"Торгоны зам" соёлын наадам Хархоринд эхэллээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас жуулчдад зориулан зохион байгуулж буй “Торгоны зам” соёлын наадам Өвөрхангай аймгийн Хархорин суманд эхэлжээ. Тус арга хэмжээ нь гурван хоног үргэлжлэх юм.

 “ЮНЕСКО”-гийн Торгоны замын хөтөлбөрийн албан ёсны газрын зурагт Монгол улс Хархорин хотоор холбогдсон байдаг бөгөөд Хархорин нь Монголын эзэнт гүрний үед Өрнө, Дорнын худалдаа төвлөрсөн, татвар төлөгчид, элч төлөөлөгчдийн дамжин өнгөрдөг гол суваг болж байсан учир гарцаагүй Торгоны замын хотуудын нэг гэж судлаач, түүхчид үздэг байна.

“Торгоны Зам-Хархорин” арга хэмжээ нь Торгоны зам ба эртний нийслэл Хархорум хот, нүүдэлчдийн түүх, зан заншил, өв соёлыг олон улсын жуулчдад сурталчлах, Монгол Улсын төдийгүй хүн төрөлхтний хосгүй үнэт өвд бүртгэгдсэн Эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Чингис хааны алтан ургийн хаад байгуулан өнөөдрийг хүртэл үнэт чанараа хадгалан ирсэн цөөн дурсгалын нэг болох Эрдэнэ-Зуу хийдийн үнэт өвийг урлаг, соёл, уламжлалт зан үйлээрээ харуулан жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилготой юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)