Трамп, Путин хоёр хэрэлдэж л байг

Америкийн “Кисс” хэмээх рок хамтлаг өнгөрсөн зууны дал, наяад онд содон имиж, үзүүлбэр, уран бүтээлээрээ тун алдаршсан юм. Одоо ч тэдний талаар домог шиг л ярьдаг юм билээ. Ихэвчлэн глэм, шок, хард рок гэсэн чиглэлээр дуулж, хөгжимддөг тус хамтлагийнхныг хөгжим судлаачид “аянга” хэмээн тодорхойлсон байдаг. Тэд тухайн үедээ тэсрэлт болсон техникийн дэвшлийг ашиглан хүмүүсийн нүдийг ёстой л духан дээр нь “гаргадаг” байв.

Үүнээс гадна нүүр будалтаараа “бөмбөг” тэсэлсэн юм. Хамтлагийн үндсэн дөрвөн гишүүн бүр нүүр будалтаараа ялгарч, имижээ бүрдүүлдэг. Мөн тэдний цусыг “сэлбэсэн” шинэ гишүүд ч нүүрээ өмнөхтөйгөө давхцуулахгүй буддаг байлаа. Тодруулбал, Пол Стэнли уруулаа час улаанаар, өрөөсөн нүдээ тойруулан хар өнгөөр од хэлбэртэй буддаг нь оддын хүү болон нууц амраг гэсэн утга илэрхийлдэг.

Жин Симмонс будгаараа чөтгөр болон луу гэсэн имижийг бүрдүүлдэг. Эйс Фрейли, Томми Таер хоёр харь гаригийн буюу сансрын хүний дүрд “хувирдаг” бол Питер Крисс, Эрик Сингер нар нүүрээ муурыг санагдуулам буддаг. Эрик Карын имиж нь үнэг байсан бол Винни Винсент эртний индианы анха омгийн дайчин “болдог” байсан гэнэ.

“Кисс” буюу “Үнсэлт”-ийнхэн 45 цомог гаргасан. Өнгөрсөн оны байдлаар цомог нь 100 гаруй сая хувь борлогдсон нь маш том амжилт юм. Ийм нэгэн хамтлаг ирэх сарын 1-нд хойд хөршийн нийслэлд тоглолт хийх юм байна. Үүнтэй холбогдуулан хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг, аргил гитарчин Жин Симмонс Оросын сэтгүүлч А.Зайцевтай ярилцсаныг товчлон хүргэе.

-Америкийн “Кисс” гэдэг хамтлагийнхан тоглолтын үеэр амнаасаа гал гаргаж байтал толгойнууд нь зад үсэрсэн” гэж ангийн анд минь ярихад бид их айж билээ. Тэр бол 1980-аад оны эхээр буюу Зөвлөлт засгийн үед л дээ.

-Тэгсэн бол жинхэнэ гайхалтай юм болох байж дээ. Бид үнэхээр амнаасаа гал гаргаж, хүмүүсийг алмайруулдаг байсан юм.

-Зөвлөлтийн хүн “Кисс” хамтлагийн

талаар ярьж, дууг нь сонсох хориотой байсныг та мэдэх үү?

-Яагаад тэр вэ. Бид улс төрөөр оролддоггүй, хэн нэгний амьдралыг заадаггүй шүү дээ. Гэхдээ би энэ талаар сонссон. Миний хувийн жолооч байсан орос эр Зөвлөлтийн шоронд хоёр жил хоригдсон нь “Кисс”-ийн цомгийг гэртээ хадгалж байсантай нь холбоотой гэсэн.

-Куинс хотод зохион байгуулсан

танай хамтлагийн нэг тоглолтод ердөө гурван хүн ирсэн гэдэг үнэн үү?

-Тэр үед бид менежергүй, өөрсдөө л бүх ажлаа амжуулдаг байлаа. Тэр тоглолтын зохион байгуулалтыг би хариуцаж байсан. Үнэхээр гуравхан үзэгч ирсний нэг нь миний найз хүүхэн Женн, нөгөөх хоёр нь түүний ах болон бэр эгч нь байж билээ. Гэсэн ч бид тоглолтоо хойшлуулаагүй, хүссэнээрээ бут авсан. Тэр үед яагаад ч юм бэ, бид бүгдээрээ яг л илбэдүүлж, ховсдуулсан мэт хачин их эрч хүчтэй байсныг мартдаггүй.

Ер нь менежер гэдэг зааварлагчгүй байхдаа тоглосон үеүд минь хамгийн шилдэг нь. Яагаад гэвэл бид өөрсдийн хүссэнийг хийдэг байсан юм. “Куин”, “Битлз” хамтлагийнхан ч ингэж ярьсан байдаг.

