Том өрөөгүй Төрийн ордон

Хулгайч “Хулгайчийг бариарай” гэж өөрийгөө илчилдэг гэдэг шиг Засгийн газраа унагахаар санаа шулуудаж, санал гаргасан гишүүд өнгөрөгч өдрүүдэд нууц биш нууцаа “дэлгэв”.

Ардын намынхан Засгийн газраа унагах хүртэл хэн нь ямар хөдөлгөөн хийх бол гэж хоёр талд бие биенээ анаж суусан. Засгийн газраараа оролдох хэрэггүй, тогтвортой байлгах ёстой гэсэн байр суурь баримтлагчид нь Төрийн ордны гуравдугаар давхарт, бүлгийн дарга Д.Хаянхярваагийн өрөөг “оффис” болгож байсан бол эсрэг саналтайнууд нь дөрөвдүгээр давхрын мухар руу гүйлдэж байлаа.

Мухрын тэр өрөө Шадар сайд У.Хүрэлсүхийнх. УИХ-ын гишүүн бус түүний өрөөнд “эсэргүү” гишүүд төвлөрч байсан нь Засгийн газраа унагах сонирхлын ард хэн, юу нуугдаж байна вэ гэх зарим хардлага, таамаглалыг тодотгож орхилоо.

Гишүүн Ж.Энхбаяр харин “Гучин хэдэн хүн уулзаж, ярилцахад тохиромжтой том өрөө Шадар сайдынхаас өөр байхгүй” гэх тайлбар хийнэ лээ, хүүхэд хуурч байгаа юм шиг. Тэгвэл Төрийн ордонд нэмж том өрөө хэд хэдийг гаргах хэрэгтэй бололтой. Уг нь Байнгын хороо даргалдаг гишүүдэд том өрөө ногддог юм сан. Үгүйдээ л хэдэн арван хүн хуралдах боломжтой том танхимуудад ч толгой хоргодох боломж байсан л даа, тэдэнд.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)