Тоосон дундааc сүүмийсэн ТОСОН БУМБЫН НУТГААР

Түрүүч нь

- Хуулийн дээгүүр алхдаг хариуцлагагүй уул уурхайн тод жишээ “Саусгоби коэл транс” –

Машин, техник бүү хэл хүн, малын бараа ч тоотойхон Алтайн өвөр говийн буйлс, бударганат хөндий ажин түжин байхаа болиод багагүй хугацааг үдэж байна. Баялагт нь шунасан хайгуулчид, олборлогчид, хатуухан хэлбэл “том гарын нинжа” нар энэ нутгийнхныг амар заяа үзүүлэхээ болив. Ямар сайндаа л энэ нутгийн иргэн “Ядаж байхад манай нутаг “ядаргаатай” баян юм” гэж байх вэ. Нутагт нь баялаг нөөцтэй орд илэрвэл баярлахын оронд айдаг болжээ, монголчууд. Баялгаасаа болоод баларч яваа он жилүүд, хариуцлагагүй уул уурхай ингэтэл нь хашраажээ, иргэдийг.

Алтайн өвөр говийн сав газарт орших Тостын нуруу бол хангайгаас тасалж авчраад говьд тавьчихсан мэт байгалийн үзэсгэлэн цогцолсон гайхамшигтай нутаг. Гурвантэс сумын нутгийн баруун зах, Алтан нурууны зүүн үзүүр энэ нутаг хавтгай, хулан, мазаалай, аргаль, янгир зэрэг дэлхийд нэн ховордсон дархан цаазат амьтан, шилүүс, чоно, ирвэс, мануул, хярс, үнэг, цоохондой, өмхий хүрэн тэргүүт махчин, хар сүүлт, туулай гэх мэт хөхтөн, туурайтны өлгий. Бас ёл, хойлог, тас, бүргэд, хэрээ, ятуу, ногтруу, шар шувуу, сарьсан багваахай, хулан жороо зэрэг 20 гаруй нэр төрлийн жигүүртэн эндхийн цавчим, сүрлэг хадан хясаанд үүрээ засан, өндгөө дарж, өсөж, үрждэг. Ангамал, хуурай говийг амь оруулж, өнгө будаг, хөг эгшиг нэмдэг баянбүрд, булаг шанд энд олон. Дээрх бүхэн харилцан шүтэлцэж, энэхэн хэсгийн экосистемийг бүрдүүлж буй.

Нэг нь алга болбол бусдадаа нөлөөлөх туйлын эмзэг экосистемийг хамгаалах зайлшгүй шаардлагатай хэмээн эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагынхан сануулсаар, улсын тусгай хамгаалалтад авхуулахын төлөө ажилласаар ирсэн энэ нутагт “Саусгоби коэл транс” компани нүүрсний уурхайгаа аль хэдийн нээж, олборлолтоо эхлүүлээд буй. Сум, аймгийн удирдлага Тост, Тосон бумбыг тусгай хамгаалалтад авахаар 2009-2010 оноос хойш уйгагүй зүтгэж, арай гэж УИХ, Засгийн газрын шийдвэр гаргуулсан ч нүүрсний уурхай ажиллах талбайг хамгаалалтын бүсийн гадна үлдээчихсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэгвэл энэ удаа тэнд үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби коэл транс” компанийн нүүрсний уурхай хэрхэн хариуцлагагүй ажиллаж, хууль дүрэм зөрчиж буй талаар хүргэе.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ШАЛГАЛТААР 31 ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

“Саусгоби коэл транс” компани Тостын нурууны өвөр бэлд 2017 оны долдугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хяналт тавих ёстой орон нутгийн холбогдох байгууллагууд тус компанид “Үйл ажиллагааны талаарх мэдээлэл, тайлан, төлөвлөгөөгөө ирүүлээч” гэсэн хүсэлт хүргүүлсэн ч ямар нэг хариу өгөөгүй, уулын ажлын төлөвлөгөө, нөөцийн тайлан, ТЭЗҮ-ээ ирүүлээгүй гэнэ.

Орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллага уурхайн үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ биелүүлж, шалгалт хийн, зөрчил, дутагдал илрүүлсэн ч “том ар”-тай компани тэдний шаардлагыг юман чинээ тоодоггүй, биелүүлдэггүй талаар мэргэжилтнүүд зовлон тоочиж байлаа. Хамгийн сүүлд өнгөрсөн сарын 5-нд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт шалгалт оруулж, 31 зөрчил илрүүлжээ.

Тухайлбал, геологи, уул уурхайн хяналтаар олборлосон нүүрснийхээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг (2019 оны нэгдүгээр улирлын) тооцож, бүрэн төлж барагдуулаагүй, уулын ажлын батлагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй, уул уурхайн график зураг, бичиг баримтыг стандартын дагуу гүйцэтгээгүй, орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй зэрэг зөрчил илэрчээ.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг үнэн зөв, бодит байдлаар тооцон мэргэжлийн хяналтын албанаас баталсан маягтын дагуу улирал тутам гаргаж өгөөгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн “Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээдээс бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлож, худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны хоёрдугаар сарын 10-ны дотор ирүүлнэ” гэснийг зөрчсөн аж.

Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй хэн боловч уулын ажлын батлагдсан зураг төслийн дагуу ажиллах үүргийг Газрын хэвлийн тухай хуулийн “Ашигт малтмал олборлох аж ахуйн нэгж, байгууллага батлагдсан зураг төсөл, уулын ажлын төлөвлөгөө, техник ашиглалтын журмын дагуу газрын хэвлийг ашиглана” гэсэн заалтаар хүлээдэг. Харин “Саусгоби коэл транс” компанид энэ хамаагүй бололтой.

Уул уурхайн график зураг, бичиг баримтыг стандартын дагуу гүйцэтгээгүй нь Газрын хэвлийн тухай хуулийн “Ашигт малтмалын ордод хийвэл зохих, гүйцээх болон ашиглалтын хайгуул, геологийн бусад ажил, түүнчлэн ашиглалтын геологи, маркшейдерийн ажлыг бүрэн гүйцэтгэж, техникийн зохих баримт бичгийг гүйцэд хөтлөх” гэсэн заалтыг зөрчиж буй аж.

Мөн байгаль орчны хяналтаар 2018 оны ус ашиглах дүгнэлтэд ил уурхайд орж ирэх усыг тусгаагүй үйл ажиллагаа явуулж, ус ашигласан, 2019 онд ус ашиглах дүгнэлтгүй, зохих байгууллагын зөвшөөрөлгүй олборлолт явуулж буйг илрүүлжээ. Энэ нь Усны тухай хуулийн “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаад улсын хуулийн этгээд нь тодорхой зориулалт, хугацаа, болзол нөхцөл заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглах эрхтэй байна. Ус ашиглуулах дүгнэлт, холбогдох зөвшөөрөлгүйгээр ус ашиглах, дур мэдэн цооног гаргахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж буй аж.

Худгийн энгийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн тэмдэг, тэмдэглэгээ тавиагүй, мод бут сөөг тариагүй, хог хаягдал, бохирдол ихтэй байгааг шалгалтын дүгнэлтэд дурджээ. Усны тухай хуульд “Усны нөөцийг хомстох, бохирдлоос хамгаалах, үер усны гамшгаас сэргийлэх зорилгоор усан сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно” хэмээн заасан байдаг. Аюултай хог хаягдал болох шатах, тослох материалыг устгах тээвэрлэх эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулах актаар тухай бүр хүлээлгэн өгөөгүй, ахуйн хог хаягдлаа түр хадгалах цэгтээ ангилан ялгалгүйгээр шатаасан, хог тээврийн гэрээт компанидаа ачуулаагүй нь Хог хаягдлын тухай хуулийг зөрчиж буй юм.

