ТОЙМ: 25 төрлийн тоног төхөөрөмжөөр оношилгоо хийх хүчин чадалтай хүүхдийн эмнэлэг үүд хаалгаа нээлээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны 05 дугаар сарын 27-ноос 06 дугаар 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотын  хэмжээнд хийж хэрэгжүүлсэн гол ажлууд болон Хотын захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. 

Баянзүрх дүүргийн IX хороонд 50 ортой “Хүүхдийн амбулатори” ашиглалтад орлоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн IX хороонд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр баригдсан 50 ортой эмнэлэг нээлтээ хийв. Хотын захирагч С.Амарсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Баянзүрх дүүрэг бол 340 гаруй мянган иргэд, оршин суугчтай нийслэлийн хамгийн том дүүрэг. Тэр дундаа 0-16 хүртэлх насны 120 гаруй мянган хүүхэд багачууд энэ дүүрэгт амьдардаг. Гэр хорооллын захын дүүрэгт анх удаагаа олон улсын стандартад нийцсэн, хүүхэд багачуудад эрүүл мэндийн үзлэг, оношилгоог цаг алдалгүй үзүүлэх, хэвтэн эмчлүүлэх боломжтой, мөн 25 төрлийн тоног төхөөрөмжөөр оношилгоо хийх хүчин чадалтай хүүхдийн эмнэлэг өнөөдөр ашиглалтад орж байгаад баяртай байна” хэмээв.

Нийслэлчүүд хотын төсвийн орлого, зарлагыг “тольдож”, хяналт тавих боломжтой болов

Нийслэлийн ЗДТГ-аас донор байгууллагуудын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын иргэдэд зориулсан төсвийн эмхэтгэлийг анх удаа боловсруулан гаргаснаа олон нийтэд танилцууллаа. Дэлхийн Банк, Швейцарийн хөгжлийн агентлаг, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран боловсруулсан тус эмхэтгэл нь нийслэлийн 2019 оны батлагдсан төсөв, түүнд туссан төсөл арга хэмжээ, хөрөнгө оруулалт, хөтөлбөрийг иргэдэд хамгийн ойлгомжтой хэлбэрээр зурагжуулан, энгийн тайлбартайгаар хүргэж буйгаараа онцлог юм.

Талийгаачдын ар гэрийнхэнд хоёр өрөө байрны түлхүүр гардуулж өглөө

Ус сувгийн удирдах газрын харьяа Төв Цэвэрлэх байгууламжид дөрөвдүгээр сарын 17-нд үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн ажилтан харамсалтайгаар амиа алдсан. Амиа алдсан ажилтнуудын ар гэрийнхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан орон сууцны асуудал шийдэж өгнө гэдгээ амласны дагуу тус бүрт нь 56 ам метр бүхий хоёр өрөө байрны түлхүүрийг нийслэлийн удирдлагууд гардуулан өглөө.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” үүдээ нээлээ

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” нээлтээ хийлээ. Шинээр нээгдсэн энэхүү төв нь 250 өвчтөн хүлээн авах ортой, мөн тооны хүүхдэд гадуур амбулатори эмчилгээ үзүүлэх хүчин чадалтайгаас гадна хөдөө орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг, эхийн хамтаар 14-21 хоногоор хэвтэн эмчлүүлэх боломжтой аж.

СХД-ийн 158 дугаар цэцэрлэгийн өргөтгөл барих газрын асуудлыг шийдэв

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Хотын захирагч С.Амарсайхан нар СХД-ийн 24 дүгээр хорооны 158 дүгээр цэцэрлэгийн дэргэдэх Гэр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Хотын Захирагч гэр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаад гэр цэцэрлэг барьсан газар, зэргэлдээх 2-3 айлын газрыг зохих журмын дагуу авч, өргөтгөлийн барилга барих газрын асуудлыг нь шийдвэрлэхээр болсон юм.

