Токио хүрэх зам

“Токио-2020” олимпын наадамд зориулан “Таван Цагариг” сонин “Токио хүрэх зам” цуврал эхлүүлсэн. Монголын тамирчид спортын хэдэн төрлөөр олимпын эрх авах боломжтой, мөн эрхийг хэрхэн авах журмын тухай уг цувралаараа спорт сонирхогчдод танилцуулж байгаа билээ.

ТЭКВОНДО

Манай тэквондочид эрх аваад “Рио-2016” олимпод анх удаа оролцсон. “Токио-2020” олимпын наадамд эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жинд, жин тус бүрт 16, нийтдээ 128 тэквондоч өрсөлдөнө. 

Дэлхийн тэквондогийн холбооноос олимпын чансааг 2020 оны нэгдүгээр сарын 1-нд гаргах бөгөөд эрэгтэй, эмэгтэйчүүдийн жин тус бүрт эхний тавд бичигдсэн тамирчид олимпын эрх авах нь. Манайхан чансаагаар эрх авах бараг боломжгүй. Учир нь хамгийн өндөр чансаатай Моломын Түмэнбаяр 102,41 оноотой эрэгтэйчүүдийн 58 кг-ын жинд олимпын чансаагаараа 44 дүгээр байрт бичигдэж байна. 

Мөн тивүүдэд квот болон зохион байгуулагч орон, мөн “урилгаар” гээд нийт найман эрх олгоно. Үлдсэн гурван эрхийг хоёр тэмцээнд олгох юм. 

Эхнийх нь арванхоёрдугаар сарын 6-7-нд ОХУ-ын Москва хотод болох Гран пригийн шигшээ тэмцээн. Энд жин тус бүрт түрүүлсэн тамирчин эрх авна. 

Хоёр дахь нь Азийн олимпын эрхийн тэмцээн. 2020 оны дөрөвдүгээр сарын 10-11- нд БНХАУ-ын Үши хотод зохион байгуулах тэмцээнд жин тус бүрт алт, мөнгөн медаль хүртсэн тамирчин л олимпын эрх авах юм.

Ц.ЭНХТҮВШИН “Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)