Тост, тосон бумын нурууг СҮЙТГЭЖ байгаа гэх "Саугоби коэл транс"-ийн ард "Худалдаа хөгжлийн банк" байгаа юу?

Тост, Тосон Бумбын нуруу орчимд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби коэл транс” ХХК-ийн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль экологи, хүн ам, амьтан ургамалд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаар Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Тост, тосон бумбыг хамгаалах нутгийн иргэдийн хөдөлгөөнтэй хамтран мэдээлэл хийлээ. 

Хэвлэлийн бага хуралд оролцсон төлөөлөгчдийн дэлгэсэн баримтыг дэлгэрэнгүй хүргэж байна.

Тост, Тосон бумбын нуруу орчмын нутаг дэвсгэр дэх уул уурхайн үйл ажиллагаа, үүссэн нөхцөл байдал:

Тостын нуруунд уул уурхайн хайгуул, ашиглалтын 21 тусгай зөвшөөрөл олгосноос таван тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж үлдсэн 13 хайгуул, гурван ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээ байна. Үүнд ашиглалтын 43153.96 га талбайг “Саусгоби коэл транс” ХХК, үлдсэн ашиглалтын хоёр тусгай зөвшөөрөл бүхий 16361,72 га талбай болон хайгуулын тусгай зөвшөөрлийн 8010,74 га талбайн хамт нийт 24372 га талбайг Солонгосын хөрөнгө оруулалттай “АГМ Майнинг” ХХК, харин хайгуулын тусгай зөвшөөрлийн хувьд нүүрсний хайгуулын 10 талбайн 112681,08 га талбайг долоон ААН, алтны хайгуулын гурван тусгай зөвшөөрлийн 6511,71 га талбайг гурван ААН, ховор металлын нэг тусгай зөвшөөрлийн 19,35 га талбайг нэг ААН тус тус эзэмшиж байгаа гэсэн тойм мэдээлэл бидэнд байна.

Дээрх уул уурхайн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа талбайд 75 өрхийн 22847 толгой мал, 20 гаруй булаг шанд байна. Мөн Гурвантэс сумын есөн гайхамшигт ордог “Хүрэн ханын хэц” нэртэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар ч энд багтдаг. Тостын нуруунд усан хагалбар зэргэлдээх уул хоорондын хөндийн газар доорх усны тэжээлийн гадаад муж давхцан оршдог юм.

“Саусгоби коэл транс” ХХК-ийн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль экологи, хүн ам, амьтан ургамалд үзүүлж буй сөрөг нөлөөлөл:

Тостын нуруунд уул уурхайн хайгуулын 13, ашиглалтын гурав тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна гэсэн албан бус мэдээлэл байна. Үүнээс ашиглалтын нийт 59515.68 га талбай байгаагийн 73 орчим хувь буюу 43153.96 га талбайг “Саусгоби коэл транс” ХХК дангаар эзэмшдэг гэсэн тоон баримт байна. Бид энэ тоо баримтыг дахин нягталж байна. Өөрөөр хэлбэл Тостын нуруунд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа ААН-үүдээс хамгийн их, түүний дотор хамгийн том ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай эзэмшиж нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби коэл транс” ХХК Тостын нуруунд том ачаа болж өнөөх УИХ, ЗГ-ын тогтоолуудаар тусгай хамгаалалтад авагдсан Тост, Тосон бумбын нуруу орчмыг тоостой нь хольж, амьд хүн бүү хэл барагтай амьтан тогтож сууж, ургамал төрөл зүйлийг нүдэнд харагдаж гарт баригдах юмгүй болтол нь талхлан сүйтгэж байгаа “хэргийн гол эзэн” болж байна. 

“Саусгоби коэл транс” ХХК-ийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон нутгийн иргэдийн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтой халдаж, онгон байгаль нутаг усыг минь ухаж сүйтгэн, байгаль экологи, амьтан ургамалд нөхөж баршгүй хор, хохирол учруулж байгаа үйлдлийг таслан зогсоохын тулд Үндсэн хууль болон Байгаль хамгаалах тухай хуулиар олгогдсон иргэний эрх, үүргээ ухамсарлан дээрх үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ, Засгийн газар, УУХҮЯ, БОАЖЯ, ЗТХЯ-нд тодорхой асуудлуудыг шийдвэрлүүлэхээр шаардлага хүргүүлж, энэ асуудалтай хамтдаа тэмцье гэж төр засаг, хууль хяналтын байгууллага, нийт иргэд, хэвлэл мэдээллийнхэндээ хандан уриалж байна.

“Саусгоби коэл транс” ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмшигчээр Худалдаа хөгжлийн банк оролцсон байж болзошгүй шинэ баримт:

“Саусгоби коэл транс” компанийн эзэмшиж буй МҮ-019036, МҮ-017038 тусгай зөвшөөрлийг цуцлуулах, уурхайн үйл ажиллагааг зогсоох тухай иргэдийн нэхэмжлэлтэй шүүх хуралд 2017 оноос хойш гурван удаагийн шүүх хуралд гуравдагч этгээдээр Худалдаа хөгжлийн банк орж ирдэг. Тодруулбал, 2017 оны 12 сарын 21, 2018 оны 10 сарын 29 өдөр болон 2019 оны 03 сарын 18-ны өдрүүдэд болсон захиргааны хэргийн шүүх хурлуудад Худалдаа хөгжлийн банкны төлөөлөл Б.Ананд нар оролцсон байдаг.

Тэд шүүх хурлын үеэр “Саусгоби коэл транс” компани ашиглалтын лицензээ барьцаалан тус банкнаас их хэмжээний мөнгө зээлсэн учраас энэхүү талбайг ашиглахыг хоригловол Худалдаа хөгжлийн банк хохирох нөхцөлд хүрч байна гэх тайлбарыг өгсөн.

Угтаа Худалдаа хөгжлийн банк аливаа зээлдэгчээс ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг дангаар авч барьцаалах ёсгүй бөгөөд барьцаалсан тухай мэдээллийг нийтэд ил тод хүргэх хуультай.

Хууль зөрчсөн байдлаар үүссэн барьцааны зөрчлийг арилгуулах шаардлагатай байгаа ба банк зээлдэгчээс тусгай зөвшөөрлийг барьцаалахдаа өөр эд хөрөнгөөр барьцааны гэрээгээ өргөтгөж эрсдлээ багасгах хуулиар хүлээсэн үүрэгтэй болохоос ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эс болгох талаар хөөцөлдөх үүрэггүй юм.

Харин энэхүү хууль зөрчсөн үйлдлийн цаана “Саусгоби коэл транс” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр Худалдаа хөгжлийн банк байж болзошгүй шинэ нөхцөл байдал илрээд байна.

Анх “Саусгоби коэл транс” компанийг УИХ-ын гишүүн Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн 2010 онд худалдаа, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар ганцаараа үүсгэн байгуулсан. Б.Чойжилсүрэн өөрийн 100 хувь эзэмшлийн компанийн 50 хувийг бусдад шилжүүлсэн гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгч байсан юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнгийн компанийн 50 хувийг Худалдаа хөгжлийн банк зээлийн өрөндөө авсан байж болзошгүй шинэ таамаг гарч ирж байна. Иймд, үүнийг зохих хуулийн хүрээнд шалгаж, тодруулах шаардлага бий болоод байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)