Тоо төлөөлөгчдийг тохуурхаж, тэд сонгогчдоор “тоглох” вий

Увс аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгч анхдугаар хуралдаанаа хийх гэж хоёр өдөр мунгинав. Уржигдар өглөөнөөс үдэш хүртэл гурван ч удаа цаг зарлаж, хуралдах гэсэн ч товлосон асуудлуудаа хэлэлцэж чадаагүй. Тус аймгийн Засаг даргаар томилогдохын тулд төлөөлөгчдийн 50-иас доошгүйнх нь дэмжлэгийг авсан хүний нэрийг Ерөнхий сайдад уламжлах ёстой. Өөрөөр хэлбэл, хамгийн багадаа 21 төлөөлөгчийн дэмжсэн хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн үг. Гэтэл АН 19, МАН 17 суудал авч, үлдсэн таван мандатыг бие дааж сонгогдсон хүмүүс бүрдүүлээд буй. Иймд АН, МАН-ын аль аль нь Засаг даргад дэвшүүлсэн хүнээ дангаараа дэмжээд “гаргачих” боломж бүрдэхгүй байгаа бөгөөд бие даагчдыг царайчилж сууна. Эх сурвалжийн өгүүлснээр, бие даагч таван төлөөлөгч АН-ыг дэмжих сурагтай.

...Увс аймгийн ИТХ-д АН 19, МАН 17 суудал авч, үлдсэн таван мандатыг бие дааж сонгогдсон хүмүүс бүрдүүлээд буй. Иймд АН, МАН-ын аль аль нь Засаг даргад дэвшүүлсэн хүнээ дангаараа дэмжээд “гаргачих” боломж бүрдэхгүй байгаа бөгөөд бие даагчдыг царайчилж сууна. Эх сурвалжийн өгүүлснээр, бие даагч таван төлөөлөгч АН-ыг дэмжих сурагтай...

Гачлантай нь, өдгөө “түлхүүр” болчихоод буй таван бие даагч нь ердөө сонгуулийн өмнө МАН-ын гишүүн байсан. Ер нь МАН-ын гишүүн байсан 19 хүн тус аймгийн ИТХ-ын энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшсэн юм билээ. Үндсэндээ намаасаа нэр дэвших эрх олж авч чадаагүй, удирдлагатайгаа үл ойлголцсоны улмаас ийм олон хүн бие даан өрсөлдсөн нь сонгуулийн кампанит ажил эхлэх үеэс л анхаарал татсан юм. Санал хураалтын дүн гарсны дараа МАН-ын удирдлага мэдээлэл хийхдээ Увс тэргүүтэй аймагт намынхан нь түнжин хагарч, эв нэгдэлгүй байсны улмаас ялагдсаныг хүлээн зөвшөөрч, холбогдох хүмүүст хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Тэгээд ч “улаан” тойрог гэгддэг, Ардын намынхан өмчилчихсөн мэт, бүх шатны сонгуульд үргэлж илүүрхэж ирсэн Увс аймагт ийм тохуурхам үр дүн гарсан нь тэдний хагарал хэр гүнзгийрснийг харуулж буй хэрэг. Юутай ч энэ өдрүүдэд өнөөх таван төлөөлөгч тун гэдгэр байгаа. ИТХ-ын дарга, Засаг даргаа намаасаа “тавиулахын” тулд бие даагчдаас дор хаяж АН-д хоёр, МАН-д дөрвийнх нь санал хэрэгтэй. Хойшид, магадгүй ирэх сонгууль хүртэл, дөрвөн жилийн турш тэд “үнэрхэж” таарна. Тэр болгонд ийм гацаа үүсэж, төрийн ажил саатан, иргэдийнх нь эрх ашиг хохирно гэсэн үг. Гэхдээ тэд Баянгол дүүргийн ИТХ-д МАХН-аас сонгогдсон төлөөлөгч Э.Магнайбаяр шиг МАН-д элссэнтэй адил улайм цайм “урвачихвал” аливаа асуудал илүү амар шийдэгдэхийг үгүйсгэхгүй.

