“Транс Монголиа” хамтлаг ИРАКТ ТОГЛОВ

 Герман болон Европт уран бүтээлээ туурвидаг “Транс Монголиа” хамтлагийн ахлагч Д.Хосбаяртай цахим хуудсаар холбогдлоо. Тэрбээр энэ зун олон улсын хэмжээний хоёр ч наадамд оролцож, Европыг тойрон аялжээ.

-Сайн байна уу. Танай хамтлаг саяхан Иракт хандивын тоглолт хийсэн гэв үү?

-Тийм ээ. Энэ сарын 16- нд Иракт болсон хандивын тоглолтод оролцлоо. Олон улсын нэгдсэн арга хэмжээ байсан учраас нэлээд хамтлаг, дуучид оролцсон.

-Мөн энэ зун аялан тоглолтоо үргэлжлүүлж, наадам хүртэл зохион байгуулсан байна. Энэ тухайгаа ярина уу?

-Бид Европын 6-7 улсаар явж тоглолт хийхийн зэрэгцээ хөөмий, тууль, цуур хөгжмийн сургалт зохион байгуулсан. Туульч, цуурч Э.Баатаржав Монголоос ирж бидэнтэй хамтран аялсан. Мөн Хөөмий болон хөөмий төст урлагийн наадмыг Германы Букебург хотноо өнгөрсөн сарын 28-30-нд амжилттай зохион байгууллаа. Анх найман жилийн өмнө миний санаачилгаар энэ наадмыг хийсэн. Одоо жил бүр зохион байгуулдаг. Энэ удаа долоон орны 30 орчим уран бүтээлч оролцсон.

-Э.Баатаржав ах та бүхнийг Дундад зууны фестивальд оролцож монгол гэрээ барьсан гэж ярьсан.

-Тийм ээ. Дундад зууны наадамд Европын бүх орон оролцдог. Эртний хэв шинж хадгалсан отог байгуулж, уран бүтээлчид ая дуугаа өргөдөг юм. Бид энэ удаа монгол гэрээ барьж танилцуулснаас гадна уран бүтээлийнхээ дээжээс толилуулсан юм. Европчууд монголчуудын тухай маш их сонирхож байна билээ.

-Баярлалаа. Та бүхний уран бүтээлд амжилт хүсье.

-Баярлалаа. Монголын уламжлалт соёл урлагаараа дамжуулан эх орноо сурталчилж байгаадаа баяртай байдаг шүү.

Ж.СОЛОНГО


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)