Тойм: Улс төрийн "амьдрал" ороо бусгаа байна

Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг танилцуулж байна.

Улс төрийн талцал үргэлжилсээр байна

Өнгөрөгч долоо хоногт нэлээд дуулиан шуугиантай өнгөрлөө. Тодруулбал, энэ сарын 20-ны өдөр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй 27 гишүүн Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Огцруулах болсон үндэслэлээ тайлбарлахдаа "Нэгдүгээрт, ЖДҮ-г хөгжүүлэх сангийн хөрөнгийг албан тушаалаа урвуулан ашигласан. Энэ нь Монгол Улсын иргэн бүрт хуулийн өмнө тэгш эрхтэй байх нөхцөлийг зөрчсөн гэсэн үг. Энэ асуудалд нэр холбогдсон гишүүддээ хариуцлага тооц гэсэн саналыг хүргүүлсэн ч саналын хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Гэтэл одоог хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй байгаа нь Ерөнхий сайд алдаа дутагдал гаргасныг хаацайлж байна гэж үзэхээр өөр аргагүйд хүрч байна. Хоёрдугаарт, Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ биелүүлж чадахгүй байна. Үндсэн хуулийн хүрээнд ажиллах боломжгүй болсон тухайгаа өөрөө илэрхийлж, иргэдийг жагсаалд турхирах зэрэг буруу үйлдэл гаргасан. 

Гуравдугаарт, Ерөнхий сайд гадаадын иргэнд лиценз дамлан зарсан, өөрийн төрсөн дүүдээ төсвийн хөрөнгө шилжүүлсэн сайд нарт хариуцлага тооцож чадахгүй байна. Харамсалтай нь үүнийг үл ойшоож, ёс зүйн хариуцлага тооцох чадваргүй болтлоо доройтсон гэж харж байгаа.

Мөн оффшор бүсэд хөрөнгө нуусан хүмүүст хариуцлага тооцох, хөрөнгийг эх оронд эгүүлэн авч ирэх чиглэлд Засгийн газар тодорхой алхам хийгээгүй. Түүнчлэн төрийн албан хаагч ажлын байран дээрээ амиа алдсан, гадаадын тагнуулын байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрээс хүн хулгайлахыг завдсан зэрэг асуудлыг шийдвэрлэхэд тодорхой алхам хийхгүй байгаа зэрэг нь Засгийн газрыг огцруулах үндэслэл болж байгаа юм. Хүн хулгайлах асуудлыг Монгол Улсын Засгийн газартай тохиролцсон гэдгийг удаа дараа мэдэгдээд байхад өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөхгүй байна. Энэ нь бидний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг үл хүндэтгэсэн байдал гаргаж байгаа юм” хэмээсэн.

У.Хүрэлсүх: Миний эрх мэдлийн ч, хуулийн ч хүч хүрэхгүй байна

Өнгөрөгч баасан гарагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Ингэхдээ гурван шаардлага тавьсан учир Засгийн газрыг огцруулах гэж байна хэмээн мэдэгдэв. Тухайлбал, "УИХ-ын даргыг 60 тэрбумын хэрэгт холбогдсон учир үүрэгт ажлаа хүлээлгэж өг гэж шаардсан. Тэрээр Монгол төрийн албан тушаалыг хууль бусаар зарж, мөнгөжих гэсэн оролдлого хийсэн. Харин хэрэгжүүлсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Үүнийхээ төлөө УИХ-ын дарга М.Энхболд огцрох ёстой.

Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн даргыг огцруулах санал тавьсан. Шударга гишүүд огцруулж чадсан. Дараа нь Хотын захирагч С.Батболдыг ажлаа өгөхийг шаардсан. Өнөөдөр харин уг асуудлыг хэлэлцэж байна.

Энэ гурван шаардлыг тавьсны төлөө өнөөдөр Засгийн газрыг огцруулах гэж байна. Өнөөдөр найзаа сонгох уу, эх орноо сонгох уу гэсэн сонголт миний өмнө тулгарсан. Би эх орноо сонгохоор шийдсэн. Үүний дагуу Төрийн их цэвэрлэгээ эхэлсэн гэдгийг албан ёсоор мэдэгдье. Би хэнээс ч айхгүй байна. ЖДҮ-г хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдээс ард түмнээс уучлалт гуйх, хоёрдугаарт, авсан зээлээ эргүүлэн төлөхийг шаардаж байна" гэсэн юм.

Хотын дарга Су.Батболдыг огцруулах асуудлыг хойшлууллаа

НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар НИТХ-д Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс ирүүлсэн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг чиг үүргээ биелүүлээгүй учраас  үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг хэлэлцэх байсан. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор НИТХ дахь АН-ын бүлгийн горимын саналыг төлөөлөгч Э.Бат-Үүл танилцуулна гэдгийг бүлгийн дарга Ц.Баатархүү хэлснээр НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл намынхаа бүлгийн нэгтгэсэн горимын саналыг хэлсэн юм. 