Үнэндээ Э.Магнайбаяр ч төлөөлөгчдийн тооны зөрүүн дээр л “тоглолт” хийсэн нөхөр. Тус дүүргийн ИТХ 39 мандаттай. Түүнээс АН 16, МАН 20, ХҮН хоёр, МАХН нэг суудал авсан. ИТХ, Засаг даргаа “авах” намд дор хаяж 20 хүний санал хэрэгтэй. Хэдийгээр МАН-аас 20 төлөөлөгч сонгогдсон ч санаа амарч болохгүй. Э.Магнайбаяр шиг “урваж”, саналаа “худалдах” нэгэн МАН-аас гарахад гайхах зүйлгүй. Ийм увайгүй түүхээр манай улс төр улам баяжиж байгаа хойно Ардын намынхан саналаа багцалж, баталгаажуулах нь зүйн хэрэг ч юм шиг. Магадгүй Э.Магнайбаярт АН-аас ч санал тавьсан биз. Түүнчлэн АН, МАН-ын аль аль нь ХҮН-ын хоёр төлөөлөгчид “Манайхыг дэмжээрэй, намд маань элсчих” хэмээн хандсан байхыг ч үгүйсгэхгүй. Аль ч шатанд бусад намтай нэгдэж, эвсэхгүй, худалдагдахгүй гэж ХҮН-ын удирдлага мэдэгдсэн нь ч учиртай биз.

Энэ мэтчилэн ИТХ-ын төлөөлөгчдийн тоо ойролцоо аймаг, дүүрэг цөөнгүй байна. Тухайлбал, Архангай аймгийн ИТХ дахь АН, МАН-ын суудлын тоо ердөө ганц төлөөлөгчийн зөрүүтэй. АН 20, МАН 19 суудал авсан. “Аз” гэх үү энэ хоёр намынхан өөр хоорондоо л “гүйхгүй” бол тэдэнд “худалдагдах” өөр намын төлөөлөл, бие даагч байхгүй. Төлөөлөгчдөөс 50-иас дээш хувийн санал авахад дор хаяж 20 хүний санал хэрэгтэй ч АН-ынхан анхдугаар хуралдааныг хийх хүртэл буюу ирэх сарын 3 хүртэл их л түгшүүртэй байгаа болов уу. Юутай ч АН-ынхан Засаг даргад Д.Золжаргал, ИТХ-ын даргад н.Батжаргалыг нэр дэвшүүлэхээр санал нэгдээд байгаа гэнэ. Д.Золжаргал нь энэ зун УИХ-ын сонгуулиар тус тойрогт нэр дэвшсэн, аймгийнхаа АН-ын хорооны дарга, өнгөрсөн парламент дахь АН-ын бүлгийн Ажлын албыг ахлан ажиллаж байсан юм.

Уг нь Баянхонгор аймгийн ИТХ өнгөрсөн долоо хоногт анхдугаар хуралдаанаа хийгээд, ИТХ-ын даргаараа Э.Энхбатыг сонгож, Засаг даргаар Д.Мөнхсайханыг томилуулахаар Ерөнхий сайдад нэрийг нь уламжлаад буй. Тэд МАН-ынх. ИТХ-ын 41 суудлаас МАН 22-ыг нь авч АН-аас гурван төлөөлөгчөөр илүүрхсэн учраас тус намаас дарга, Засаг даргаа нэр дэвшүүлсэн хэрэг. Гэвч МАН-аас нэр дэвшсэн гурван төлөөлөгчийн бүрэн эрхийг шүүхээс түдгэлзүүлчихэж. Үүнийг УИХ дахь МАН-ын бүлгийнхэн ярилцаж, дарга Д.Тогтохсүрэн “Баянхонгор аймагт ИТХ-ын анхдугаар хуралдааныг 11.00 цагт товлосон байхад 09.00 цагт гурван төлөөлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх жишээтэй. Холбогдох байгууллага нь шалгаагүй байхад бүрэн эрхийг нь шууд түдгэлзүүлчихсэн. Гурван төлөөлөгчийн хувьд буруутай, эсэхийг нь цагдаа, прокурорын байгууллага шалгаж байгаа юм билээ. Улс төрийн үйл ажиллагаанд шүүх хэт оролцож байна гэж УИХ-ын гишүүд саналаа хэлж байна. Ер нь санал хураалтын дүн гарчихаад байхад хууль, шүүхийн байгууллага сонгуультай холбоотой асуудалд хутгалдахаа болих хэрэгтэй” хэмээн мэдээлсэн. Юутай ч шүүхийн эцсийн шийдвэр энэ хэвээрээ байвал, өөрчлөгдөхгүй бол АН, МАН-ын авсан мандатын тоо тэнцэж, нөхөн сонгууль явуулна гэсэн үг. Шүүхийн шийдвэр эцэслэх, цаашлаад нөхөн сонгууль зарлаж, дараагийн төлөөлөгчийг сонгох хүртэл нэлээд хугацаа шаардлагатай. Энэ хугацаанд тэнд чухам ямар гацаа, саад үүсэх бол гэсэн болгоомжлол төрж байгааг нуух юун.

