Торойн харагдах Тоорой

Тоорой юу модондоо

Тогоруу эргэнээ хө

Тоосны маань холоосоо

Хүү маань ирнэ ээ хө...

гэх дуу сэтгэлд мөнхөрсөн дурсамж дүүрэн хүүхэд насны учралыг санагдуулна. Үзэсгэлэнт говийн уудам нутгаар салхи татуулан давхиж байхад алсад тоорой мод, аагим халууныг аргадан байх шиг торойн харагдана. Говь, цөлийн экологийн тэнцвэрт байдлыг хангах, илүү тохиромжтой нөхцөл бүрдэхэд чухал ач холбогдолтой тоорой нь халууныг тогтоож, газрын хөрсний чийгийг хадгалах үүрэгтэй, улиасны нэгэн төрлийн, модлог ургамал. Тоорой, тооройн төгөл нь шороо, цасан шуурганы хүчийг сааруулж нөмөр нөөлөг, дулааны улиралд нарны илчийг бууруулж, сэрүүцүүлэх, сүүдэрлэх зэргээр таатай нөхцөл бүрдүүлдэг.

Тооройн тархацын баруун зах нь Ховд аймгийн нутаг дахь, Ёлхоны давсны баянбүрд, зүүн зах нь Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг Бөөнтоорой, хойд зах нь Говь-Алтайн нурууны салбар уулс болох Идрэнгийн нуруу, урд зах нь Монгол Улсын хил хүрдэг аж. 120 мянга орчим ам км талбайд баянбүрдүүдийн марзлаг хотгор, хөндий, аараг, уулын ам хавцлын устай булаг шандын захын чийглэг газрыг даган, алаг цоог ч ширэнгийн байдалтай тархсан. Тооройн үр зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 10-ны хооронд боловсордог аж. Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг, Баянтооройд 3-4 дүгээр сард цэцэглэж, зургадугаар сарын 20-24 гэхэд үр нь боловсорч байхад Баянхонгор аймгийн Шинэжинс сумын нутаг, Эхийн голын тооройн үр долдугаар сарын 1-8-ны үед боловсрох жишээтэй. Өөрөөр хэлбэл, газар газарт харилцан адилгүй юм байна. Хэдэн жилийн ажиглалт судалгаанаас үзэхэд, уртрагийн дагуу урагшлах, өргөргийн дагуу зүүн тийшээ явах тусам тооройн хөгжлийн үе шат хожуу, хойшлох тусам эрт дуусаж байна гэж доктор А.Хауленбекн, Ч.Базарсад, А.Авирмэд нарын “Монгол орны тоорой, жигд, сухай” номд тэмдэглэжээ. 10 000 метрийн гүнээс өөрийн ундаалах усыг татаж чадах хүчирхэг үндэстэй тооройтой зөвхөн говь, цөл нутагт л таарна. Хангай газар бус, халуун говьд ургах тавилан энэ модонд буй за.

ХААН ТООРОЙ

Хөндий голтой хэрнээ мөчир нь нахиалж байгаа модтой та таарч байсан уу? Говийн их дархан цаазат газрын Шар хулсын баянбүрдэд тооройн төгөл бий. Тэр төгөлд гол нь хөндий мөртлөө доторх нь нахиалан ургах содон тохиолдолтой өнгөрсөн хавар түүгээр явж байхдаа таарав. Энэ байдлаас харвал “амьдрах чадвар сайн, хүчирхэг мод” гэх судлаач нарын дүгнэлт нь батлагдах шиг. Тоорой нь говь, цөлийн ховор, ховордсон ургамлын хувьд нэгэн ёсны байгалийн амьд хөшөө дурсгал, түүх, биологи, экологийн судалгааны үнэт объект бөгөөд манай өвөрмөц баянбүрдүүдийн чимэг юм. Өндөр нь 6-10 метр, навчны хэлбэр олон янз байдаг бөгөөд нэг зүйлийн бургас, найм зүйлийн улиасны навчны хэлбэрүүд зөвхөн тоорой модонд ургадгаараа онцлог. Тооройн навч олон янзын хэлбэр, хэмжээтэй байдаг. Нэг тооройн навчийг хэмжиж үзэхэд, 8.5-10 см урт, 0.9-2.5 см өргөн, хэлбэр нь шувтан, 7х7 см хэмжээтэй, дөрвөлжин шахам байсан гэнэ.