Тэрбээр “Ерөнхий сайдаас хотын даргыг огцруулах тодорхой хуулийн үндэслэл бүхий саналыг НИТХ-д оруулсан. Ерөнхий сайд хотын даргыг огцруулах тухай саналыг тавьж байгаа асуудал нь нийслэлийн засаг захиргааны түүхэнд анх удаа болж байна. Ийм улс төрийн үйл явц урд нь болж байсан түүх байхгүй. Ерөнхий сайд, нийслэлийн Засаг дарга хоёр өөр өөр намын харьяалалтай байхад ч ийм зүйл болж байгаагүй. Энэ бол Улаанбаатар хотын түүхэнд анх удаа болж байгаа зүйл. Энэ нь хуулийн дагуу зөв явахгүй бол маш ноцтой зүйл болно. Нутгийн өөрөө удирдах ёсны байгуулллага үндсэн хуулийн институтын эрх хэмжээг дордуулсан хэрэг болно. Ингэж болохгүй. НИТХ-ын дарга С.Амарсайхан та ийм явдлыг хэрхэвч гаргуулж болохгүй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга ирээд байхдаа яадаг юм. Засгийн газрын тэргүүнийг эзгүйд нь орлох албан тушаалтан бол Шадар сайд  байдаг. Өөрөө байгаа үед эрх мэдлээ хэнд ч шилжүүлдэггүй. Нийслэлийн өөрөө удирдах байгууллагад асуудлыг ийм дорд үзсэн байдлаар оруулж ирж болохгүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийг ч бид зөрчихгүй. Нөгөө талаар ийм санал оруулж ирсэн Монгол Улсыг Ерөнхий сайдаас НИТХ төлөөлөгч бид  асуулт асууж, хариулт авах эрхтэй. НИТХ-ын төлөөлөгч бол иргэдээсээ сонгогдсон хүмүүс. Иймд ээлжит бус хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд оролцох хүртэл АН бүлэг завсарлага авч байна” гэдгийг хэллээ.

Үүний дараа НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун ч мөн бүлгийн нэгтгэсэн шийдвэрээ танилцуулсан. Ирэх оны төсөв хэлэлцэх гэж байгаа тул 14 хоногийн завсарлага авах санал тавьсан. НИТХ-ын  дарга С.Амарсайхан  хурлын даргын бүрэн эрхийн дагуу АН түрүүлж санал тавьсан учраас нэг цагийн завсарлага өгсөн гэдгээ мэдэгдсэнээр НИТХ-ын ээлжит бус хуралдаанд завсарласан. 

40 орчим гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, үгүй бол УИХ-ын чуулганд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нар мэдээлэл хийж, УИХ-ыг өөрөө огцрохгүй бол УИх-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгджээ.

Тухайлбал, тэд УИХ-ын дарга М.Энхболдыг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж, хуулийн дагуу ажиллах ёстой хэмээн үзлээ. Иймд 40 гаруй гишүүн их хурлын даргыг огцрох бичигт гарын үсэг зурсан бөгөөд УИХ-ын дарга хариуцлагаа хүлээж, ард түмнээс уучлалт гуйтал эсэргүүцэл (бойкот) зарлаж байна гэдгийг Ж.Батзандан хэллээ. 

Мөн "60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг шаардсаны төлөө Засгийн газрыг огцруулах гэж байна. Ерөнхий сайдыг огцруулах бичигт М.Энхболд дарга өөрөө гарын үсэг зурж, хүлээж авсан. Одоо энэ асуудлыг хэлэлцүүлэхээр сууж байна. Бүлэглэл, төрт ёс тусдаа байх ёстой" гэдгийг Т.Аюурсайхан гишүүн онцолсон юм.

"Очир" төвд 13 настай охины амийг хөнөөсөн этгээдүүдэд бүх насаар нь хорих ял оноолоо

"Очир" төвд амь насаа алдсан 13 настай охины хэргийг шүүх хурал өнгөрөгч баасан гарагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7, 2.11 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Амарболд, Д.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2018 оны арванэгдүгээр сарын 07-ны өдрийн захирамжаар яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүхэд шилжүүлж, тэдэнд холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг оролцогчдын саналыг харгалзан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цагт хийхээр товлон зарласан байсан. Харин шүүгдэгч Д.Жавхлангийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нь "эмнэлгийн байгууллагад шинжилгээ өгөх” үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргаснаар өнөөдрийн 10.00 цаг хүртэл шүүх хуралдааны хойшлуулаад байсан юм. 

Тэгвэл 23-ны өглөө 10.00 цагаас эхэлсэн шүүх хурал завсарлаж, шүүхээс охины амийг хэрцгийгээр хөнөөсөн Д.Жавхлан, М.Амарболд нарт бүх насаар нь хорих ял оноожээ. 

Ерөнхийлөгч бүхэлд нь тавьсан хоригоо өөрчилжээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тогтоолын төслийг уншиж танилцуулсан бөгөөд төгсгөлд нь Ерөнхийлөгч бүхэлд нь тавьсан хоригоо хэсэгчилсэн хэлбэрээр оруулж ирж байгааг мэдэгдсэн. Ингэхдээ Хууль зүйн болон Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын зарим гишүүний гаргасан хүсэлтээр улс орны тусгаар тогтнол, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тогтвортой байдал, нийгмийн зүгээс хүлээлт үүсэж байгаа нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр хоригт тавьсан асуудлуудыг уян хатан байдлаар шийдвэрлэх боломжтой хэмээн онцолжээ.

Мөн мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах, экспортлох үйлдвэрүүдийг байгуулах санхүүжилт гаргах боломж байгааг тодотгосон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)