Томуугийн асуудлаар олон улсынхан Монголд чуулна

Томуу гэвэл ханиад шуухнаа төдийхнөөр ойлгодог үе өнгөрчээ. Уур амьсгалын өөрчлөлт, даяаршил, сууриншил эсвэл хэт шилжилт хөдөлгөөн зэрэг нь томуугийн халдвар хамжааргагүй тархах нөхцөл болж байна. Томуугийн аюулыг сануулсан тохиолдлоос дурдвал 2009 онд А төрлийн H1N1 гэх урьд нь хүнд оношлогдож байгаагүй томуугийн хэв шинжийн шинэ вирусээр сэдээгддэг халдвар бүртгэгдэн  гурван сарын дотор л гэхэд дэлхийн 100 гаруй оронд тархсан удаатай.

Хүйтний улирал ойртож, томуугийн дэгдэлт тархах эрсдэл нэмэгдэж буй энэ үед уг өвчөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт, томуугийн вирусын онцлог, тандалт хяналтын талаар зөвлөмж гарахаар ЭМЯ, ДЭМБ хамтран "Зүүн өмнөд Ази болон Номхон далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын XIII зөвлөгөөн"-ийг энэ сарын 21-23-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй уг зөвлөгөөнд АНУ, Австрали, Япон, БНСУ, БНХАУ, Индонез зэрэг 28 улсын 140 гаруй төлөөлөгч, ДЭМБ-ын төв болон бүсийн мэргэжилтэн, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Австрали улсын халдварт өвчний лавлагаа лабораторийн эрдэмтэн судлаачид оролцож дэлхий дахины томуу, томуугийн цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж туршлага солилцох аж.

Томуу, томуугийн цартахлаас сэргийлэхээр ДЭМБ төдийгүй олон улс ийнхүү нэгдэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)