​Тоосонцорт “хайр зарласан” тооцоогүй стандартын хохирогч нь бид


Өмнөх засаг, сайдын үед ингэж алдсан. Бид түүнийг нь давтахгүй. Арай өөр замаар агаарын бохирдолтой тэмцэнэ” гэсэн зоримог зүйл ярьж гарч ирээд л өнөөх зуух, утаа шүүгч, сайжруулсан түлштэй зууралдаж, хэдэн тэрбумаар нь мөнгө хийсгэдэг үе үеийн БОАЖ-ын сайд нарын ам, ажлын зөрүү, Орчны бохирдол бууруулах үндэсний хороо, “Цэвэр агаар” сан, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас утаатай тэмцэх нэрийдлээр өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд бидэнд юу өгснийг Үндэсний аудитын газрынхан бодитоор үнэлж дүгнэснээ өнгөрсөн долоо хоногт танилцуулав.

Нэгдмэл зорилготой ч нийцэж авцалддаггүй дээрх байгууллагуудын үйл ажиллагаанд тэд муу дүн тавилаа.

“Уялдаагүй, тооцоололгүй, хуумгай, үрэлгэн, хяналт, хариуцлагыг орхигдуулсан” гэж дүгнэсэн. Тиймээс “Утааг 50-60 хувь бууруулна” гэж том дуугарахын оронд энэ мэт алдаа дутагдлаа яаралтай засахыг анхааруулж, БОАЖ-ын сайд, нийслэлийн Засаг дарга, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын чихнээс том гэгч хонх уясан юм.

Үндэсний аудитын газрынхны ярьсан зүйлсээс манайхан хөрөнгө санхүүтэй холбоотой мэдээллийг нь өлгөн авч, нийгэмд түгээж байна. Манай улс агаарын бохирдлыг бууруулахад 2008-2016 онд улсын төсвөөс 164.1 тэрбум төгрөг, гадаадаас 153.3 сая ам.долларын зээл, буцалтгүй тусламж авч зориулсан гэж аудиторууд онцлов.

Найман жилийн хугацаанд хийсэн ажлыг дүгнэсэн тайлан гэдэг утгаараа аудиторуудын амнаас унах үг олны анхаарлыг татсан ч утаанд “залгиулсан” мөнгөний тухай мэдээлэл шинэ байсангүй.

Жирийн иргэнээс эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байнга энэ тухай (үр ашиггүй зарцуулалт) хөндсөөр ирсэн. Харин Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын захирал Л.Одгэрэлийн “БОАЖЯ-тай холбоотой зөрчил гарсан. Агаарын бохирдлын хэмжээг дэлхийн стандартаас доогуур тогтоосон байна.

Ялангуяа тоосонцрын хэмжээ хүлцэх хэмжээнээс хоёр дахин доогуур байхаар тусгажээ” хэмээх гурван өгүүлбэр эрхгүй анхаарал татав. “Ер нь манай улсын агаарын чанарын үзүүлэлт ямар байдаг бол. Утаанаас “бие”-д нуугдан, иргэдийг хордуулдаг бодисуудыг бид бодитой хэмжиж, үнэлж чаддаг уу” гэсэн асуулт эндээс урган гарлаа.

ХОРТ БОДИСУУДЫГ “НУУЧИХДАГ”

Бидний олонх нь “Утаа арай дэндлээ, угаартаж үхэх нь. Хорт хийн баг зүүе” гэж жилийн жилд гомдоллохоос цаашгүй. Сүйхээтэй, техник, технологид дөртэй зарим нь аgaаr.mn сайт, ухаалаг утасны аппликэйшн зэргийг ашиглаад, агаар хэр зэрэг бохир байгааг мэдчихдэг.

