“Том” мөнгөний хүлээлт

“Монос хүнс” компанийн хувьцааны захиалга өнөөдөр эхэлж байна. Эл компани нийт хувьцааныхаа 30 хувийг олон нийтэд худалдаж, 8.6 тэрбум төгрөг босгохоор зэхжээ. Нэгж хувьцаагаа 70 төгрөгөөр борлуулах үнэ тогтоов. Манай бизнесменүүд сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлээс мөнгө босгож, компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой болсон. 

Монголын хөрөнгийн бирж хоёр жилийн хугацаанд 10 орчим компанийн хувьцааг олон нийтэд худалдаад буйн сүүлчийнх нь энэ болох юм. Дахиад хоёр компани хувьцаа гаргахаар Санхүүгийн зохицуулах хороонд материалаа хүргүүлсэн гэнэ. Шинэ IPO-нуудын идэвхийг дагаад Монголын хөрөнгийн зах зээлд шинэ “уур амьсгал” бүрдэж буй. Биржийн лангуу шинэ бүтээгдэхүүнүүдтэй болсноор хөрөнгийн зах зээлийн хөгжил нэг алхам урагшилсан гэхэд хилсдэхгүй.

Хөрөнгийн зах зээлд хөл тавьж буй шинэ компаниудаас нийтлэг хоёр зүйл анзаарагдаж байгаа юм. Монголын хөрөнгийн зах зээлд жижиг, дунд компаниуд хувьцаагаа гаргаж байна. Энэ бол эхнийх нь нийтлэг хандлага. Иймээс татан төвлөрүүлж буй хөрөнгийн хэмжээ нь бага байгаа. “Түмэн шувуут” компани нийт хувьцааныхаа 25 хувийг борлуулж, 10 тэрбум төгрөг босгосон нь хамгийн “том” IPO болоод буй билээ. 

Энэ компанийн зах зээлийн үнэлгээ 39.7 тэрбум төгрөгт хүрчээ. “Айтүүлс” компанийн зах зээлийн үнэлгээ 2.8 тэрбум төгрөгт хүрсэн. Сүүлийн үед IPO хийсэн компаниудын хамгийн бага үнэлгээтэй нь эднийх. Тэгэхээр 2.8-40 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компаниуд хөрөнгийн зах зээлд орж ирж байна гэж дүгнэхэд болно. Товчхондоо, сүүлийн 10 жилд байгуулсан, үйл ажиллагаа явуулж буй салбартаа байр сууриа баттай эзлэх стратегитай компаниуд хувьцаагаа олон нийтэд худалдаж, хөрөнгө татаж байна.

Монголдоо томоохонд тооцогддог MCS, МАК, “Таван богд”, “Петровис”, “Номин холдинг” гэх мэт групп компани хувьцаагаа олон нийтэд худалдах сонирхолгүй байдаг. Эдгээр компани олон тэрбум төгрөгийн үнэлгээтэй томоохон охин компаниудаа ч хөрөнгийн зах зээлд гаргах сонирхолгүй. Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд үүний шалтгааныг олон өнцгөөс харж тайлбарладаг юм. Энэ зах зээлийн хөгжил сул учраас гэр бүлийн, эсвэл найз нөхдийн хүрээнд хамтран байгуулсан томоохон компаниуд IPO хийдэггүй гэж тайлбарлах шинжээчид бий. 

Зарим нь хөрөнгийн зах зээлд компаниа гаргачихвал хувьцаа эзэмшигчид нь бизнесийн үйл ажиллагаанд нь дараа болно гэж болгоомжилдог гэх нь ч бий. “Бумбат Алтай” брокер дилерийн компанийн ТУЗ-ийн дарга Ш.Батжаргал “Хөрөнгийн зах зээлд их мөнгөтэй тоглогч орж ирэхгүй байна. Хэрэв ихээхэн мөнгө хуримтлуулсан хувь хүн, компаниуд, хөрөнгө оруулалтын сангууд хөрөнгийн зах зээлээс хувьцаа худалдан авч эхэлбэл том компаниуд IPO хийх сонирхолтой болно. Хөрөнгийн зах зээлийн идэвх улам сайжрах дүр зураг харагдаж байгаа. Одоо хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргавал мөнгө босгоход хэцүү” гэж ярьсан юм.

Яагаад хэцүү юм бол. Хөрөнгө оруулах сонирхолтой, багахан мөнгөтэй иргэд хувьцаа худалдаад авчихсан. Тэгээд хувьцаа худалдаж авах сонирхолтой хүмүүсийн тоо багассан учраас хөрөнгө босгоход хэцүү болжээ. Харин “том” мөнгөтэй хүмүүс сонирхоод эхэлбэл хөрөнгийн зах зээлийн хөгжил хурдасна. Ш.Батжаргалын байр суурь ийм логик утга илэрхийлээд буй юм.

