Тольтой заргалдсан хөгтэй явдал

Аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлт

Пунцагийн ЦАГААН


Манай Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг жил бүр гаргадаг. Бид өнгөрсөн жил зургаа дахь судалгаагаа хийж, танилцуулсан билээ. Азийн сан, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэмжлэг, Монголбанк, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагын статистик мэдээлэлд суурилсан энэ судалгаа шинжлэх ухаанд итгэдэг, судалгааг эрхэмлэдэг боловсролтой хүмүүсийн ширээний ном болсон. Нэгэн аймгийн Засаг дарга “Өглөө Үндсэн хууль, өдөр өрсөлдөх чадварын судалгаанаас адис авдаг” гэж хошигнож билээ.

Монгол Улс тогтвортой хөгжилд тэмүүлж, олон тулгуурт эдийн засагтай болох талаар хэдэн жил дээр дооргүй ярив. Аймгууд маань “Баруун бүсийн тулгуур төв”, “Аялал жуулчлалын тулгуур төв” зэрэг уриа лоозонг улаан, хөх өнгөөр бүтээж, Тамгын газрынхаа дээвэрт байрлуулсан харагддаг. Уриа бүхэн улиг домог болсон.

Бараг онигоо шахуу юм болж хувирсны цаад учир нь хөгжил, шийдлийг сэтгэлийн хөөрөл, богино бодлогоор хэмжин, намын үзлээр нэрмэж ирсэнтэй холбоотой. Судалгаанд суурилаагүй ажил хэрэг бүхэн бүтэлгүйтдэг жамтайг яс махандаа тултал ойлгоогүй цагт тогтвортой хөгжил гэдэг үгийг амнаасаа унагах ч хэрэггүй аж.

Олон тулгуурт эдийн засгийг бий болгох боломж манай улсад бүрэн бий. Аль аймаг нь аль салбараа түлхүү хөгжүүлэх вэ, хөрш зэргэлдээ аймгууд ямар давуу талаараа хамтран ажиллаж, ямар сул талаа нөхөх вэ гэдгээ бодох, төлөвлөх юм бишгүй байна. 21 аймгийн талаарх ерөнхий болон нарийвчилсан мэдээлэл, тэдгээр үзүүлэлтийн өөрчлөлт, хувьслыг уг тайланд өгүүлдэг.

Бүр нарийвчилбал, аймгуудын эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн болон засаглалын үр ашиг, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлэг, 16 дэд бүлгийн хүрээнд 181 шалгуур үзүүлэлтийг ашигласан судалгаа болж байгаа юм. Уг 181 шалгуурын 3/5 нь буюу 102 нь статистик, 2/5 нь буюу 79 нь санал асуулгын мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, энэ бол аймгуудын рентген зураг. Юу сайн, юу саар байна вэ гэдгийг цээжний бангаар бус, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаагаар бодитой гаргана гэдэг нь энэ.

Бид энэхүү тайлангаа хэвлээд орхих бус, үр дүнг нь аймаг, орон нутгийн удирдлагад танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх, судалгаанд суурилсан хөгжлийн бодлого боловсруулахыг нь дэмжих үүднээс бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадварын чуулган зохион байгуулж хэвшээд байна. Өнгөрсөн жил л гэхэд Хангайн бүсийн эдийн засгийн өрсөлдөх чадварын чуулганыг зохион байгууллаа.

Аймаг өөрийн нөөц бололцоогоо хэрхэн үр дүнтэй ашиглаж, амьдрах болоод бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлж чадсан, эсэхийг судалсан судалгааг маань олон аймгийн ИТХ, ЗДТГ талархан хүлээн авч, амжилтаа ахиулж, ололтоо баталгаажуулан, дутуу дулимгаа засахын төлөө шамдаж байна.

Бодит байдлын судалгаа гарт байна гэдэг нь юм хийж бүтээх санаачилгатай хүнд юутай их завшаан байх билээ. Гэвч толинд хараад үс зүсээ додомдон, нүүрээ угааж, нуухаа арилгахын оронд мөнөөх тольтой заргалдахыг хүсдэг нэгэн ч бас байх юм. Судалгааны тайлантай холбоотой нэгэн хөгтэй, хүндхэн явдал бидэнд тохиолдсоныг ирээдүйн залуу удирдагчид болон одоогийн дарга нарт сануулж, сургамж болгох үүднээс товчхон өгүүлье.

Говь-Алтай аймаг өрсөлдөх чадварын ерөнхий үзүүлэлтээрээ 21 дүгээрт эрэмбэлэгдсэнд тус аймгийн ИТХ-ын дарга бээр ихэд бухимдан, манай судалгааны төвөөр камер барьсан сэтгүүлчтэй гэнэт довтолгон ирж “бэлэг барив”. Тэд үүгээр үл зогсож, судлаачдыг цагдаад өгч, бас судалгаанд оролцсон аймгийнхаа бизнес эрхэлдэг хүмүүсийг эрэн сурвалжлах аянд мордсон байх юм. Бүх үзүүлэлтээрээ сайн, аль эсвэл муу аймаг гэж байхгүй. Говь-Алтай аймаг ч ялгаагүй.

Энэ аймаг “Барилгын ажил, Соёлын төвийн хүртээмж, эрүүл мэндийн тусламж (сувилагчийн хүрэлцээ), гэмт хэрэг, эхийн эндэгдэл” зэрэг үзүүлэлтээр толгой цохиж байгаа бол “Шударга бус өрсөлдөөн, бизнесийн таатай орчин, амьжиргааны түвшин, хүнд суртал, хөдөлмөр эрхлэлт, дотоодын нийт бүтээгдэхүүн, шилжих хөдөлгөөн, чадварлаг удирдах ажилтан” зэрэг үзүүлэлтээрээ сүүл мушгиж байна. Судалгаанд “начны найраа” шиг юм байдаггүй учир сайн бол сайн, саар бол саар гэдгийг шууд хэлнэ.

МОНГОЛ УЛС: АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ТАЙЛАН 2017

Судалгаа, шинжилгээнд итгэдэггүй, “тэнгэрийн дүлий”-д итгэдэг байж болно. Гэхдээ судалгаа хийсэн болон судалгаанд оролцсон хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар байцаалгаж, дарамтална гэдэг бол Үндсэн хуулийн эсрэг үйлдэл шүү гэдгийг анхааруулъя. Уг тайлан нь ажилч хичээнгүй алтайчуудын тухай биш, харин тэднийг удирдаж байгаа дарга нарын ажлын үр дүн.

Энэ жилийн “баян ходоод” болсон ч ирэх жил түрүү магнай болохын тулд тайлантай заргалдах биш, түүнийг ашиглаж сурахыг тус аймгийн хоёр даргад зөвлөж байна. Биеийн минь халууныг өндөр гэлээ гээд халууны шилээ хага цохиод хаячихвал дараа Та халуунаа юугаар хэмжих вэ?

Дэлхий нийт тогтвортой хөгжил рүү тэмүүлж буй өнөө үед аймаг бүр өөрийн онцлогт тохирсон, ирээдүй хойч үеийнхээ илүү сайн сайхан орчинд амьдрах, ажиллах боломжийг бүрдүүлэхийн төлөө тэмүүлэх хэрэгтэй байна. Улс маань нийслэл хот, аймгаас л бүрддэг шүү дээ. Бодогтун, болгоогтун.

Бид Монгол Улсаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахын тулд Өрсөлдөх чадварын тайлангаа элдэв хөгтэй, хөгжилтэй, гунигтай үйл явдлыг үл ажран жил бүр гаргасаар байх болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)