Токио-2020 Олимпын наадмыг үзэгчидгүй зохион байгуулж магадгүй талаар "Daily Mail" сонин мэдээлэв


2020 оны Токиогийн Олимпын наадмыг коронавирусийн тархалттай холбогдуулан үзэгчгүй зохион байгуулж магадгүй тухай Британийн “Daily Mail” сонин мэдээлжээ. Тус сонинд бичсэнээр бол Олон улсын Олимпын хороо болон зарим орны Олимпын хороодын удирдлагууд энэ жилийн зуны Олимпын наадмыг хөгжөөн дэмжигчидгүй зөвхөн зурагтаар үзүүлэх хувилбарыг хэлэлцэж байгаа аж. Эл хувилбар нь Олимпын тоглолтыг цуцлах эсвэл өөр улсад шилжүүлэхээс дээр гэж үзсэн байна. Өмнө нь Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хорооны дарга Еширо Мори коронавирусийн улмаас Олимпын наадмын хуваарьт ямар ч өөрчлөлт оруулахгүй гэж мэдэгдсэн билээ. Энэ жилийн зууны Олимпын тоглолт 7-р сарын 24-с 8-р сарын 9-н хүртэл явагдах аж. Коронавирусийн халдварын тархалтын улмаас соёл урлаг,спортын олон арга хэмжээ цуцлагдаад байгаа юм. Тухайлбал энэ сард Берлин хотод 54 жилдээ зохион байгуулагдах гэж байсан олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн цуцлагджээ. Мөн алдарт загвар зохион бүтээгч Жоржио Арманигийн шинэ загварын үзүүлбэр Милан хотод үзэгчидгүйгээр цахим сүлжээгээр шууд дамжуулагдсан байна. Хөл бөмбөгийн фэнүүд ч энэ жил Европын аварга шалгаруулах тэмцээнээ үзэж чадах эсэх нь эргэлзээтэй болоод байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)