Арилжааны банкуудын хадгаламжийн хэмжээ 13.1 их наяд төгрөгт хүрсэн. Үүний нэг хувь нь л хөрөнгийн зах зээл рүү “урсвал” байдал өөрөөр эргэх дүр зураг үнэхээр харагдаж байна. Нийт хадгаламжийн нэг хувь 130 тэрбум төгрөгтэй дүйнэ. Ийм хэмжээний мөнгө хөрөнгийн бирж рүү “урсвал” зах зээл идэвхжих нь мэдээж. Энгийн төсөөллөөр “Түмэн шувуут”-ын хэмжээний мөнгө босгох 13 компанийн IPO амжилттай болно гэсэн үг.

“Өндөр хөгжилтэй орнуудын санхүүгийн зах зээлийн 50 хувийг банкууд нь эзэлдэг, тал нь хөрөнгийн зах зээлдээ ногддог. Гэтэл манай улсын санхүүгийн зах зээлийн 95 хувийг банк бүрдүүлж байна. Харин тавхан хувийг нь хөрөнгийн зах зээл эзэлдэг. Хөрөнгийн зах зээлийг ядаж санхүүгийн зах зээлийнхээ 30 хувийг эзлэх хэмжээнд хүргэж хөгжүүлэх хэрэгтэй” гэж санхүүгийн салбарынхан олон жил ярьж байна. 

Гэвч банк руу хошуурч буй мөнгийг хөрөнгийн зах зээл рүү чиглүүлэх бодлого дутмаг байгаа. Нөгөөтээгүүр, иргэд, аж ахуйн нэгжүүд хувьцаа, үнэт цаасанд хөрөнгө оруулахаас илүүтэй банканд мөнгөө хадгалуулах сонирхолтой байдаг нь үнэн. Иймээс л хөрөнгийн зах зээлд “том” мөнгөний хүлээлт үүсээд байгаа хэрэг.

Шинээр хувьцаа гаргасан компаниудад тохиолдож буй нийтлэг хандлагын эхнийхийг дээр дурдсан. Дараах хандлага нь хувьцааны ханш унаж буй явдал юм. Заримынх хувьцааны ханш зах зээлд анх санал болгосон үнээсээ олон хувиар хямдраад байна. Тухайлбал, “Монгол базальт” компани нэгж хувьцаагаа хөрөнгө оруулагчдад 380 төгрөгөөр худалдсан. Тэгвэл өдгөө ханш нь 250 төгрөг болж, 40-өөд хувиар унаад байна. 

“Айтүүлс” компани анхдагч зах зээлд нэгж хувьцаагаа 132 төгрөгөөр үнэлсэн. Одоо ханш нь 80 төгрөгт хүрч “гулсжээ”. “Монгол базальт”-ыг эс тооцвол бусдынх нь ханш хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэхэд хэсэг хугацаанд өсөөд, буцаад буурсан дүр зураг харагдаж буй. Уг нь хувьцаа гаргасан компаниуд татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөжүүлэн, зах зээлээ тэлж, зүгээр суухгүй байгаа. 

Ийм тохиолдолд хувьцааных нь ханш өсөлтөө хадгалмаар юм. Гэтэл хувьцааных нь ханш унаад, зах зээлийн үнэлгээ нь өөрийн хөрөнгөөсөө буураад буй нь хачирхалтай. “Айтүүлс”-ийн хувьцааны ханш 208-аас 80, “Хөвсгөл алтан дуулга”-ынх 1100-гаас 700, “Ард даатгал”-ынх 900-гаас 700, “ЛэндМН ББСБ”-ынх 70-аас 66 төгрөг болж хямдраад байна. Харин “Мандал даатгал” компанийн хувьцааны ханш 5200-5500 төгрөгт хэлбэлзэн, тогтвортой байгаа юм. Эднийх нэгж хувьцаагаа анх 4800 төгрөгөөр үнэлж борлуулсан.

Шинээр IPO хийсэн компаниудын хувьцааны ханш хямдарч буйг шинжээчид мөн л зах зээлийн оролцогчидтой холбон тайлбарлаж байгаа. Тэд “Багахан мөнгөтэй, ханшийн зөрүүнээс ашиг олох сонирхолтой хөрөнгө оруулагчид хувьцаа худалдаж аваад үнийг нь өсөхөөр зарж байна.

Мөн урт хугацаанд хөрөнгө оруулах бодолгүй учраас хувьцааных нь ханш унасан ч хамаагүй алдагдал хүлээгээд зах зээлээс гарч байгаа. Ханш унахад ийм хүчин зүйл давамгай нөлөөлж байна” хэмээн тайлбарладаг. Түүнчлэн “Их мөнгөтэй хүмүүс хөрөнгө оруулсан бол урт хугацааны ашгаа харж, компанийн үйл ажиллагааг сайжирч жигдэртэл хүлээнэ” гэж ярьдаг юм. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд “том” мөнгөтэй хүмүүсийн үүрэг оролцоо чухал ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)