Тонн цементийн үнэ 280 000 төгрөг болжээ

Бидний нэрлэж заншсанаар Гурвалжингийн гүүрний орчимд барилгын материал борлуулдаг цэг, үйлчилгээний төвүүд бий. Тэнд өнгөрсөн баасан гарагт уг түүхий эдийг зарж байсан хоёр цэг, мөн гүүр лүү өгсөх зам дагуулан ууттай цемент өрөн, борлуулж буй 2-3 иргэн байсан юм. Энд нэг уут буюу 40-50 кг-ыг нь 15 000, тонноор нь авбал 280 000 төгрөгөөр зарж байв. Энэ нь цементний үнэ нэг сарын хугацаанд тонн тутамдаа 100 000-120 000 төгрөгөөр өссөн дүн аж. Гэсэн ч хоёр тонноос илүүг тэндээс худалдан авахаар бол 2-3 өдрийн өмнө борлуулагчдад нь хэлж, захиалгаа өгөхгүй бол олдохгүй гэдгийг дуулгасан. Цементийн үнэ ингэж огцом өссөн талаар жижиглэнгийн борлуулагч Б.Тунгалаг “Ер нь дулаарч, барилгын ажил ихсэх үед бүх материалын үнэ өсдөг. Бид өдөрт 1-3 тонныг худалдан авч, жижиглэнгээр зарж ашиг олдог. Үйлдвэрүүдээс нь өөрсдийн унаа тэргээр, эсвэл вагоноор бөөнөөр нь авчирч борлуулдаг хүмүүсээс авдаг гэсэн үг. Нэг уут тутмаас нь 2-3 мянган төгрөгийн л ашиг олдог. Энэ хавар цемент их эрэлттэй байгаа тул хурдан зарагдаж байна. Магадгүй цементний үйлдвэрүүд хорио цээрийн улмаас зогсонги байдалд орж, бүтээгдэхүүнийх нь хэмжээ багассан байх” гэв.

Тэгвэл “Мак евро цемент” болон Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрийнхэн бүрэн хүчин чадлаараа, зогсолтгүй ажиллаж буйгаа хэллээ. “Мак евро цемент”-ийн маркетингийн албаны ажилтан н.Лувсандагва “Манай үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилийнхээс өсөөгүй. Задгайгаар нэг тонныг нь 148 500, савласныг нь 155 600 төгрөгөөр борлуулж байгаа. Үйлдвэрийн хүчин чадал доголдоогүй, нийлүүлэлт буураагүй. Харин манайхаас их хэмжээгээр худалдан авч, үнийг нь өсгөн жижиглэнгээр борлуулж буйг үгүйсгэхгүй” хэмээн ярив. Хөтөлийн “Цемент шохой” компанийнхан ч цахим хуудсаараа дамжуулан бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөөгүй, хүчин чадлаа бууруулаагүй талаар мэдээлжээ.

Манай улсад сүүлийн 10 жилд хот тэлж, гэр хорооллыг орон сууцжуулах олон хөтөлбөр хэрэгжүүлж буйтай холбоотойгоор барилгын салбар эрчимтэй хөгжин, барилгын тоо огцом нэмэгдсэн. Тухайлбал, 2010 онд барилгын нийт үйлдвэрлэлийн хэмжээ 460 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байсан бол 2017 онд 3.2 их наядад хүрч огцом өсжээ. Харин 2018 онд бага зэрэг буурч 2.9, өнгөрсөн жил 2.8 орчим их наяд төгрөгийн орон сууц, барилгыг зах зээлд нийлүүлсэн аж. Энэ хэрээр тухайн салбарын хүний нөөц, ашиглаж буй түүхий эд, материалын хэмжээ өссөн гэсэн үг. Сүүлийн гурван жилд манай улсад цемент үйлдвэрлэлийн чиглэлээр “Мак евро цемент”, “Монцемент”, Хөтөлийн “Цемент шохой”, “Мөнхийн баянгал”, “Налгар түшиг” зэрэг томоохон таван компани үйл ажиллагаа явуулж буй гэнэ. Тэд эрэлт, борлуулалтаа харгалзан хүчин чадлынхаа 30-40 хувийг л ашиглаж байгааг Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.Лхагвардорж дурдлаа. Тэрбээр “Манайд цемент үйлдвэрлэгч голлох таван компани 2017 онд 939 000 тонныг үйлдвэрлэн, нэг тонныг нь 150 000-170 000 төгрөгөөр борлуулж байсан. 

Тэгвэл 2018, 2019 онд 1.2-1.3 сая тонныг мөн дээрх үнээр зах зээлд нийлүүлсэн. Манай холбоо Барилга, хот байгуулалтын яам, үйлдвэрлэгчидтэй хамтран ажилладаг бөгөөд барилгын материалын үнэ, ханш, эрэлт, нийлүүлэлтийн мэдээллийг нэгтгэн, олон нийтэд хүргэдэг. Үйлдвэрлэлийн хэмжээ буураагүй, нийлүүлэлтийн ханш тогтвортой шахам байхад зах зээлд жижиглэнгийн үнэ өсөн, эрэлт үүсээд байгааг хэрхэн тайлбарлахыг мэдэхгүй байна. Магадгүй дулааны улирал ирж айл өрхүүд, иргэд хашаа, зусландаа байшин барихаар шамдан, барилгын материалын захад олноороо очин, эрэлт үүсгэсэн байж болох юм. Түүнээс барилгын томоохон компани, группүүд бүтээгдэхүүний хомсдолд өртөөгүй. Үүнээс гадна цемент импортлохыг бүрэн хориглоогүй тул ялангуяа урд хөршөөс манайхан бүтээгдэхүүн оруулж ирэх нь хэвээр байсан. Харин хорио цээрийн улмаас импортын цементийн худалдаа зогсонги байдалд орж, жижиглэнгээр худалдан авагчдад эрэлт үүсгэсэн байх” гэлээ.

Эндээс харахад үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөн, нийлүүлэлтийг хязгаарлаагүй гэдгээ илэрхийлсээр байна. Гэхдээ цементийг 1-3 тонноор худалдаг авдаг, жижиг үйлдвэрлэгчид, туслан гүйцэтгэгчид түүхий эдийн үнэ өссөн, эрэлт нэмэгдсэн хэвээр байгаад сэтгэл дундуур байж, зургадугаар сараас дээрх үнэ дахин нэмэгдэх магадлалтай хэмээн шүүмжилж, үүнийг тогтвортой байлгахад анхаарал хандуулах хэрэгтэй гэж байлаа.

Бэлтгэсэн: С.Дулам 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)