Тооройн тархцын зүүн хязгаар нь Өмнөговь биш, Дорноговь гэв

Говь, цөлийн элсэрхэг хөрсөнд, эсвэл уулын хавцалд булаг, шандтай ойр чийглэг орчинд ургадаг, гол тархац нь Өмнөговь, Ховд, Говь-Алтай аймгаар хязгаарлагддаг тоорой мод манай улсын “Улаан ном”-д нэн ховор ангилалд бүртгэлтэй. Улиасны төрлийн энэ мод нь манай улсад 53 мянга бий гэж судлаачид тогтоосон бөгөөд ихэнх нь говийн баян бүрдийн хүрээлэлд (эргэн тойронд) багтдаг гэнэ.

Монголын “Улаан ном” болон ургамлын бүртгэл, судалгааны бусад ном, товхимолд тоорой модны тархцын зүүн хязгаарыг Өмнөговь аймгийн Номгон сум хэмээн бичиж, тэмдэглэсэн байдаг. Манай ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэд энэ бүртгэлийг ташаа гэж үзэв. Тодруулбал, археологичид Дорноговь аймгийн Мандах сумын нутагт 200 гаруй тооройтой төгөл байгааг илрүүлж, ургамал судлаачдад мэдээлжээ. Түүхийн ухааны доктор, археологич Ц.Төрбат энэ тухай “Улаан ном”-д орсон ховор модны том төгөл үзэх завшаан тохиолоо. Хоёр өөр навчтай тун өвөрмөц ургамал юм” хэмээв.

Тоорой нь 6-8 метр өндөр ургадаг. Навчны хэлбэр нь олон янз байдгаараа онцлог. Нэг зүйлийн бургас, найман зүйлийн улиасныхтай ижил хэлбэртэй навч энэ модонд ургадаг учраас цэцэглэх үедээ саглагар, үзэмжтэй харагддаг аж. Ташрамд дурдахад, Өвөр монголын Алшаа аймгийн Эзнээ хошуунд тоорой үзэхээр олон зуун жуулчин намар зорьж очдог учраас нутгийнхан энэ төгөлдөө түшиглэн баярын арга хэмжээ зохион байгуулах болжээ.