Торгон хилээ манасан залуус гэртээ харилаа

Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын харьяа анги салбаруудад алба хаасан цэргүүд энэ сарын 18-нд халагдлаа. Тэд өнгөрсөн намар хугацаат цэргийн албанд мордоод ийнхүү албаа хааж дуусав. Халагдаж буй залуусыг гэр бүлийнхэн нь хил хамгаалах байгууллагын Цэрэг халах, татах төвд угтан авав. Албаа амжилттай хаасан есөн цэрэгт энэ үеэр “Хилийн төлөө” тэмдэг гардуулж, батламж олгосон юм. Эл тэмдгээр энгэрээ мялаасан түрүүч Б.Алтанбагана “Би Архангай аймгийн Цэнхэр сумаас ирсэн. Хилийн 0108 дугаар ангид албаа хааж дуусаад цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн боллоо. Даргаас тушаал авч, харуулд гарах, манаанд алхах сайхан байсан. Мөн бусдаас үг сонсож сурлаа. Алба хаах үедээ цөөнгүй тэмцээнд оролцсон. Тухайлбал, волейболын тэмцээнд тэргүүн байр, сагсан бөмбөгийнхөд гуравдугаарт, үндэсний бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн амжилттай. Цаашид цагдаа болох төлөвлөгөөтэй” гэв.

Халагдсан цэргүүдэд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид “Халагдах цэргийн вальс”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Хилчний уянга” зэрэг үе үеийн цэрэг эрсийн зүрх сэтгэлд хоногшсон уран бүтээлээсээ энэ үеэр хүргэсэн юм. Хилчдийг үдэх ёслолын дараа тэднийг нэгдсэн журмаар анх татсан газарт нь автобусаар хүргэхээр цэргийн цуваа хөдөллөө. Тэд дурсгалын зураг авхуулж, удахгүй уулзахын ерөөл тавин өөр өөрсдийн чиглэлийн унаандаа суун, гэр гэрийн зүг одов.

ХХЕГ-ын Цэргийн сахилга, албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, хурандаа А.Ууганбилэг “Өнгөрсөн жил цар тахал дэгдээгүй байсан учир II ээлжийн хугацаат цэргийн алба хаагчдыг татах, халах үйл ажиллагааг зохион байгуулсан. Ингэхдээ 20 аймаг, есөн дүүргээс цэрэг татсан юм. Цэрэг халах, татах төвд төвийн бүсийн аймгуудаас ирэх алба хаагчдыг татаж, буцаан хуваарилдаг. Өдгөө халагдаж буй цэргүүдийг нийслэлийн есөн дүүрэг, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Булган зэрэг аймгаас татсан. Зарим аймаг зэргэлдээ орших анги салбар луу цэргүүдээ явуулдаг. Тухайлбал, Өвөрхангай аймгийнхан Өмнөговьд, Дундговийнхон Дорноговьд хуваарилагддаг юм” хэмээлээ.

Бэлтгэсэн: Э.Намуунцэцэг 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)