“Толгой”-г тордохгүй бол ТОМРОХГҮЙ ҮЙЛДВЭРЛЭЛ

Бүхнийг үйлдвэрлэх гэж зүтгэх албагүй. Аль ч улсад ийм боломж байхгүй. Гэхдээ нутаг дэвсгэрт нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үндсэн түүхий эд нь байдаг бол түүндээ түшиглэн үйлдвэрлэл хөгжүүлэх нь зүйн хэрэг. Өөрсдийн хэрэгцээг хангаад өрөөлд нийлүүлж чадвал бүр сайн. Эдийн засгаа хүчирхэгжүүлж чадсан орон бүр бүтээж чаддаг зүйлээ бусдад худалдаж, ашиг олсон байдаг. Монгол Улс мал аж ахуйн орон. Алтай, хангай, говь, хээр хосолсон өргөн уудам нутагт нь 60 гаруй сая мал бэлчээрлэж байна. Жилдээ 10 орчим сая мал нядалдаг гэсэн баримжаалсан тооцоо бий. Малаас хаях юм байдаггүй. Бүх түүхий эдийг нь боловсруулж, хүний хэрэгцээг хангах эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Энэ удаа арьс, ширээ боловсруулж, хөлдөө углах гутлаа үйлдвэрлэж болох талаар онцолъё.

Манай улсын гурван сая гаруй хүн ам жилд зургаан сая хос гутал өмсдөг гэсэн статистик мэдээллийг Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооныхон танилцуулсан. Энэ бол батлагдсан хөдөлшгүй баримт гэж бүү ойлгоорой. Авсан мэдээлэл, баримт сэлтдээ тулгуурлан төсөөллийн аргаар ийм тойм тоо гаргажээ. Монголчууд өнгөрсөн жил 950 мянган хос гутал үйлдвэрлэсэн гэнэ. Улаанбаатарын худалдааны төвүүдэд Монголд үйлдвэрлэсэн гутал худалдаж байхтай таарах нь нүдний гэм. Тэгэхээр энэ баримт хуудуутай ч байж магадгүй. Бүдэгхэн статистик мэдээлэлдээ тулгуурлан тооцвол жилийн эрэлтийнхээ 15 орчим хувийг үйлдвэрлээд байгаа биз. Уг нь ийм хэмжээ ний үйлдвэрлэл нүдэнд өртмөөр сөн.

Монголын гутлын үйлдвэрлэлийн нүүр царай өдгөө ямар байна вэ? “Хос аз”, “Best shoes” гэж хоёр компанийн гутлын үйлдвэр Монголдоо хамгийн том нь гэгддэг. Жилд тус бүр 40 мянган гутал үйлдвэрлэдэг. Нийлээд 80 мянган хос гутал үйлдвэрлэдэг байх нь. Тэгэхээр тийм том үйлдвэр биш. “Хос аз” компанийн ерөнхий захирал “Гутлын үйлдвэр гэж бүрэн нэрлэхэд учир дутагдалтай тул гадаадын хүмүүст үйлдвэрээ танилцуулахаас ичдэг” гэж ярьсан юм. Эл хоёр үйлдвэр голчлон ажлын гутал үйлдвэрлэдэг. Гоёлын, ердийн хэрэглээний түрийтэй болон түрийгүй гутлыг захиалгаар л үйлдвэрлэдэг. Ийм төрлийн гутлыг олноор үйлдвэрлэж, зах зээлд борлуулах боломж байдаггүй. Чанар сайтай боловсруулсан арьс дотоодоос олддоггүй гэнэ. Мөн эргэлтийн хөрөнгө, боловсон хүчин дутмаг гэсэн.

Хоёр том үйлдвэр нь 80-хан мянган хос гутал хийхээр бусад нь хэнд ногддог байна гэж гайхаж магадгүй. Үлдсэн 800 гаруй мянган гутлыг өрхийн үйлдвэрлэгчид хийдэг. Өдөрт ганц хос гутал хийдэг өрхийн үйлдвэрлэгч ч бий. Арай дөнгүүр нь 5-10 хүн ажиллуулж, өдөрт 10 хосыг хийнэ. Тэд голдуу захиалгаар ажилладаг. Бас хөдөөний иргэдэд зориулсан үстэй дотортой, түрийтэй гутлыг олноор хийж, томоохон захуудаар дамжуулан борлуулах нь бий. Гутал үйлдвэрлэгчид талаар нэг тарсан байдалтай болсон нь энэ.

Манайхан нэг хос гутлыг сайн арьсаар загвар, ур хийцтэй, чанартай хийж чаддаг гэнэ. Харин “Үүнээс чинь 10 мянган ширхгийг авъя” гэвэл хийж чадахгүй. Байнга чанар сайтай арьс нийлүүлэх үйлдвэр байхгүй аж. Арьс байлаа гэхэд 10 мянган гутлыг чанартай хийх хүчин чадалтай үйлдвэр ч байхгүй гэнэ лээ. Иймээс манайхан ажлынхаас өөр хэрэглээний гутлыг олноор үйлдвэрлэж чаддаггүй юм байна.