-Таныг одоо 20 настай гэж бодъё. Хөгжмийн урлагаар явах уу?

-Харамсалтай нь, өнөө цагт бүх юм маш уйтгартай, гунигтай болжээ. Бүх зүйл нь бэлэн, бас техник технологийн хөгжлөөр бүхнийг “зодож” хийдэг. Боломжгүй юм гэж байхгүй болсон. Харин бидний үед цөөхөн байсан дуу бичлэгийн газрынхан мөнгөгүй, бүхнийг бор зүрхээрээ босгож ирсэн. Гэсэн хэдий ч тэд сонсогчдыг дуу, хөгжмөөр үнэ төлбөргүй хангадаг байлаа шүү дээ.

-Та хэзээ ч архи, мансууруулах бодис хэрэглэж байгаагүй гэдэг. Гэтэл 1970-1980-аад онд дэлхийн рок “мангасууд” томоотой байх нь бараг боломжгүй гэдэг байсан. Тэгэхээр та тэдний дунд яг л харийн хүн шиг байж дээ?

-Би архи уух нь битгий хэл, амандаа янжуур зууж үзээгүй. Тэглээ гээд бусадтайгаа харилцахад хүндрэл гарч байсангүй. Хэрэв хүсэхгүй бол “Үгүй” гэж эрс хэлж, татгалзаж чаддаг байх хэрэгтэй. Архи, тамхи, мансууруулагч бодис эр хүний бахархалт эрхтнийг томруулдаг, эсвэл илүү ухаантай, баян, хүчтэй болгодог байсан бол түүн рүү тэмүүлж, донтдог хүмүүсийг би ойлгоно. Гэтэл эсрэгээрээ тэр бүхнээс нь салгаж, ухааныг улам дордуулаад байхад үхэн хатан хүсээд байгааг ер ойлгодоггүй юм.

-Та рок хөгжимчнөөс гадна сайн бизнесмэн. Энэ талын авьяасаа хэзээ олж мэдсэн бэ?

-Би багаасаа л гүйлгээ ухаантай байсан. Миний хувьд бизнесмэнүүд үргэлж тачаангуй харагддаг. Уншиж мэдэхийн хэрээр илүү хичээж ажилладаг гэсэн тун энгийн зарчим шүү дээ, бизнес гэдэг чинь. Би хоёр жилийн өмнө хэвлүүлсэн “Me, Inc” номдоо энэ талаар бичсэн. Би нэгэн цагт дунд сургуулийн багш байсныг та бүхэн мэдэх үү. Хүн хүсвэл юуг ч бүтээж, хийж чадна гэдгийг багачуудад ойлгуулахыг хүсдэг байлаа.

-Та Ж.Бушийн бодлогыг дэмждэг байсан. Ялангуяа, Ойрхи Дорнодын талаарх бодлогыг. Өдгөө Орос, Америкийн харилцааг хэрхэн харж байна вэ. Дэлхийн III дайн гарахгүй байгаа?

-Энэ цагийн улсууд дайн хийхгүй ээ. Яагаад гэвэл, тэд бүгд эдийн засгаараа холбогддог. Орос, Хятад, Америк бүгд тийм л холбоотой. Арай дээхнэ үед улс бүр өөрийн гэсэн мөнгөтэй байсан. Одоо харин өөр. Хэрэв Америкийн хөрөнгийн зах зээл донсолбол бусад улсынх ч дагаад хөдөлнө. Тэгэхээр бид хэлхээтэй гэсэн үг. Ийм байхад дайн дэгдээх үү, хэн нэг нь. Одоо харин алан хядагчдыг л дарах үлдлээ.

Хэрэв бүх улс хүсэж, нэгдвэл “Исламын улс” бүлэглэлийг дарах нь том асуудал биш гэж боддог. Би Ерөнхийлөгч Трампыг хувь хүнийх нь талаас сайн мэднэ. Яг л Клинтон, Бушийг мэддэг байсан шигээ. Тэр хүний бодол, философи та нарт таалагдах, эсэх нь хамаагүй.

Путин орос хүүхдүүд, иргэддээ хайртай, тэднийг дайнд илгээхийг хүсэхгүй. Трамп ч яг л тийм бодолтой. Эх орон, ард түмнээ хайрлаж чадаж байгаа нь чухал. Бусад нь бол бизнесийн асуудал. Ах, дүүс хэрэлдэж л байдаг шүү дээ. Тэглээ гээд дайсагналцдаггүй биз дээ. Тэгэхээр Трамп, Путин хоёр хэрэлдэж, маргалдаж л байг. Ярилцахын муу гэж байхгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)