“Торгоны зам”-ын гурван шатны уралдаан Монголд болно

Монголчуудын шимтэн үзэх дуртай, дэлхийн шилдгүүдийн шандсыг сорьдог уралдааны нэг нь “Торгоны зам”. Дэлхийн цомын ээлжит гараа болох тус уралдааныг “Мастер ралли” нэртэйгээр 1915 онд анх зохион байгуулсан түүхтэй. Улмаар 1995, 1996, 1997 онд ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт явуулжээ. Нэг хэсэг завсарласан ч 2005 онд сэргээсэн тус уралдааны нэрийг нь “Торгоны зам” болгон өөрчилснөөс хойш энэ жил анх удаа ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт зохион байгуулах нь. 

Ерөнхийлөгчийн ивээл доор ирэх сарын 6-16-нд, 4100 орчим км-т болох уралдаанд одоогоор 40 орны 500 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлжээ. “Торгоны зам”-ын уралдаанчид ОХУ-аас гараанаас гарч, Сэлэнгэ аймаг, Төв аймгийн Аргалант, Бүрэн, Дундговийн Мандалговь, Өмнөговийн Даланзадгад сумын нутгаар дайран хурд сорино. Тэгэхдээ уралдааны III-VII шат манай улсад болох юм. 

Гашуунсухайтын боомтоор дамжин БНХАУ-д очих “Торгоны зам”-ын тамирчид Ганьсу мужид барианд орно. Ажлын хэсгийг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд даргалж буй уралдаанд Монголоос мотоциклын ангилалд дөрвөн тамирчин, автомашиныхад дөрвөн баг (найман тамирчин) өрсөлдөхөөр бэлтгэл хийж байгаа юм. Өмнөх жилүүдэд ОХУ, Казахстан, БНХАУ-ын нутагт зохион байгуулсан уралдаанд монгол тамирчдаас хамгийн өндөр амжилтыг Б.Гантулга гаргасан. Тэрбээр тус уралдааныг “Мастер ралли” нэртэй байхад нь буюу 1995 онд VII, дараа жил нь VI байрт шалгарсан юм.

Б.Гансүлд


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)