“Best shoes” компанийн захирал Б.Түвдэнням “Төр буруу бодлого баримталж байгаа учраас гутлын том үйлдвэр хөгжихгүй байна. Төрийн түшээд иргэдийн итгэлийг олохын тулд өрхийн үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг. Тэгээд хөнгөлөлттэй зээл олгоно. Өрхийн үйлдвэрүүд бүгд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж оролддог. Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих бодлого том үйлдвэрлэл хөгжих боломжийг хааж байгаа” гэж ярив. Тэрбээр “Гутлын том үйлдвэр байгуулахыг төрөөс бодлогоор дэмжих ёстой. Харин “өрхийнхөн” том үйлдвэрт үдээс, чимэглэлийн хэрэгсэл зэргийг нь нийлүүлдэг байх нь зөв” гэсэн юм.

Манай улсын ажлын гуталны жилийн хэрэгцээ 200 мянгад хүрдэг. Б.Түвдэнням энэ зах зээлд ажиллаж, хөрөнгө хуримтлуулаад үйлдвэрээ дараагийн шатанд гаргахаар зорьж яваа нэгэн. Төрийн байгууллагууд сүүлийн үед ажлын гутлаа дотоодын үйлдвэрүүдээр хийлгэдэг болсон нь сайн. Энэ нь үйлдвэрлэлийн хөгжилд ихээхэн түлхэц болж байгаа аж. Цаашлаад үйлдвэрүүдийг арьсаа чанар сайтай боловсруулдаг, малчдыг малаа зөв нядалдаг болгоход сайн нөлөө үзүүлж буй гэнэ. Эл салбарынхан сайн арьс авахын тулд боловсруулах үйлдвэрүүдэд шаардлага тавина. Боловсруулах үйлдвэрүүд чанартай арьс гаргахын тулд малчдаас ширийг шилж, үнэтэй авна. Малчид арьс, ширээ үнэтэй зарахын тулд малаа хачиг хувалзад бариулахаас сэргийлдэг, эсгэж цоолохгүй нядалдаг болно. Малын арьс өвчин, эмгэгээс шалтгаалж маш их гэмтдэг. Малчид өвчихдөө арьс, ширээ зүсэж балладаг гэх юм билээ. Ингэхээр үнэт бүтээгдэхүүн болох түүхий эд “хог” болж байгаа юм.

Хэрэв гутлын том үйлдвэр байгуулчихвал арьсаа ч сайн боловсруулж сурах юм биш үү. Сайн арьс авахын тулд мал эрүүл байх учиртай. Эрүүл малын арьсаа зөв өвчих шаардлага бас бий. Өрхийн үйлдвэрүүдэд олгодог хөнгөлөлттэй санхүүжилтээрээ том үйлдвэрт байгуулчихвал боловсруулах үйлдвэрүүдээ босгож, малаа эрүүлжүүлэх боломж бодитой байгаа аж.

Манай улс өмнөд хөршөөс их хэмжээний гутал импортолдог. Хятадууд хиймэл арьсаар хийсэн хямд гутлаа манайханд борлуулдаг. Хиймэл арьсаар хийсэн учраас чанар муутай, эдэлгээ даадаггүй. Тиймээс монголчууд сүүлийн үед жинхэнэ арьсан, чанартай гутал сонирхох болсон. Хэдийгээр тархай бутархай ч гэсэн үйлдвэрүүд загвар сайтай, чанартай гутал хийж чадаж байгаа. Монголд захиалгаар хийлгэсэн гуталд хүмүүс ам сайтай байдаг. Өөрөөр хэлбэл, дотоодод үйлдвэрлэсэн гутал худалдаж авах эрэлт нэмэгдсээр байна гэсэн үг.

Хятад гутлаас татгалзаж, дотоодынхоо чанартайг сонгох хандлагатай болсон үед гутлын том үйлдвэр байгуулах бодлого боловсруулбал арьс, ширний үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шат ахиулж мэдэх юм. “Толгой”-г нь тордохгүй бол гутлын үйлдвэрлэл томрохгүй юм биш үү. Монгол Улс хүн багатай учраас жижиг зах зээлтэй. Иймээс үйлдвэрлэл хөгждөггүй гэдэг. Жилд зургаан сая хос гутлын хэрэгцээ гэдэг бол чамлахааргүй зах зээл. Жилд хоёр сая арьсан гутал хийдэг болоход үйлдвэрлэл үлэмж хэмжээгээр сэргэх нь дамжиггүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)