Тоогоор товчхон ярина

14 сая-Германы Нердлинген хотыг 14 сая жилийн өмнө дэлхий дээр унасан солирын тогоон дотор байгуулснаараа онцлог.

10.000-Канадын Зам, тээврийн хуулиар бол хурд хэтрүүлсэн жолоочийг 10.000 канад доллар буюу барагцаагаар 16 сая төгрөгөөр торгодог аж.

1-Италийн зарим банк, тэр дундаа “Credito Meiliano”  бяслагийг зээлийн баталгаа болгохыг зөвшөөрсөн талаар дэлхийн хэвлэлүүд өнгөрсөн долоо хоногт онцлон мэдээлж байлаа. Гэхдээ зөвхөн пармежано-режано гэсэн ганц л сортын бяслагт ийм давуу эрх эдлүүлэх гэнэ.

7000-Америкийн Хүнс болон эмийн бүтээгдэхүүний чанарын хяналтын газраас боловсруулсан хуулийн төсөл батлагдаж чадвал 2018 оноос транс тосыг хүнсэнд хэрэглэхийг хориглох юм байна. Хайлах хэмийг  нь нэмэгдүүлэх зорилгоор ургамлын тосыг тусгай боловсруулалтад оруулаад гаргасан маргарин зэрэг бүтээгдэхүүнийг транс тос гэж тодорхойлдог аж. Ингэж бэлтгэсэн тос хямдаас гадна ууршилт багатай зэрэг давуу талтай ч хүний зүрх, судасны үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй болохыг мэргэжлийнхэн баталжээ. ДЭМБ-ын шинжээчдийн мэдээлснээр Британид жил бүр  транс тосны улмаас 7000 хүн зүрх, судасны эмгэгтэй болдог гэнэ.

15.500-АНУ-ын армид одоогийн байдлаар ижил хүйстэн 15.500 залуу алба хааж байгаа талаар 28 настай Шейн Ортега өнгөрсөн мягмар гаригт мэдээлж, бөөн шуугиан дэгдээжээ. Түрүүч цолтой тэрбээр инстаграмдаа өөрийн зургийг оруулж, ижил хүйстэн гэдгээ илчлээд, надтай адил олон мянган хүн мөр зэрэгцэн алба хааж байна гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)