“Томоожуулахгүй” бол толгой цусдах хүнд даацын машинууд

Гурван сая монголчуудын тэн хагас нь нийслэл Улаанбаатар хотдоо амьдардаг. Тэдний олонх нь 1-2 автомашин хөлөглөж байна. Энэ хэрээр нийслэлд зам, тээврийн осол, зөрчил олноороо гардаг. Зөвхөн нийслэлд ослын шинжтэй дуудлага хоногт дунджаар 200 орчим ирдгийг ТЦА-ныхан хэлж буй. Өнгөрсөн онд Улаанбаатар хотод зам, тээврийн 21 874 осол гарч, 131 хүн нас баржээ. Суудлын автомашины зэрэгцээ том оврын, хүнд даацын тээврийн хэрэгсэл, механизмууд зам, тээврийн ноцтой осол гаргах нь эрс нэмэгдэх боллоо. Он гарснаас хойш ийм тээврийн хэрэгслүүдтэй холбоотой таван осол гарсан бөгөөд хүний амь эндэж, олон хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод байна. Баянхошууны замд өнгөрсөн сард хоёр ч ойрхон ноцтой осол гарсныг уншигчид санаж буй биз. Бетон зуурагч машины жолооч осол гаргасны улмаас нэг хүн амиа алдаж, 11 хүн гэмтэж, тээврийн долоон хэрэгсэл эвдэрсэн юм. 

Том оврын машины жолооч тухайн үед “Тоормос барихгүй байсан” гэх тайлбарыг замын цагдаа нарт өгчээ. Энэ хэргийг шалгаж хараахан дуусаагүй. Үүний дараа мөн л хүнд даацын автомашин, механизмтай холбоотой хэд хэдэн осол гарсан бөгөөд хохирол нь багагүй байв. Хот суурин газарт 60км/цаг хурдтай явах ёстой ч хүнд даацын машинууд осол гаргах үедээ инерцээрээ эргэн тойрондоо байгаа хүн, тээврийн хэрэгслийг “хамах” аюултай. 3.5 тн-оос дээш жинтэй учраас суудлын тэрэгнүүдийг бодвол учруулах хохирол нь үлэмж их. Тиймээс хүнд даацын автомашин, механизмын жолооч нар ялангуяа хот суурин газарт онцгой анхаарал сэрэмжтэй зорчих шаардлагатай. Техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж хөдөлгөөнд оролцох ёстой атал согтуугаар жолоо мушгиж осол гаргасан тохиолдол ч цөөнгүй. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутагт зорчиж явсан хүнд даацын “Хино” маркийн ачааны автомашины жолооч осол гаргах үедээ согтуу байж. Тэрбээр хаанаас хаашаа яваагаа ч хэлэх чадваргүй байсныг ТЦА-ны мэргэжилтэн хэлсэн юм.

Замын хөдөлгөөнд оролцож буй хүнд даацын тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, жолооч нар дүрмээ баримталж буй, эсэхийг ТЦА-ныхан байнга хянадаг. Хүнд даацын машин, механизмын аюулгүй байдал, авч буй арга хэмжээний талаар тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахмад Б.Зоригоогоос тодрууллаа. Тэрбээр “Уул уурхай, барилгын салбарт хүнд даацын автомашин, техник их ашигладаг. Тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хариуцсан мэргэжилтнүүд нь маш сайн хянах хэрэгтэй байна. Өглөө бүр тоормосны аюулгүй ажиллагаа, тос тосолгоогоо хийсэн, эсэх, дугуйны хий хэвийн гээд нэгбүрчлэн шалгасны дараа хөдөлгөөнд оролцуулах ёстой. Том оврын автомашины осол маш олон хүний амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулдаг. Хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч 10-аас доошгүй жил автомашин барьсан, мэргэшсэн байх ёстой. 

