Токио хүрэх зам

“Токио-2020” олимпын наадамд зориулан “Таван цагариг” сонин “Токио хүрэх зам” цувралыг Монголын тамирчид спортын хэдэн төрлөөр олимпын эрх авах боломжтой, мөн эрхийг хэрхэн авах журмын тухай спорт сонирхогчдод танилцуулж байгаа билээ.

ХҮНДИЙГ ӨРГӨЛТ

Монголын туйванчид 1972, 1980, 1992, 1996, 2004, 2008, 2012, 2016 оны олимпод оролцсон.

“Токио-2020” олимпын эрхийг IWF буюу Олон улсын хүндийг өргөлтийн холбооны цуврал тэмцээнээс олимпын эрхийн оноо цуглуулах зарчмаар олгохоор болсон. Тухайлбал, 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс энэ оны дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 31, арваннэгдүгээр сарын 1-нээс 2020 оны дөрөвдүгээр сарын 30 гэсэн гурван цикл гаргасан. Олимпын эрхийн төлөө өрсөлдөж буй тамирчин энэ гурван цикл тус бүрт дор хаяж нэг, нэг тэмцээнд оролцсон, нийтдээ зургаан тэмцээнд оролцсон байх ёстой. Мөн оноо олгох тэмцээнийг “Алтан”, “Мөнгөн”, “Хүрэл” тэмцээн гэж ангилж буй. Эрх авахын тулд “Алтан” ангиллын тэмцээнд заавал оролцсон байх журамтай.

Тив болон ДАШТ-д “Алтан”, IWF-ийн тэмцээнд “Мөнгөн”, олон улсын бусад тэмцээнийг “Хүрэл” ангилал хэмээн үзэж буй.

“Токио-2020” олимпын хүндийг өргөлтийн тэмцээн эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд, жин тус бүрт 14 тамирчин, нийтдээ 196 туйванч оролцох юм. Нэг улсад дээд тал нь эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрөв, нийт найман тамирчин оролцуулах эрхтэй. 2008 оны олимпын наадмаас хойш допингийн зөрчил гаргасан байдлаас мөн хамаарч хязгаарлалт хийх аж.

Тухайлбал, энэ хугацаанд тухайн улсын хүндийг өргөлтийн тамирчдаас 10-19 удаа допингийн зөрчил гаргаж байсан бол тухайн оронд дөрөв, 20-иос дээш бол хоёр тамирчин л оролцуулахыг зөвшөөрнө.

Ийм шалгуур давсны дараа оролцсон тэмцээнээс авсан онооны чансааг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд гарган, жин тус бүрт чансаагаараа эхний наймд бичигдсэн тамирчид олимпын эрх шууд авах нь. Мөн таван квот тив болгонд нэгийг өгөх бөгөөд чансаанд тухайн тивээс төлөөлөл багтаагүй тохиолдолд чансааны дарааллаар огшоон олгох юм.

Монголын хүндийг өргөлтийн эмэгтэй тамирчид цикл болон “Алтан” ангиллын тэмцээнд оролцох болзол биелүүлсэн. Одоо оноогоо ахиулах л чухал. Олимпын эрх авах магадлал хамгийн өндөр яваа нь ДАШТ-ий хошой хүрэл медальт, 81 кг-ын М.Анхцэцэг. Тэрбээр одоогийн байдлаар 1477 оноогоор жиндээ 17-д бичигдэж буй.

Мөн 64 кг-ын Г.Ануужин 1613 оноотой жиндээ 41-д, +87 кг-ын Э.Билэгсайхан 909,6 оноогоор жиндээ 29-д, 71 кг-ын О.Дархижав 815,8 оноотой жиндээ 54-т, 55 кг-ын Ч.Нямзул 614,6 оноотой жиндээ 70-д бичигдэж байна.

Ц.ЭНХТҮВШИН “Таван цагариг” сонины АНУ дахь тусгай сурвалжлагч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)