломж бүрдүүлж, хөрш орнуудтайгаа дайн хийх сэдлийг бүрэн арилгаж, Европын сая сая иргэнд сайн сайхан амьдрал, өргөн боломж олгосон юм.

Хамтын ажиллагааг зөрчлөөс дээгүүрт тавьснаар европчууд түүхэн дэх хамгийн амжилттай энх тайвны төслийг эхлүүлсэн. Манай Холбоог үүсгэн байгуулсан тэр эрхэм хүмүүс өөр хоорондоо дайн өдөөхийн оронд тивдээ төдийгүй дэлхий дахинаа энх тайван, ардчилал, хүний хөгжлийг дэмждэг шинэчлэгдсэн Европыг бүтээх алсын хараатай байж.

-Энэ жил Европын Холбоо болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Үүний хүрээнд ямар ямар үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Европын Холбоо Монголын ардчиллыг 30 жилийн турш дэмжсээр ирсэн. Ингэхдээ гуравдагч хөрш байсаар ирсэн нь тэмдэглэлт үйл явдал төдийгүй хамтын ажиллагаагаа бэхжүүлэн өргөжүүлэх боломж юм. 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Европын Холбооны Төлөөлөгчийн газар нь гишүүн орнууд, Гадаад харилцааны яам болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран энэ сарын 26-ны ням гаргийн 10.00-18.00 цагт Сүхбаатарын талбайд “Европын нээлттэй өдөр” арга хэмжээг анх удаа зохион байгуулна. 

Үүнд хүн бүхнийг урьж буйгаа уламжилъя. Европын улс орнуудын үндэсний зоог, ундааг амтлан, Европын Холбооны санхүүжилттэй төслүүд болон компаниуд, соёлын байгууллагуудын талаар мэдээлэл аваарай. Европын Холбоо яагаад татвар төлөгчдийнхөө мөнгийг Монгол Улсад хэрэгжүүлэх төслүүдэд зарцуулж байгаа талаар илүү сайн ойлголт олж авах боломжтой. Үүнийг зохион байгуулснаар европ болон монгол хүмүүс илүү ойртоно гэж найдаж байгаа.

...Румын Улсаас ирсэн залуу оюутанд оруулсан Монгол Улсын дэмжлэгт би их талархдаг. Миний бие 1990-1995 онд МУИС-д суралцсан. Европын Холбооны Элчин сайд болон эргэн ирсэн минь маш олзуурхууштай хэрэг. Олон зүйл өөрчлөгдсөнийг анзаарлаа. Гэхдээ монголчуудын зочломтгой, нөхөрсөг, нээлттэй зан чанар хэвээрээ байна. Монгол Улс одоо ч эдийн засаг, нийгэм болон улс төрийн шилжилтийн үеэ туулсаар байгаа. Европын Холбоо, Монголын улс төрийн харилцаа болон салбар хоорондын хамтын ажиллагааг дэмжихэд бүх хүчээ дайчлан ажиллах болно...

-Монгол Улсад одоо ямар төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа вэ?

-Өөрийн түнш Монгол Улсыг өнөөгийн геополитикийн орчин нөхцөл дэх уян хатан чанараа нэмэгдүүлж, зах зээлийн эдийн засгаа уул уурхайн салбараас хэт хараат бус болгож, төрөлжүүлэхэд туслахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих замаар Монголын эдийн засаг, худалдааны бүтэц, хэлбэрийг төрөлжүүлэхэд анхаарч, ажлын байрыг нэмэгдүүлэхийг зорьж байна. 

Европын Холбоо нь мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлээс нэмүү өртгийн гинжин хэлхээг сайжруулах, олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийн боломжоор хангах хүртэлх олон асуудлуудыг хамруулсан, цогц стратеги хэрэгжүүлж байгаа.

Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, иргэний нийгмийн байгууллагуудын хөгжлийг хөдөө аж ахуй, байгаль орчин, авлигатай тэмцэх болон хэвлэлийн эрх чөлөө гэх мэт олон талбарт дэмжих зэргээр Монгол Улс дахь хүний болон хөдөлмөрийн эрхийг үр дүнтэй хангах үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг зорьж байгаа юм. Монголыг сэргээгдэх эрчим хүч болон илүү тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэл рүү шилжихэд нь Европын Холбоо дэмжиж эхэлсэн. Мөн бид техникийн дэмжлэгийн хэлбэрээр Төсвийн санхүүгийн менежментийн шинэчлэлийг дэмждэг.