Сүүлд гарсан ослуудаас үзэхэд жолооч нарын олонх нь 28, 29 настай, дунджаар долоон жил тээврийн хэрэгсэл барьсан залуус байв. Хүнд ачаа, хортой бодис тээвэрлэдэг учраас жолооч нар туршлагатай байх нь хамгийн чухал. ТЦА-наас “Ачааны автомашины бүрэн бүтэн байдал, ачаа тээвэрлэлт” нэгдсэн арга хэмжээг жил бүр улсын хэмжээнд зохион байгуулдаг. Замын цагдаагийн хэлтсийн ажилтнууд хариуцсан нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж буй том оврын машинтай аж ахуйн нэгжүүдэд үзлэг, шалгалт тогтмол хийж, Автотээврийн үндэсний төвийнхөнтэй хамтран явуулын оношилгоо ажиллуулдаг юм. Оношилгоонд тэнцээгүй тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, албан байгууллагад нь шаардлага хүргүүлдэг” гэлээ. Мөн тэрбээр осол, гэмтэл хэлж ирэхгүй учраас Тээврийн хэрэгслийн болон Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд заавал хамрагдахыг сануулсан юм. Зам, тээврийн осол гаргасан буруутай этгээд даатгалгүй, хохирол барагдуулах чадваргүй бол Иргэний хэргийн шүүхээр асуудлыг шийдвэрлүүлж бусдад учруулсан хохирлыг нь барагдуулдаг. Хэрэв даатгалтай бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргахаас бусад тохиолдолд хохирлоо гаргуулах боломжтой аж.

Баримт-1

2020.04.04-ний 11.00 цаг

Сонгинохайрхан дүүргийн IX хороо буюу Баянхошууны зам, Жанцангийн уулзварт “Исүзү” маркийн бетон зуурмагийн машины жолооч Д зам, тээврийн ноцтой осол гаргав. “Хонда фит”, “Тоёота приус”, “Соната-5”, “Коронда”, “Ниссан тийда” зэрэг долоон машиныг мөргөсний улмаас 3-80 насны 11 хүн гэмтсэн. Ослын улмаас 80 настай эмэгтэй ГССҮТ-д эмчлүүлж байгаад нас баржээ.

Баримт-2

2020.04.15-ны 09.30 цаг

Сонгинохайрхан дүүргийн VII хороо буюу Баянхошууны зам, тойргийн уулзварт “Хьюндай трак” маркийн ачааны автомашин “Тоёота приус”, “Румион”, “Сонота-7” зэрэг зургаан тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас 41 настай зорчигч У гэх эмэгтэй гэмтэв.

Баримт-3

2020.04.20-ны 12.35 цаг

Чингэлтэй дүүргийн XII хороо, Хайлаастын замд “Хово” маркийн ачааны машин уруудаж явахдаа зам дагуух айлын хашаа, байшинг мөргөж, онхолдсон. Жолооч 28 настай эрэгтэй Д гэмтсэн. Байшинд нэг хүүхэд ээжтэйгээ хамт байсан ч азаар гэмтэж, бэртээгүй байна.

Баримт-4

2020.05.05-ны 08.00 цаг

Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Баянзүрхийн хуучин товчооны зүүн талд “Хино” маркийн хүнд даацын автомашины жолооч Б согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа ноцтой осол гаргасан юм. Ослын улмаас “Портер”,“Тоёота приус”, “Волга” маркийн дөрвөн автомашин мөргөлдөж, зорчигч 41, 43 настай хоёр эрэгтэй гэмтсэн. Ачааны машины жолоочийн согтолтын зэргийг тогтооход 2.24 хувьтай байжээ.

Баримт-5

2020.05.15-ны 18.00 цаг

Баянзүрх дүүргийн XI хороо,“Ривер бийч” амралтын газрын баруун замд чирэгч автомашины жолооч нь ачиж явсан зам индүүдэгч механизмыг унагаж, зорчих хэсгийг эвдэв. Зам, эсвэл замын зорчих хэсэгт эвдрэл, гэмтэл учруулсан бол хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 500, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж Зөрчлийн тухай хуульд заасны дагуу түүнд арга хэмжээ авчээ.