Монголын хамгийн том, урт настай мод Баянхонгор аймгийн Эхийн голын баянбүрдээс зүүн хойш 10 орчим км-т байрлах Саардагийн баянбүрдэд байх бөгөөд “Тооройн төлөө” ТББ-ын санаачилгаар эрдэмтэн, судлаачид Говийн их дархан цаазат газрын хамгаалагчдын хамтаар Монголын хамгийн өндөр настай Хаан тоорой гэж өргөмжилсөн тухай танин мэдэхүйн баримтат киног 2007 онд МҮОНРТ-ийн “Аяллын цаг” нэвтрүүлгээр танилцуулж байв. 1.5 м диамертэй бүдүүн тооройг тусгай багаж, аргачлалаар тодорхойлж 250 настайг нь тогтоосон байна.

ТООРОЙН БУУЛТ

Хужиртай газарт ургах дуртай тоорой нь хөрснөөс авсан эрдэс давсны илүүдлийг ишээрээ дамжуулан гадагшлуулдаг юм байна. Түүнийг нь нутгийн ардууд “Тооройн буулт” хэмээн нэрлэж, хүнсний содны оронд ашигладаг. Охид, бүсгүйчүүд үсээ зөөлрүүлэх зорилгоор хэрэглэдэг тохиолдол бий. Мөн тооройн буултыг цусны даралт багасгах, гэдэс, ходоодны өвчин анагаахад түлхүү ашигладаг гэнэ. 1994 онд тооройн буултыг шинжлүүлэхэд нэн ашигт эрдэс, бодисууд илэрчээ.

Тооройн навч, иш, үндэсний залуу найлзуур зэрэг нь мал, ан амьтны чухал тэжээл. Навчийг нь таван хошуу мал, хар сүүлт зээр, хавтгай, аргаль зэрэг амьтан иддэг. Тооройн залуу найлзуурт ямаа дуртай гэж говь нутгийнхан ярьдаг. Намар сүрлэг тооройн навч унахад тэр хавийн мал, амьтад цадталаа иддэг гэнэ.

Зулзаган тооройнууд говийн зэлүүд газарт ургах дуртай. Учир нь хүн, мал амьдардаг газарт зулзаган мод нахиалахад тэр хавийн мал идсээр, сэргэн ургах нь үгүй гэж доктор Б.Мижиддорж ярив. Олон янзын навчтай энэ мод үр, суулгац, үндэсний салаа гэх гурван янзаар үрждэг гэнэ.

Тоорой эхний жилд удаан ургадаг. Гэхдээ хоёр дахь жилдээ суга өсдөг. Тодруулбал хоёр настай тарьцны ишний өндөр дунджаар 21.8 см хүрдэг гэнэ. 1989 онд Шар хулсны баянбүрдийн тооройноос 460 тайрдас авч Тэгшийн мод үржүүлгийн газарт авчирчээ. Харамсалтай нь, ганцхан ширхэг тайрдас үндэс, нахиа өгч байжээ. Иймд тооройг тарималжуулах хамгийн ашигтай арга нь үр суулгац гэж судлаачид тогтоожээ.

Анх 2003 онд Алтайн өвөр, Алшаа, Зүүн гарын говьд буюу Говь-Алтай, Баянхонгор, Ховд аймгийн 30-аад баянбүрдэд нийт 25 000 орчим тоорой байгааг тогтоосон. 2007 онд дахин тооллого хийж 80 гаруй мянга тоорой байгааг бүртгэсэн байна. Говийн бусад модлог ургамал загд, жигд, сухайг бодвол илүү бүдүүрч, том бадриун иш, мөчиртэй болдог учир малчид байшин, малын хашаа барьж, түлээнд ашигладаг. Мөн эмээлийн мод, торх, авдар, сав, айргийн хөхүүр хийх, худаг доторлохоос авхуулаад ахуй амьдралд энэ модны хэрэгцээ нэн их байдаг нь ховордох нэг шалтгаан юм.

Нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд тоорой модыг тарьж ургуулах, малд идүүлэхээс сэргийлэн тойруулж хашаа барих зэрэг ажлил хийдэг гэсэн. Халуун, хуурай уур амьсгалтай нөхцөлд давс, хужиртай хөрсөнд ургаж, хүчтэй салхи шуурганд тэсэж үлдэх чадвартай тоорой үгүй болбол их говийн экосистемийн гинжин хэлхээ тасрах буй за. “Элсэн манханг өөртөө тогтоож буй энэ ачтанг хайрлаж хамгаалах нь бидний биелүүлэх чухал үүргийн нэг” гэж тал газар, алсын бараа ширтэн суух байгаль хамгаалагч ярив.

Бэлтгэсэн: О.Алуунгуа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)