Төв талбайн тохижилтын уралдаанд ирүүлсэн 16 бүтээлд иргэд, олон нийт саналаа идэвхтэй өгөхийг уриаллаа

Жанжин Сүхбаатарын нэрэмжит талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтын зураг боловсруулах 30 сая төгрийн шагналын сантай уралдааныг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зарласан билээ. 14 хоногийн хугацаатай дээрх уралдаанд материал ирүүлсэн мэргэжлийн 16 багийн бүтээлийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудаст байршуулаад иргэд олон нийтээс саналыг авч байгаа юм. Иргэдийн саналыг 5 хоногийн хугацаанд авч дуусаад, шалгаруулах комисс эцсийн дүнгээ гаргана.

“Найрамдал” зусланд хууль бусаар газар эзэмшиж буй зарим ААН-ийн газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын явуулын байр /автобус/ Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд ажиллалаа. НИТХ-ын 2009 онд тогтоол гарган цогцолборын тусгай хэрэгцээнд байсан 5220 га газрын 1220 га-г “Найрамдал” цогцолборт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл энэ га газраас 124 аж ахуйн нэгжид газар олгогдсон байгаа аж. Эндээс өнөөдөр хотын Захирагч нөхцөл байдалтай танилцан, одоогоор барилга, байгууламж бариагүй байгаа зарим аж ахуйн нэгжийн газрын зөвшөөрлийг цуцалсан юм. Цаашид үлдсэн  аж ахуйн нэгжийн мэдээлэл, газрын зөвшөөрөл, холбогдох бичиг баримтыг гаргаж, яаралтай танилцуулахыг Хотын захирагчийн зүгээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болголоо.

Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” баярын арга хэмжээ болов

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Монгол хүүхдүүд” баярын арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Хотын захирагч С.Амарсайхан Баярын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ "Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу энэ онд улс, нийслэлийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламжаар 30 сургууль, 73 цэцэрлэгийн барилга шинээр баригдаж ирэх намар хүүхдүүдээ хүлээн авахаар төлөвлөж байна. Мөн авто замын осол эндэгдэл хамгийн их гардаг 13 сургуулийн гадна гэрэлтүүлэг хийж, хурд сааруулагч, тэмдэг тэмдэглээ байршуулсаны зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жирийн хүүхэдтэй хамт суралцах нөхцлийг бүрдүүлэх тохижилтын ажлыг ерөнхий боловсролын дөрвөн сургууль дээр хийж байна. Хүүхдүүд та бүхний гэрэлт ирээдүйн замд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээлээ.

Нам даралтын болон халаалтын зуухнуудын ашиглалт, үйл ажиллагааг хариуцсан 451 байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2019 оны тавдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаас нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 16-100 квт/цаг хүчин чадалтай 2397 ширхэг нам даралтын зуух, 100 квт/цаг дээш хүчин чадалтай 451 ширхэг халаалтын зуухнуудын ашиглалт, үйл ажиллагааг бодлогын түвшинд шийдвэрлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерт хариуцуулсан. Ажлын хэсэг өнөөдөр халаалтын зуухнуудын үйл ажиллагаа, ашиглалтыг хариуцсан эзэдтэй уулзаж харилцан санал солилцож тулгамдаж буй хүндрэлтэй асуудлуудаар санал солилцлоо.

Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлж эхэллээ

“Мах сүүний анхдугаар аян”, Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаар хуралдааны тэмдэглэлийн дагуу нийслэлийн иргэдийн махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Жаргалант мах маркет ХХК, Эрүүл монгол мах эко ХХК нөөцийн махыг бэлтгэн, 2-4 кг-аар жижиглэн савлаж, хэрэглэгчдэд нийлүүлж эхэллээ. Бэлтгэсэн махыг Миний дэлгүүр ХХК -ийн “Миний дэлгүүр” сүлжээ, Моннидэр ХХК-ийн “Оргил” сүлжээ, Алтан жолоо трейд ХХК-ийн “Сансар” сүлжээ дэлгүүрээр 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдрөөс эхлэн үхрийн махыг 7200 төгрөгөөр, хонины махыг 6000 төгрөгөөр худалдан борлуулж байна.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)