Гэвч иргэд чухам ямар төрлийн хорт бодис хэр хэмжээгээр ялгарсан, тэр нь агаарын чанарын үзүүлэлтийг давсан, эсэхийг тэр бүр мэддэггүй. Их, бага гэсэн хэмжүүрээр л тодорхойлдог. Эдгээр үзүүлэлт (хорт бодисын)-үүдийг нэгбүрчлэн үнэлж, иргэдэд цаг алдалгүй мэдээлэх зорилготой суурин харуул, автомат төхөөрөмж манай улсад одоо 45 байгаа ч тэдгээр нь үүргээ бүрэн гүйцэтгэдэггүй, “гажигтай” нь шалгалтаар ил болжээ.

“Манай улс агаарын чанарыг 2008 онд зөвхөн хүхэр болон азотын давхар ислийн үзүүлэлтээр хэмждэг байсан бол 2010 оноос нарийн, бүдүүн ширхэгт тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озоны тархалтаар үнэлэх болсон.

Хамгийн харамсалтай нь, хүний биед хамгийн их хор нөлөө үзүүлдэг хар тугалга, цайр, зэс, кадми зэрэг хүнд металлыг хэмждэггүй” хэмээн аудиторууд ярилаа. Дэлхийн орнууд агаарын бохирдлын зэргээс үл хамааран эдгээр аюулт “этгээд”-ийг байнга хэмждэг аж. Гэтэл манайхан “нуучихдаг” юм байна.

ДЭЛХИЙН СТАНДАРТААС ХОЁР ДАХИН ИХ ТООСОНЦОРТОЙ

Агаар бохирдуулагч олон төрлийн бодисоос хордуулж, өвчлүүлэх чадлаараа хүнд металлын дараа ордог хортой нэгдэл бол PM2.5, PМ10 буюу бидний нэрлэж заншсанаар нарийн, бүдүүн ширхэгт тоосонцор. Тиймээс улс бүр ДЭМБ-ын зөвлөмжид тулгуурлан, тоосонцрын хүлцэх хэмжээг тогтоож, стандартад тусгасан байдаг.

Манай оронд одоо мөрдөж байгаа Агаарын чанарын стандартаар бол нэг шоо метрт агуулагдах нарийн ширхэгт тоосонцрын хүлцэх хэмжээ 24 цагт дунджаар 50, бүдүүнийх нь 100 мкг. Гэтэл тус стандартад тусгасан нарийн ширхэгтэй тоосонцрын хүлцэх хэмжээ ДЭМБ-ын зөвлөмж, олон улсад тогтоосон стандартаас хэт давсан байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Манайхан “анзааралгүй” өдий хүрчихэж гэнэ.

Нэг шоо метрт агуулагдах нарийн ширхэгт тоосонцрын хүлцэх хэмжээг ДЭМБ-аас 25 мкг гэж тогтоожээ. Гэтэл манайх 50 мкг буюу үүнээс хоёр дахин доогуур стандарт тогтоочихож. Доогуур гэх үг уншигчдыг төөрөлдүүлж магадгүй юм.

Өөрөөр хэлбэл, манай агаарын бохирдол хариуцсан байгууллагууд “Дэлхийн стандартаас хоёр дахин их тоосонцор (нарийн ширхэгт)-той агаараар амьсгалах дархлаа, тэсвэр монголчуудад бий” гэж “өвчигнөөд”, түүнийгээ стандартад тусгасан болж таарах нь.

Орчны бохирдол харьцангуй багатайд тооцогдох Канад, Австрали, БНСУ-д ч нарийн ширхэгт тоосонцрын хүлцэх хэмжээ ихдээ 25-30 мкг байдгийг “Цэвэр агаар” сан болон 2008-2016 онд агаарын бохирдол бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийсэн ажлын үр дүн” тайланд дурджээ.

Үндэсний аудитын газрынхан “БОАЖЯ агаарын бохирдлын хэмжээг дэлхийн стандартаас доогуур тогтоосон” гэж цоллосон нь ийм учиртай байж. Тэд БОАЖ-ын сайдад хаягласан мэдэгдэлдээ энэ тухай тодорхой тусгаж, алдаагаа засахыг анхааруулав.

