Том оврын автобусны жолооч хүний аминд хүрлээ

Сүүлийн үед авто осол олноор гарах боллоо. Ялангуяа, том оврын автобуснууд осол гаргах нь ихэслээ. Өнгөрсөн баасан гаригийн 23.00 цагийн орчимд Төв шуудангийн эсрэг талын Ардчилсан намын хуучин байрны хажуугийн гарцан дээр том оврын автобус хурд хэтрүүлэн, гарцаар гарч байсан хүмүүсийг ташраар нь мөргөснөөс нэг хүн газар дээрээ нас барж, хоёр хүний биеийн байдал муу байна. Тэднийг Яаралтай тусламжийн эмч нар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэжээ. Хүнд гэмтэл авсан хоёр хүний нэг нь 38 настай бельги эмэгтэй аж. Тэрбээр сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа бөгөөд эх орондоо эмчлүүлэх хүсэлтэй байгаа тул онгоцоор зорчих ээлжээ хүлээж байгаа гэнэ. Түүний ухаан санаа хэвийн байгаа ч дунд чөмөг нь хугарсан байна. Бид тэр өдөр осолд орсон 37 настай Э-тэй уулзаж болсон явдлын талаар тодруулав.

-Бие тань ямар байна. Тэр өдөр та хаа хүрч явсан бэ?

-Ленин клубээс баруун тийш гарцаар гарч явсан. Машинууд зогссон байсан. Гэтэл гэнэт баруун талаас автобус маш хурдтай орж ирсэн. Аль чиглэлийнх байсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан сүүлийн үеийн ягаан автобус байсан. Хүн орилох дуунаар сэргэсэн. Одоогоор толгой их өвдөж байна. Аарцагны яс хугарсан. Автобус баруун талаас мөргөж, толгой хагарсан.

-Тантай хамт хэд хэдэн хүн гарцаар гарч байсан гэсэн?

-Тиймээ. Нэг ах газар дээрээ нас барсан гэж дуулсан. Бас нэг гадаад хүн надтай хамт эмнэлэгт хүргэгдсэн. Түүнтэй хамт явсан гадаадынхны нэг нь намайг сэргээсэн байсан.

-Таныг гэмтээсэн тэр жолооч холбоо барьсан уу?

-Би ирээд хоёр хоног хэвтлээ. Жолооч ч, автобусны компани ч таг чиг. Тэдэнд хүн чанар алга бололтой. Эрүүл саруул явж байсан хүнийг эрэмдэг зэрэмдэг болгочихоод ядаж утсаар ч яриагүй. Би их гомдолтой байгаа. Ер нь хараад байхад сүүлийн үед жолооч нарын ихэнх нь 20 гаруй насны хүүхдүүд байдаг болж. Давхих дуртай, онгироо, болгоомжгүй. Тэд зорчигчоо булаацалдаж, мах ачсан юм шиг л давхидаг. Үүний цаана өчнөөн жирийн иргэн хохироод үлдэж байна. Би л гэхэд урьдынх шигээ алхаад явах чадваргүй болчихлоо. Өнөөдрөөс тархиа компьютерт харуулна. Өөр ямар гэмтэл гарч ирэхийг хэлж мэдэхгүй байна гэв. Ийнхүү анхаарал болгоомжгүй, хариуц лагагүй жолооч нараас болж өнг өрсөн долоо хоногт мөрөөрөө явж байсан зургаан жирийн иргэн алтан амиа алдлаа. Микро автобуснуудыг журамлаж эхэлснээс хойш тэр жолооч нар том оврын автобус жолоодох болсон гэнэ. Энэ нь том оврын автобус осол гаргах нэгэн шалтгаан болж байна хэмээн зарим хүн үзэж байгаа аж. Нийтийн тээврийн компаниуд жолооч нараа сайтар сонгон шалгаруулж авахгүй бол цаашид хэдэн ч хүний амь эрсдэхийг таах аргагүй.

Р.Оюун


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)