Томуу, томуу төст өвчнөөс сэрэмжлүүлж байна

Энэ сарын 17-ноос 23-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 160.230 хүн амбулаториор үйлчлүүлсний 12.418 (7.8%) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Энэ үзүүлэлт нь өмнөх долоон хоногоос 1.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.0 хувиар их байгаа юм.

10.000 хүн амд 45.9 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өмнөх долоон хоногоос 6.4, өмнөх оны мөн үеэс 11.9 тохиолдлоор тус тус нэмэгджээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 72.294 хүн амбулаториор үйлчлүүлсний 6,694 (9.6%)нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон нь өмнөх долоон хоногоос 2.3%, өнгөрсөн оны мөн үеэс 2.7%-иар их, 10,000 хүн амд 56.5 тохиолдол бүртгэгдэж, өмнөх 7 хоногоос 13.2, өмнөх оны мөн үеэс 17.3 тохиолдлоор мөн нэмэгджээ.

Лабораторид суурилсан тандалтаар цуглуулсан 30 сорьцыг шинжлэхэд 13 (43%) сорьцод респиратор-синцитиаль вирус /уушиг гэмтээдэг/, 7 (23%) сорьцонд риновирус, 2 (6%) сорьцонд тус бүр коронавирус, энтеровирус, аденовирусын ДНХ тус тус илэрчээ.

Иймд иргэдэд томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. Үүнд:

• Хүйтэн, сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотойгоор хувцсаа тохируулан өмсөх, даарч, хөрөхгүй байх,

• Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх,

• Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүс хэрэглэх,  

• Гараа тогтмол савандаж угаах,

• Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах, хамрын хөндийг байнга цэвэрлэж байх,

• Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийж хэвших,

• Үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх,

• Ханиах, найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх,

• Томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет (101 тоот өрөө), 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын кабинетэд хандан тариулах,

• Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл гэртээ өөрийгөө тусгаарлах зэрэг арга хэмжээ авахыг зөвлөж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)