“Торонто” финалд шалгарахад юу нөлөөлсөн бэ

Одоогоос нэг жилийн өмнө “Торонто рэпторс” багийн аваргалах боломж бооцооны төвүүдэд 2.5 хувьтай байлаа. Гэвч тус баг К.Леонард, Д.Грийн, М.Гасолийг авч, П.Сиакамын тоглолт эрс сайжирч, Ф.Ванвлийт хүүтэй болж, лигийн түүхэн дэх хамгийн азтай шидэлтийн нэгийг “Филадельфи”-гийн цагаригт оруулав. Мөн “Голден стэйт уорриорз” багийн зарим тоглогч гэмтсэнийг мартаж болохгүй.

Энэ бүхний эцэст “Рэпторс” баг аваргалахад ердөө ганц алхам дутуу байна. Мэдээж тус багийн өнөөгийн амжилт нь дээр дурдсан хэдэн үйл явдал, наймаанаас бүрэн шалтгаалахгүй агаад өнөөгийн өндөрлөгт хүргэсэн өөр хэд хэдэн чухал мөчийг дурдъя.

“ЛЕЙКЕРС”-ИЙН ЦОМХОТГОЛ

Алекс Маккечни нь Хойд Америкийн хамгийн нэр хүндтэй спортын эмч нарын нэг. NBA-ийн маш олон тоглогч гэмтлээ эмчлүүлж, зөвлөгөө авахын тулд түүнтэй уулзахаар Ванкуверийг зорьдог байв. Тухайлбал, тэрбээр 1990-ээд онд гэдсэндээ хүнд гэмтэл авсан Ш.О’Нилийг эдгээж, замналыг нь аварч байлаа. Тиймээс Алексийг “Лейкерс” баг ажилд авсан агаад тэд хамтдаа 1999-2011 онд таван удаа аваргалсан. Гэвч 2011 оны локаутын үеэр “Лейкерс” төсөв хэмнэх үүднээс маш олон ажилтнаа халсаны нэг нь А.Маккечни байлаа. Лигийн хамгийн баян баг ийнхүү хамгийн чухал дасгалжуулагчаа “Рэпторс” багт алдсан түүхтэй. Алекс тус багт долоон жилийн турш үр бүтээлтэй ажиллаж, сүүлийн нэг жилд багийн гол од К.Леонардыг “дээд зэргээр асарч” байна.

“НАГГЕТС”-ЫН ХЭМНЭЛТ

2013 онд ерөнхий менежерийн эрэлд гарсан “Торонто” багийн гүйцэтгэх захирал Т.Лейвеке “Наггетс” багаас М.Ужириг урвуулахыг маш их хүсэж байв. Түүнтэй ярилцлага хийх хэд хэдэн удаагийн хүсэлтийг нь “Наггетс” баг хүлээж аваагүй ч цуцашгүй чармайлтын эцэст М.Ужиритай олон сая ам.долларын цалин бүхий гэрээ байгуулах тохиролцоонд хүрчээ. Тухайн үед зардлаа хэмнэхийг чухалчилж байсан “Наггетс”-ын эзэн С.Кроенке эл гэрээтэй ижил гэрээ санал болгохыг хүсээгүй учир М.Ужири Торонтог зорих боломжтой болсон юм. Түүний шийдвэртэй, мэргэн удирдлагын ачаар “Торонто” плей-оффыг алгасаж үзээгүй явна.

И.ШАМПЕРТЫН ТЭСРЭЛТ

Багтаа өөрчлөлт эхлүүлэх үүднээс 2013-2014 оны улиралд “Рэпторс” баг холбон тоглогч К.Лоуриг “Никс”-т зарахаар ярилцаж байв. Тодруулбал, Р.Фелтон, И.Шамперт, драфтын нэгдүгээр бүсийн эрхээр К.Лоуриг солихоор багууд урьдчилсан тохиролцоонд хүрсэн аж. К.Лоури ч энэ солилцоонд дуртай байснаас гадна К.Энтони түүнийг авхуулахаар “Никс”-ийн удирдлагыг лоббидож байлаа. Гэвч энэ үес “Никс” баг Техас мужаар аялан тоглож байсан бөгөөд хамгаалагч И.Шамперт “Сан антонио”-гийн эсрэг 27 оноо (гурван онооны зургаан оновчтой шидэлт), маргааш нь “Хьюстон”-ы эсрэг 26 оноо авч “галзуурав”. Түүнийг тун ирээдүйтэй тоглогч гэж үзсэн багууд “Никс”-т санал тавьж эхэллээ. Улмаар И.Шампертийг К.Лоуригаар солих шийдвэртээ “Никс” эргэлзэж эхэлсэн бөгөөд эцэстээ эл наймаа явагдсангүй. Харин К.Лоури “Торонто”-д үлдэж, эл багийн амин зүрх, ахлагч, үндэс суурь болсон юм.

П.СИАКАМЫН ЭГЧ ӨМНӨД АФРИКТ АМЬДАРДАГ БАЙВ

П.Сиакам бол сагсан бөмбөгийн гэр бүлээс гаралтай тоглогч. Түүний гурван ах нь АНУ-ын их сургуулийн багуудад тоглож байлаа. Харин Паскаль хөлбөмбөгт дуртай. Гэвч 2012 онд Камерунд зохион байгуулсан сагсан бөмбөгийн нэгэн цугларалтын үеэр түүний авьяас олны анхаарлыг татаж, “Basketball without border” тэмцээнд уригджээ. Паскаль эл тэмцээнийг анхандаа огт сонирхоогүй ч олон жил уулзаагүй эгчийнх нь суралцаж байсан ӨАБНУ-д болох учир явахаар шийдсэн байна. Чухам эл тэмцээний үеэр М.Ужири П.Сиакамыг олж харсан агаад 2016 оны драфтаар түүнийг багтаа авахад нь нөлөөлсөн билээ.

“КЛИППЕРС” Э.БРЭДЛИЙГ ЗАРЛАА

Өнгөрсөн хоёрдугаар сард “Мемфис” баг М.Гасолийг сонирхсон багуудын саналыг хүлээн авч эхлэв. Тэдгээрийн дунд “Торонто”, “Шарлотт”, “Нью Орлеан” байлаа. Ингээд наймааны сүүлчийн өдөр “Торонто” өмнөх саналаа сайжруулснаар “Мемфис” түүнийг нь хүлээж авахаар шийджээ. Й.Валанчюнас, Д.Райт, Си.Жэй.Майлс, 2024 оны драфтын хоёрдугаар бүсийн эрхээр тэд М.Гасолийг солихоор тохиролцов. Гэвч нэг асуудал үүслээ. Ийм олон тоглогч авснаар “Мемфис”-ийн цалингийн цэс хэтрэх аюул үүсэв. Гэвч “Торонто”-гийн аз түшиж, “Клипперс” баг хамгаалагч Э.Брэдлийг “Мемфис” багт зарахыг хүсэж байлаа. Ийнхүү хоёр баг харилцан тохирлцсоны үндсэн дээр Г.Темпле, Ж.Грийн хоёр “Клипперс”-т очиж, Э.Брэдли “Мемфис”-т ирснээр цалингийн цэс хэтэрсний татвар төлөх шаардлагагүй болов.

Ийнхүү цалингийн цэсээ сулласан “Мемфис” баг М.Гасолийг “Торонто” руу илгээх боломжтой болсон юм. Аварга цомын эзэн болоход ганцхан алхам үлдээд байгаа “Торонто”-гийн цөм бүрэлдэхүүн ийн бүрдсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)