Зам, тээврийн ослыг болгоомжгүй гаргадаг гэж үздэг учраас хариуцлага тооцохдоо ч уян хатан ханддаг. Гэвч өнгөрсөн онд гэхэд зөвхөн зам, тээврийн ослоор 4351 хүн хорвоог орхисон нь цөөхөн монголчууд бидэнд дэндүү өндөр тоо биш гэж үү. Үүнээс дүгнэхэд энхийн цагт зам дээр “дайн” болж буй мэт байна. Тиймээс хаана хаанаа анхаарал болгоомжтой байх цаг хэдийн иржээ. Ялангуяа ноцтой осол гаргаж, хохирол ихээр учруулж буй том оврын ачааны машины жолооч, харьяа компанийн удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнүүд нь гойд анхаарал хандуулж, хариуцлагатай ажиллахгүй бол болохгүй нь. Сая гаруй хүн бөөгнөрсөн хот газар хүнд даацын автомашинууд энд тэнд онхолдож, эргэн тойрноо хоморголон хохироомооргүй байна.

Дээрх ослуудын буруутай этгээдийг тогтоохоор ТЦА-ны Мөрдөн шалгах газрынхан ажиллаж буй. Автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол мөнгөн торгууль болон зорчих эрхийг нь хязгаарлахаар Эрүүгийн хуульд заасан. Уг гэмт хэргийг согтуугаар болон мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан бол жолоо барих эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл ийм хугацаанд хорих ял шийтгэнэ. Ослын улмаас хүний амь эндсэн бол жолоодох эрхийг нь таван жил хүртэл хугацаагаар хасахын зэрэгцээ зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 1-5 жил хүртэл хугацаагаар хорино. Хэрэв энэ нь хүндрүүлэх нөхцөлтэй бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульд заасан байдаг.

Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хянаж шалгах үүрэгтэй өөр нэг байгууллага нь Автотээврийн үндэсний төв. Тус төвийн мэдээлснээр улсын хэмжээнд нэг сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 500 мянга нь техникийн үзлэгт хамрагддаггүй аж. Ийм тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авдаг гэнэ. Үзлэгт хамрагдсан машины ихэнх нь тоормос нь барихаа больсон, өнгө үзэмж муутай, утаа их хаядаг зэрэг зөрчилтэй байдаг аж. Өнгөрсөн онд 663 мянган тээврийн хэрэгсэл техникийн үзлэгт орсноос 12 мянга нь тэнцээгүй байх юм. Ганц жишээ хэлэхэд, Баянхошуунд ноцтой осол гаргасан том оврын автомашин гэхэд техникийн үзлэгт ороогүй байжээ. Энэ мэт техникийн шаардлага хангахгүй, аюултай автомашинууд замын хөдөлгөөнд оролцож, бидний амь, эрүүл мэндэд заналхийлсээр байгаа юм.

Нийслэлчүүд нэг хэсэг “Толгой дээр тоосго унаад ирэх вий” гэсэн айдастай явдаг байсан бол одоо том оврын машин дэргэд онхолдчих вий, хашаа, байшин цөмлөөд орж ирэх вий гэсэн аюул дунд амьдарч байна. Тавхан сарын хугацаанд хүнд даацын машинтай холбоотой ноцтой таван осол гарлаа. Аюулгүй байдлаа хянаж, сайжруулахгүй бол цаашид хэчнээн осол гарч, хэдэн хүн амиа алдахыг таашгүй. Том оврын болон ачааны автомашины жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо цацруулагч наах, ослын тэмдэг байршуулах, ачаагаа унахгүй, асгарахгүй, гоожихгүй, хийсэхгүй байх бүх нөхцөлийг хангасан байх ёстойг ТЦА-наас сануулсан. Уржигдар л гэхэд зам, тээврийн ослын улмаас зургаан хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байв. Архангай аймгийн Их тамир сумын Ахитын давааны шороон замд улсын дугааргүй бага оврын трактор онхолдож, жолооч нь газар дээрээ эндсэн харамсалтай явдал гарчээ. Тиймээс л хүнд даацын машин, механизмын жолооч, эзэмшигч нарын хариуцлагыг нэмэх шаардлагатай байна.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)