Транс тос таныг ч, хүүхдийг тань ч “залгина”

Сингапур улсын Эрүүл мэндийн яамнаас ирэх оны зургадугаар сараас транс тос хэрэглэхгүй, хуульчилна хэмээн мэдэгдэв. ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж ийм алхам хийж буй аж. АНУ-ын Зүрхний эмч нарын холбоо мөн эл тосыг хүнсний бүтээгдэхүүний жагсаалтаас хасах тухай Засгийн газартаа байнга сануулдаг. ОХУ-ын Ерөнхийлөгч 2016 онд улсынхаа нутаг дэвсгэрт туршилтаас бусад зорилгоор генийн өөрчлөлт бүхий ургамал тариалахыг хориглосон хууль баталсан. Энэ мэтчилэн хүн амынхаа эрүүл мэндэд санаа тавьдаг улс орнууд транс буюу хиймэл тос хүнсэнд хэрэглэхгүй байх тухайд бодит алхмууд хийсээр байна. Манай улсад энэ талаар 2016 онд ихэд идэвхтэй ярьж байснаа суларсаар өдгөө бүр сураг алдраад байна. ЭМЯ-ны олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан нь “Ийм тос байдаг байх нь ээ” гэж сууна. Үүнээс үзэхэд уг яам лав юу ч хэлэхгүй нь.

Транс тос гэж юу вэ. Энэ нь ямар нэгэн ургамлын, шингэн төлвийн тосыг устөрөгч хэмээх химийн бодисоор хэт халуун нөхцөлд өндөр даралтаар “бөмбөгдөж” үүсгэн, хатуу төлвийн болгодог хиймэл хүнс. Тодруулбал химийн урвалаар гаргаж авдаг гэсэн үг. Өдгөө манай улсын хүнсний дэлгүүр бүрт байдаг, хойд хөршөөс голдуу оруулж ирдэг маргарин, мөн цөцгийн тосны оронд иддэг, хямд үнэтэй, янз бүрээр савлаж, гоё зурагтай шошго хадсан масло гээч юм. Энэхүү тосыг хоёр зууны өмнө Европт туршилтаар гаргаж авсан аж. Наполеон хаан химич эрдэмтдийн дунд цэргүүдийн хүнсэнд хэрэглэх өртөг багатай тос бий болгох уралдаан зарлаж, өндөр шан амлах үеэр гаргаж ирсэн хүнс хэмээн бичсэн эх сурвалж ч байна. Юутай ч энэхүү химийн аргаар бий болгосон тос хоёр зуун илүү “насалжээ”. Харин өдгөө энэ нь зүрх, судасны өвчин үүсгэгч болсон гэдгийг олон улсын эрдэмтэд нотолсон тул хэдэн жилийн туршийн яриа, хэлэлцүүлэг, туршилтын нөлөөгөөр гаргасан дүгнэлтийг ДЭМБ үндэслэн гишүүн орнууддаа уг тосыг хүнсэнд хэрэглэхгүй байхыг уриалсан байна.

Ургамлын тосыг устөрөгчөөр “баяжуулж” транс болгодог бол ердийн, улс үндэстнүүд эртнээс нааш хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн эрдэнэ шиш, хөвөн, маалинга, чихрийн манжин зэрэг ургамлын генийг өөрчилж, шууд маргарин үйлдвэрлэх зориулалтаар тариалдаг ажээ. Дэлхийд ийм тариалан эрхэлдэг 28 улс байдаг бөгөөд бизнес ашигтай тул давын даруйд татгалзахыг урьтал болгодоггүй хэвээр гэнэ. Тэдний үйлдвэрлэлийг зогсоох аргуудын нэг нь улс орны Засгийн газрууд ард иргэддээ транс тос идүүлэхгүй байх. Улс орны удирдагчдын өмнө иргэдийнхээ эрүүл мэндийг золиослон амар хялбар аргаар мөнгө олох гэсэн үйлдвэрлэгчдэд халаасаа түнтийлгэхэд нь туслах уу, эсвэл хүн амынхаа сайн сайхны төлөө сөрөг үр дагавартай бизнес эрхлэгчдийг дэмжих аятай транс тос хэрэглэх, найрлагад нь ийм тос орсон бүтээгдэхүүн импортолсоор байх уу гэдгийн аль нэгийг сонгох асуудал тулгамдах мэт.