Харин БОАЖ-ын сайд болон түүний ахалдаг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхноос энэ чиглэлээр ямар ажил хийх гэж буйг нь асуухад “Төсөв батлагдаад, хэрэгжүүлэх ажил тодорхой болтол бид ямар нэг мэдээлэл өгөхгүй” гээд янзгүй дуугарч байлаа.

ЭРДЭМТДЭЭ СОНСЪЁ, ГЭХДЭЭ УЧИРТАЙ

Сүүлийн үед энэ үг бараг бүх л салбарт уриа болоод буй. БОАЖ-ын сайдаасаа эхлээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь ч “Үр ашиггүй зардал гаргахгүйн тулд шинжлэх ухаанч шийдэл хэрэгжүүлье” хэмээгээд эрдэмтэн, судлаачдыг утаа бууруулах ажилд дайчлахаа хэдэнтээ мэдэгдсэн. Эрдэмтдийн санаа, шийдэл мэдээж чухал. Гэхдээ судлаач хүн бүхнийг мэддэг, чаддаг гээд санаачилж сэдсэн бүхнийг дэмжих нь өрөөсгөл гэдгийг батлах баримт цөөнгүй байна. Эрдэмтдээс “үүдэлтэй” бүтэлгүй туршилт (огт үр дүн өгөөгүй, сураггүй болсон төсөл, судалгаа)-д ч өнгөрсөн хугацаанд чамгүй мөнгө хийсгэснийг Үндэсний аудитын газрынхан шалгалтаараа ил болгожээ. Тэдгээрээс заримыг нь онцолъё.

  • Математикийн хүрээлэнгийнхэн “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад нөлөөллийн үнэлгээ ба төлөвийн математик загварчлал” боловсруулахад 30 сая төгрөг зарцуулжээ.
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийнхөн “УБ хотын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний нөөцийн судалгаа, дүгнэлт, агаарын бохирдлыг бууруулах түүнийг ашиглах мастер төлөвлөгөө”-нд 29.9 сая төгрөг зарцуулсан байна.
  • ЭМШУИС (хуучнаар)-ийнхан “Хот суурин газрын агаарын бохирдлын хүн амын эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөлөл”-ийг судлахад 143, МУИС-ийн Цөмийн судалгааны төв “Дулааны цахилгаан станцуудын үнсэн сангийн найрлага, агуулалтыг тодорхойлох судалгаа”-нд 14 сая төгрөг “хийсгэсэн” аж.
  • Манай ШУА-ийнхан, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбартай хамтран “Улаанбаатар хотын үйлдвэрлэлийн болон автомашины хаягдлаас хамаарсан агаарын бохирдлын загварчлал“-ыг боловсруулахад 30 сая төгрөг үрэн таран хийжээ.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр сүүлийн найман жилд хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнг зах зухаас нь танилцуулахад ийм байна. Харин одоо иргэдэд “Монголын төр, засаг энэ өвөл, ирэх онд юу хийх бол” гэсэн хүлээлт үүсээд буй.

Цахилгаанаар ажилладаг индукцэн шүүлтүүр гэр хорооллынхонд олгохоор Хятадын “Наier” группийнхэнтэй “гар, хөл барилцаж”, бүтээгдэхүүнийг нь зах зээлд юу юугүй нийлүүлэх гэж байгаагаа сүртэй гэгч мэдэгдсэн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны санаачилга “унаж”, энэ ажилд төсөвлөсөн 54 тэрбум төгрөгийг улсын төсвөөс хассан.

Үүнд иргэдийн шүүмжлэл гол нөлөө үзүүлсэн. Тэгвэл тус хорооныхон уурын зууханд шүүлтүүр суурилуулах, 22.5 тэрбум төгрөгийн төсөвтэй төсөл нь дахин үгүйсгэгдэх вий хэмээн ихээхэн болгоомжилж, юун агаарын чанарын стандартаа “эргэж харах”, шинэчлэх манатай байгааг эх сурвалж хэллээ. Улаанбаатарын утаанд дэлхийн стандарт үйлчилдэггүй, мэргэжилтнүүд нь түүнийг мэддэггүй бололтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)