-Монголын талаас худалдаа болон эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгцээ шаардлагыг үргэлж илэрхийлсээр ирсэн. Үүнтэй холбогдуулан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тодорхой ажил, үйл ажиллагаа байгаа юу?

-Европын Холбоо болон Монголын хооронд нийтлэг үнэт зүйл олон бий. Хүний эрхийг дээдлэх, ардчилал, хууль дээдлэх ёс бол бидний харилцааны үндэс суурь. Гэхдээ эдийн засаг болон худалдааны талаас авч үзвэл бидний харилцаанд сайжруулах шаардлагатай зүйл ч их байна. Европын Холбооны зүгээс худалдааны харилцаагаа сайжруулах боломжуудыг эрэлхийлж байгаа. Монголын бизнесийн байгууллагуудыг Европын Холбооны Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+)-ийг илүү сайн ашиглахад нь тусалдаг. 

Энэ нь хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор Европын Холбооны зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ татваргүй, эсвэл бага татвартайгаар экспортлох боломж олгодог хөтөлбөр юм. Европын Холбооны зах зээлд гаргах боломжтой Монголын бүтээгдэхүүн олон. Тус Холбоо нь Монголын худалдааг дэмжих төсөл (EU-TRAM) хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд Европын Холбоо руу экспортлох боломжтой дөрвөн төрлийн бүтээгдэхүүнийг тодорхойлсон. Тэдгээр нь органик гоо сайхны бүтээгдэхүүн, сарлаг болон ботгоны ноос, чацарганы тос болон арьс шир юм. 

Энэ дөрвөн төрлийн бүтээгдэхүүн тус бүрийн хувьд Монголын худалдааг дэмжих төсөл нь нэмүү өртгийн асуудлыг тодорхойлж шийдвэрлэх арга замыг хайж, кластер үүсгэн ажиллаж байна. Монголын бүтээгдэхүүнүүдийг Европын Холбооны зах зээлд оруулах үйл явцыг хөнгөвчлөхийн тулд стандарт, гарал үүсэлтэй холбогдох дүрэм, журмууд, гэрчилгээ болон зах зээлийн тандалт, судалгаа зэргийг сайжруулах шаардлагатай байгаа юм. 

Дээрх асуудлуудыг шийдвэрлэснээр Монгол Улсын хувьд “Хөнгөлөлтийн ерөнхий систем” хөтөлбөр буюу Европын Холбооны зах зээлд гарах, илүү сайн ашиглах боломж бүрдэнэ. Эл хөтөлбөрийн хүрээнд зах зээлд нэвтрэхэд тавигдах шаардлага болон чанарын стандартыг хангасан тохиолдолд 6200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд татваргүй экспортлох боломжтой.

-Та бол Европын Холбооноос Монгол Улсад суугаа анхны Элчин Сайд. Мөн 1990-ээд оны үед манай оронд суралцаж байсан гэж дууллаа. 20 гаруй жилийн дараа Монголд эргэн ирэхэд ямар санагдаж байна вэ?

-Румын Улсаас ирсэн залуу оюутанд оруулсан Монгол Улсын дэмжлэгт би их талархдаг. Миний бие 1990-1995 онд МУИС-д суралцсан. Европын Холбооны Элчин сайд болон эргэн ирсэн минь маш олзуурхууштай хэрэг. Олон зүйл өөрчлөгдсөнийг анзаарлаа. Гэхдээ монголчуудын зочломтгой, нөхөрсөг, нээлттэй зан чанар хэвээрээ байна. Монгол Улс одоо ч эдийн засаг, нийгэм болон улс төрийн шилжилтийн үеэ туулсаар байгаа.

Европын Холбоо, Монголын улс төрийн харилцаа болон салбар хоорондын хамтын ажиллагааг дэмжихэд бүх хүчээ дайчлан ажиллах болно. Миний зорилго бол Европын Холбоотой бий болгосон түншлэлийг Монголын нийгэм болон иргэдэд үр ашигтай байлгах талаас нь бэхжүүлэх явдал. Улмаар Европын Холбоо, Монгол Улс хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, хоёр талт харилцааг хөгжүүлэхийг зорьж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)