Манай улсын хүн амын дунд зүрх, судасны өвчлөл жилээс жилд нэмэгдсээр. Үүгээр шалтгаалан нас барагсдын тоогоор дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд явдаг. Цусны даралт ихсэх, зүрхний титэм судасны эмгэг, цусан хангамжийн дутагдал, цаашилбал шигдээс, харвалт гээд нэрлээд байвал олон янзын өвчинд нас насныхан нэрвэгдсээр. Түргэн тусламж дуудах шалтгааны дийлэнх хувийг чухамхүү энэ төрлийн өвчин эзэлдэг тухай статистикийн мэдээлэл байна. Зүрх, судасны өвчин үүсэх олон шалтгаан байдгийг судалгаагаар тогтоосон байдаг бөгөөд хүнсний зохисгүй хэрэглээ, түүний дотор транс тосны өргөн хэрэглээ. Энд бичсэнийг уншсан хүн магадгүй “Манайх ийм тос хэрэглэдэггүй. Хөдөөнөөс аав, ээж цөцгийн тос, сарлагийн өрөм байнга явуулдаг. Үгүйдээ л үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн авдаг. Бид хоол хийхдээ маргаринаар хуурдаггүй. Ер нь шарсан, хайрсан хоол иддэггүй” гэж хэлэх байх. Тийм бол сайн. Транс тос гэж юу вэ, тэр нь цусанд шингэхээр тааруу, хананд нь өнгөр үүсгэгч бөгөөд тийм бохир судсаар цус гүйх гэж зүдэрдэг, үүнээс өвчин үүсдэг, энэ төрлийн тос хүний биеэс хоёр жилээс нааш хугацаанд гадагшилдаггүй гэх зэрэг мэдээлэлтэй хүн байх нь. Гэхдээ та өөрөөсөө “Би эх орны үйлдвэрийн ч байна уу, импортын ч юм уу бялуу, жигнэмэг, боов, боорцог, төрөл бүрийн шоколадан бүтээгдэхүүн, пицца, амталж бэлдсэн үхэр, тахианы мах зэргийг иддэг үү” гэж асуугаад үзээрэй. Тэр бүхнийг монголчууд, оросууд, хятадууд, солонгосууд өнөөх транс тосоор л үйлдвэрлэдэг аж. Талхнаас бусад, ялангуяа удаан хадгалахад зориулсан гурилан бүтээгдэхүүнийг энэхүү ургамлын тосыг химийн аргаар дахин боловсруулж гаргаж авсан тосоор хийдэг байх нь. 

Чухам энэ талаар манай улсын судлаачид дээр дурдсанчлан 2016 оноос нэлээд идэвхтэй ярьж эхэлсэн ч яам, төр, засгийн хэмжээнд асуудал болгон өлгөж авахгүй болохоор нь залхсан уу, цагийн гарз санагдсан уу сэдвийг бүрмөсөн хаах мэт орхичихсон. Эрүүл мэндийн дэд сайд байсан Ж.Амарсанаа байнга ярьдаг, бичдэг байлаа. 2017 онд нийслэлийн МХГ-аас “Транс тос, түүний хэрэглээ, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Уг сургалтад хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд болон тос, масло, маргарин импортлогч, үйлдвэрлэгчид, энэ чиглэлийн судлаачид, эрдэмтэд нийгмийн эрүүл мэндэд тулгамдаад буй чухал асуудал транс тосны хэрэглээний талаар хэлэлцсэн юм. Тэр үед ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор М.Пүрэвжав илтгэл тавихдаа “Ууталсан шарсан төмс, майонез, маргарин, үйлдвэрийн боорцог, бялуу, бүх төрлийн нарийн боов, түргэн хоолны газрын тосонд шарж болгосон бүтээгдэхүүнүүд, жигнэмэг, гадуур худалдааны цэгүүдээр зардаг пирожки, хуушуур, талханд түрхдэг шоколад, зарим кетчуп зэрэг нь транс тос их хэмжээгээр агуулсан байдаг. Кофены сүүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь транс тосныхтой яг адил. Судалгаагаарэнэ тосны хэт хэрэглээ бүдүүн гэдэсний хорт хадвар үүсгэж байгааг тогтоосон” хэмээсэн юм. Судлаач, эрдэмтдийн энэ мэтчлиэн мэдээлсэн нь тухайн үед олны анхаарлын төвд хэсэгтээ байсан, харин өдгөө мартагджээ.