Завхан аймгийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин сонгогдсон нэр бүхий төлөөлөгчийг шалгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхдээ тулаад байгааг ч парламент дахь бүлгийн дарга нь онцолсон. Гэтэл тус аймгийн ИТХ дахь МАН, АН-ын суудал тун ойролцоо. Нийт 41 мандатаас АН 18, МАН 21, МАХН нэг, бие дааж өрсөлдөн сонгогдсон нэг төлөөлөгч бий. Ардын намынхан 50-иас доошгүй хувийг дангаараа дөнгөн данган бүрдүүлж байгаа ч МАХН-ын болон бие даагч төлөөлөгч АН-ыг дэмжвэл эрх баригчид энэ аймагт илүүрхэж чадах, эсэх нь эргэлзээтэй. Цаашлаад МАН-ын төлөөлөгч АН-ыг дэмжиж, “урвахгүй” гэх баталгаа бас үгүй. 2016 онд орон нутгийн сонгуулиар Завханд АН-ынхан олонх болсон тул тэд өрсөлдөгчөө өөртөө татахыг үгүйсгэхгүй.

Баянзүрх дүүргийн ИТХ-д бас л асуудал үүсэж мэдэхээр байна. Өмнөх дөрвөн жилд тус дүүрэгт АН-ынхан МАН-аас цөөн тоогоор илүүрхсэнээс гадна дотроо ойлголцож чадаагүйгээс хэрэлдэж, маргалдахаас хэтрээгүй. Энэ удаа МАН 43 суудлаас 23-ыг нь авч олонх болсон ч тайвширч боломгүй дүр зураг ажиглагдаж буй. ХҮН-ын хоёр ч нэр дэвшигч сонгогдсон бөгөөд АН 18 төлөөлөгчтэй. Хэдийгээр ХҮН аль нэг намтай эвсэж, хамтрахгүй хэмээн мэдэгдсэн ч өнөөдөр тэдэнд бүрэн итгэхэд бэрх. Магадгүй МАН-ын нэг төлөөлөгч “урваж”, ХҮН-ынхан хэлснээсээ буцаж, АН-ыг дэмжихэд л өнөөдрийнхөөс тэс өөр үйл явдал өрнөхөөр байгаа юм. Тоо тохуурхаж, төлөөлөгчид “тоглосон” тэмцлийн хөлд түмэн олон чирэгдэх вий.

Харин Өвөрхангай аймгийн ИТХ-д МАН үнэмлэхүй олонх. Ардын нам 35, АН зургаан суудалтай. Анхдугаар хуралдаанаараа Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдоржийг ИТХ-ын даргаар сонгож, өмнө нь уг албыг хашиж байсан А.Ишдоржийг Засаг даргад нэр дэвшүүлжээ. Гэвч МАН-ынхан нь дотроо түнжин муутай байгаа бололтой. А.Ишдоржийг аймгийн намын хорооны хуралдаанаар дэмжиж, нэр дэвшүүлэхээс өмнө О.Сумъяасүрэн намынхандаа их хэмжээний мөнгө тарааж, саналыг нь худалдаж авахыг оролдсон гэх мэдээлэл ч тархав. О.Сумъяасүрэн нь өмнөх Засаг дарга, өдгөө УИХ-ын гишүүн болсон Г.Ганболдтой ойр дотно болохыг ч эх сурвалжууд тодотгоод амжина лээ. Үнэмлэхүй олонх болчихоод өөр хоорондоо хэмлэлдэж, хэдхэн саналын зөрүүтэйгээр бие биенээ “дэгээдэж”, хорлодог түүх энэ намд бий. Түүнчлэн өрсөлдөгч намаасаа хэдхэн суудлаар илүүрхчихээд, дотроо хөлөө жийлцэн, томилсон Засаг даргаа унагаж, адаг сүүлд нь АН-ын гарт орсон жишээг Сүхбаатар аймгийн Ардын намынхан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд харуулсан. Тиймдээ ч тус аймагт энэ удаагийн УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар АН-ынхан олонх болсон юм. Тэд МАН-ынхны алдаан дээр дөрөөлж, амжилттай кампани явуулсныг амтай бүхэн хэлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)