Токио хүрэх зам

“Токио-2020” олимпын наадамд зориулан “Таван цагариг” сонин “Токио хүрэх зам” цуврал эхлүүлсэн. Монголын тамирчид спортын хэдэн төрлөөр олимпын эрх авах боломжтой, уг эрхийг хэрхэн авах журмын тухай уг цувралаараа спорт сонирхогчдод танилцуулж байгаа билээ.

СПОРТ АВИРАЛТ

“Токио-2020” зуны олимпын XXXII наадмын хөтөлбөрт дөрвөн спорт шинээр нэмэгдсэний нэг нь спорт авиралт. Олон улсын олимпын хороо 2016 онд “Токио-2020” олимпын наадамд уг спортыг эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг, нэг цогц медалийн төлөө өрсөлдөх эрх олгосон. Тиймээс Олон улсын спорт авиралтын холбоо (IFSC) олимпын наадамд спорт авиралтын (lead climbing, bouldering, speed climb¬ing) гурван төрлийн нийлбэрээр алт, мөнгөн медалийн эздийг тодруулахаар шийдвэрлэсэн нь энэ спортын ертөнцөд ихээхэн маргаан дэгдээсэн билээ. Учир нь эдгээр авиралтын төрөл өөр, өөрийн өвөрмөц онцлог, ур чадвар шаардагддаг. Lead climbing буюу өндөрт авиралт нь тамирчид тусгайлан бэлдсэн хиймэл хана, эсвэл хаданд тодорхой оргилд хүрэх дүрэмтэй.

Тамирчдад эхлээд замаа сонгох таван минут өгдөг. Дараа нь тамирчид өөрийн сонгосон маршрутаар ээлж дараагаар авирна. Тамирчид авиралт хийхдээ заавал хамгаалалтын олс хэрэглэх ёстой, мөн тодорхой хугацаа буюу 4-15 минутын хязгаар бий. Тамирчдын амжилтыг оргилд (ихэвчлэн 18-20 метр) хүрсэн болон зарцуулсан хугацаагаар дүгнэнэ. Тамирчин нэг л оролдлого хийх дүрэмтэй. Энэ төрөл нь спорт авиралтын хамгийн түгээмэл, нэр хүндтэйд тооцогддог. Учир нь авиралтын энэ төрөл маш олон талт техник, зохион байгуулалт, оновчтой шийдвэр, хөдөлгөөн болгоны тооцоолол, төгс гүйцэтгэл, тэсвэр, хүч чадал гээд олон зүйлээс амжилт нь шалтгаалдаг билээ. Boulder¬ing энэ нь 4-6 метрийн өндөртэй хаданд болон хиймэл чулуун хананд ямар нэг бэхлэлтгүйгээр авирах төрөл. 

Гэхдээ аюулгүй байдлын үүднээс зөөлөвч матрасс, гар халтирахгүй болгодог шохой зэргийг хэрэглэнэ. Тамирчин хэдэн ч оролдлого хийж болохоос гадна, авиралт болгоны дунд завсарлага авахыг зөвшөөрдөг. Түүнээс гадна авиралтын хэцүү, хүндийг харгалзсан зэрэглэлтэй. Энэ төрлийн тэмцээнд тамирчин 4-5 өөр хананд авирах бөгөөд нийт зарцуулсан хугацаагаар амжилтыг нь тооцдог. Speed climbing хурдан авирах нь гол зорилго тул 15 метрийн стандарт бүхий хиймэл хананд авирна. Тамирчин хамгаалалтын олс, бэхлэлт хэрэглэдэг. Энэ төрлийн дэлхийн рекордыг эрэгтэйчүүдээс Ираны авирагч, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Дэлхийн цомын зургаан удаагийн аварга “Ираны ирвэс”, “Босоо ертөнцийн хамгийн хурдан хүн” хэмээх хочтой Реза Алипоур 5.48, эмэгтэйчүүдээс Индонезийн авирагч, “Spiderwomen” хочит ДАШТ-ий гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальт Ариес Сусанти Рахаю 6.99 секундийн амжилтаар дэлхийн рекордын эзэн болсон юм. Хурдан авиралтад ихэвчлэн яг энэ төрлөөр мэргэшсэн, эсвэл авиралтын ихээхэн турш¬лагатай тамирчид л өрсөлддөг. Тиймээс ч lead climbing, bouldering тамирчин speed climbing-ийн тамирчинтай өрсөлдөх нь хөнгөн атлетикийн дундын зайн тамирчныг ойрын зайн гүйгчтэй өрсөлдүүлэхтэй адил хэмээн шүүмжлэх хүн олон. Мөн эхний хоёр төрлийн тамирчин нөгөө төрөлдөө орж болох ч хурдан авиралтад өрсөлдөх асар хүндийн адил хурдан авиралтын тамирчин lead болон bouldering-т амжилт гаргах хэцүү.

Гэхдээ “Токио-2020” олимпын наадамд ОУОХ-ноос спорт авиралтын нэг л төрлийн эрэгтэй, эмэгтэй цогц медалийг зөвшөөрсөн болохоор Олон улсын спорт авиралтын холбооноос хамгийн өргөн дэлгэрсэн авиралтын гурван төрлөө “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйн” тулд ийм шийдвэр гаргахад хүрчээ. Олимпын спортын авиралтын төрөлд эрэгтэй, эмэгтэйчүүд тус бүр 20, нийт 40 авирагч оролцох бөгөөд нэг орон дээд тал нь дөрвөн (эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр) тамирчин оролцуулах боломжтой. Эрэгтэй, эмэгтэйчүүд тус бүр 20 эрхийн найм нь одоогоор “эзэнтэй” болсон. Энэ нь зохион байгуулагч орон Япон нэг, мөн 2019 оны ДАШТ-ий “холимог” (олимпод оролцох гурван төрлийн нийлбэр) ангилалд эхний долоон байр эзэлсэн тамирчин. Үлдсэн 12 эрхийн зургааг нь арваннэгдүгээр сарын 28-аас арванхоёрдугаар сарын 2-нд Францын Тулуза хотод болох олимпын эрх олгох дэлхийн тэмцээнд эхний зургаан бар эзэлсэн, нэгийг нь тивийн олимпийн эрх олгох тэмцээнд түрүүлсэн тамирчинд олгох нь. Ази тивийн олимпын эрх олгох тэмцээн 2020 оны тавдугаар 18-24-нд Японы Мориокид болох юм. Үлдсэн ганц эрхийг гурван талт комиссын Олон улсын олимпын хороо, Үндэсний олимпын хороодын холбоо, Зуны олимпын спортын төрлүүдийн холбоо) урилгаар олгоно.

“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.ЭНХТҮВШИН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)