Уг сэдвийг дахин хөндөхөөр мэргэжлийн байгууллагуудад хандлаа. ЭМЯ-нд энэ талаар одоогоор нам жим байна. МХЕГ-т уг асуудал хамаардаггүй аж. Өмнө нь ажил зохион байгуулж байснаар нь нийслэлийн МХГ-аас асуухад “ЭМЯ, ХХААЯ-наас бодлого боловсруулан Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэргээр хөдлөн, стандарт тогтоож, хэрэгжүүлэгч байгууллага нь үүрэг хүлээн ажилдаа орвол манай зүгээс хянаж, шалгах болно” гэлээ.

Өнөө цагт юу идэж, уухаа бусдаар заалгахгүй, мэдээлэлтэй байдаг, мэдлэгтэй ч болсон гэх нь олон биз ээ. Гэхдээ хүн хэлэхээс наашгүй. “Элсэн чихэр, давс бага ид” гэхэд тоодоггүйтэй адил “Транс тос организмд асар хортой, бүү хэрэглэ” гэж ухуулахад нэг чихээрээ оруулаад, нөгөөгөөр гаргадаг байвал бас нэмэргүй. Зөв зохистой хооллох гэдэг нь идэхэд төвөггүй шингэж, цусанд хэрэгтэй “мэдээлэл” болж очих хүнс сонгохыг хэлдэг байна. Хэрхэн хооллох тухай ерөнхий ойлголт, мэдлэг чухал ч, шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөгөө, сэрэмжлүүлэгт ажил хэрэгчээр хандаж, судлаач, эрдэмтдийн үгийг сонсож, амьдралдаа хэрэгжүүлдэг байвал өөрийнхөө, гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах байнгын үйлс болох нь.

Халдварт өвчин бусдаас хамаардаг бол, халдварын бус өвчлөл зөв хооллох эсэхтэй холбоотой байдаг аж. Таргалалт, ясны сийрэгжилт, зүрх судасны өвчин, бүдүүн болон нарийн гэдэсний хавдар гээд бүхий л өвчин буруу хооллосноос, зохисгүй хүнс хэрэглэснээс үүдэлтэй юм байна. Төр, засгаас транс тосны хэрэглээг халах шийдвэр гаргахыг хүлээлгүй иргэн бүр дэлхийн мэдлэгийг ашиглан өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, хүнсээ зөв сонгож байх нь тулгамдсан асуудал болжээ. Эхний ээлжинд дэлгүүр дүүрэн байдаг алаг эрээн цаастай импортын голдуу цайны болон давхраат жигнэмэг, мөн эх орны үйлдвэрлэгчдийн бялуу, төрөл бүрийн гоё боов зэрэг бүтээгдэхүүнд сэрэмжтэй хандаж, найрлага дахь тосны агуулга, хэмжээний талаар асууж, шалгааж байх, шошго, танилцуулга дээрхтэй нь танилцаж, үнэн, худлыг нь нягталж, өөрөөр хэлбэл хэрэглэгчийн хяналтыг сайжруулах цаг иржээ. Эрхбиш хэрэглэгч бүр шаардаад ирэхээр үйлдвэрлэгчид сэрэх бус уу.

Та транс тос идэх биш, харин эсрэгээрээ тэр тос таныг ч, хүүхдийг тань ч “залгих” нь тодорхой болсон цаг үед бид амьдарч байна.

Өнөөдөр хамгийн өргөн хэрэглэж буй, ОХУ-аас оруулж ирдэг, хямд үнэтэй масло гээч нь транс юм. Түүний найрлагад олон төрлийн тос байх бөгөөд техникийнхийг хольсон байх нь ч бий хэмээн орос судлаач бичсэн байв.

Жинхэнэ цөцгийн тос нь бол кг тутам нь 30 гаруй мянган төгрөгийн үнэтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)