Толгойдоо шархтай ч ДАШТ-д оролцоно

Парагвайн шигшээ болон Мексикийн “Америка” клубийн довтлогч Сальвадор Кабаньяс нэгдүгээр сарын 25-ны өглөө үүрээр Мехикогийн нэгэн шөнийн клубд толгойдоо буудуулан эмнэлэгт хүргэгджээ. Амьд үлдэх магадлал тун бага гэж байсан түүний толгой дахь сумыг эмч нар мэргэжлийн өндөр ур чадвар гарган авч, улмаар авьяаслаг довтлогч залуу тун хурдан илааршиж байгаа гэнэ. “Либертадоресийн цом”-ын тэмцээнд 2007, 2008 оны улиралд мэргэн буучаар тодорч, 2007 онд Өмнөд Америкийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг хүртэж явсан Кабаньяс шигшээ багтаа 2004 оноос хойш хүчин зүтгэж, 44 тоглолтод 10 гоол хийгээд байгаа юм. Буудуулснаасаа хойш долоо хоногийн дараа хүмүүстэй харилцаж чадахаар болсон тэрбээр ааваараа дамжуулан дэмжигчдэдээ “Би Өмнөд Африкт очно, ДАШТ-д тоглоно” хэмээн хэлжээ. Дашрамд сонирхуулахад Премьер лигийн “Сандерлэнд” клуб өвлийн наймааны цонхоор түүнийг өөрийн болгоход тун ойрхон байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)