Уурхайгаас Нарийнсухайт, Шивээхүрэн чиглэлийн болон кемп хоорондын авто замаас тоос их хэмжээгээр дэгдэж, хүн, мал, амьтан, ургамлын бүрхэвчид үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээ аваагүй, газрыг элэгдэл, эвдрэл, доройтолд оруулж, шатах, тослох материалаар хөрс бохирдуулсан нь шалгалтаар илэрчээ.

Уг компани байгальд ээлгүйгээс гадна хүнд ч бас ээлгүй аж. Аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагынхан хөдөлмөрийн харилцааны хяналтын чиглэлээр ч цөөнгүй зөрчил илрүүлжээ. Тодруулбал, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, нэмэгдэл хөлсийг хуульд заасны дагуу олгодоггүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй орон тоо тутамд төлөх төлбөрөө төлөөгүй зэргээр Хөдөлмөрийн тухай хууль, Засгийн газрын холбогдох тогтоолуудыг зөрчсөн байсан аж.

Түүнчлэн “Саусгоби коэл транс” компанийн уурхайд 482 хүн ажиллаж, амьдрах байрыг ТЭЗҮ-д тусгасны дагуу барьж, байгуулаагүй, захиалагч болон туслан гүйцэтгэгч “Топ ган майнинг”, “Готик голд майн” компанийн барьж буй ажилчдын амрах, хооллох газрын барилга байгууламж нь мэргэжлийн байгууллагын батлагдсан зураг төслийн дагуу бус, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа аж.

Авто тээврийн хяналтаар бараа, бүтээгдэхүүнийг экспортод гаргахдаа ашиглаж буй тээвэрлэлтийн маршрут чиглэлийг батлуулаагүй, тээвэрлэгч аж ахуйн нэгжтэй тээвэрлэлтийн гэрээ байгуулаагүй, уурхайн олборлолтын үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэж байгаа туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн машин механизмд засвар үйлчилгээ хийх зориулалтыг барилга байгууламж, зогсоол нь стандартын шаардлага хангахгүй, уурхайд ажиллаж буй машин механизмд түлш цэнэглэх зорилгоор ашиглаж байгаа тээврийн хэрэгсэлд зогсоолыг тусад нь хийгээгүй, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулаагүй, засвар үйлчилгээний зориулалттай эхлүүлсэн барилга байгууламж нь батлагдсан зураг төсөлгүй, түлш зөөврийн, хүн тээврийн зориулалтаар ашиглаж байгаа тээврийн хэрэгслүүдийг техникийн хяналтын үзлэгт хамруулаагүй, машин механизмын техникийн үйлчилгээ, засварын ажил төлөвлөлтгүй, зохион байгуулалт нь шаардлага хангахгүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Авто замын хяналтаар нүүрсний уурхайгаас Нарийнсухайт, Шивээхүрэн чиглэлийн авто замтай нийлэх 32.9 км сайжруулсан шороон замаар нүүрс тээвэрлэж байгаа нь Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны хоёрдугаар сарын 21-ний 28 дугаар тушаалыг зөрчиж буй гэжээ.

Засгийн газрын хоёр ч удаагийн шийдвэрээр тусгай зөвшөөрлийн талбайгаа хамгаалалтын гадна үлдээж чадсан “Саусгоби коэл транс” хэмээх компани ийнхүү хариуцлагагүй уул уурхайн тод жишээ болж, хууль журмыг уландаа гишгэн, олборлолтоо үргэлжлүүлж байна. Эхнээсээ ийм янзтай байгаа компани цаашид “хүмүүжиж”, хуулийн дагуу ажиллан, байгаль орчинд халгүй, хариуцлагатай үйл ажиллагаа явуулах болов уу.

Үргэлжлэл бий.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)