ТОЙМ: УИХ-ын гишүүний БАЯРХАЛ


Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг багцлан хүргэж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга солигдлоо

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг албан тушаалаас нь огцруулсан.

Тодруулбал, энэ сарын 12-ны өдөр болсон МАН-ын УЗ-ын хурлаар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх бүлгийн дарга Д.Хаянхярвааг суудлаас нь буулгах санал тавьсан. Үүний дагуу МАН-ын бүлгийн хуралдаанаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн санал 29:29-өөр тэнцэж, дахин санал хураалт явуулсан байна. Ингээд хуралд нэмж ирсэн нийт гишүүдийн 32 нь дэмжиж, 28 нь эсрэг санал өгснөөр Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргын албан тушаалаас чөлөөлжээ. Түүний оронд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг бүлгийн даргаар томиллоо. 

Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “Улс төрийн хувьд амаргүй цаг үед бүлгийн даргын ажлыг хүлээн авч байна. Би цаашдаа дараахь чиглэлд анхаарч ажиллана. Нэгдүгээрт, УИХ-ын 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудал авсан. Тиймээс мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүлгийн үүрэг нэн чухал. Ойрын үед цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг намын Удирдах зөвлөл, бүлгээр хэлэлцүүлнэ гэсэн бодолтой байна. Хоёрдугаарт, УИХ болон бүлгийн гишүүдийн нэр хүндийг өргөх, эв түнжинг нэгтгэх, гишүүдийн эрхийг хамгаалах асуудал ч байгаа. Үүнд, шинээр сонгогдсон бүлгийн даргын хувьд онцгой анхаарал хандуулна. Энэ парламент хууль батлах үйл ажиллагаагаа маш сайн биелүүлж, доголдолгүй явж байгаа. Миний хамгийн гол үүрэг бол бүлгийн гишүүдийн эв нэгдлийг хангаж ажиллах гэдэгтэй санал нэг байна” гэсэн юм.

Ерөнхийлөгч 2019 оны төсөвт бүхэлд нь ХОРИГ тавиад ч "хүчирсэнгүй"

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын  тогтоолуудад бүхэлд нь хориг тавилаа. Энэхүү хоригоо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардуулан өгч, зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүссэн. Ингэхдээ "УИХ-ын гишүүд төсвөө чамбайруулахын оронд зураг төсөлгүй барилга, арга хэмжээг нэмэх, “гишүүний мөнгө”-ийг 5 тэрбумаас 8 тэрбум хүртэл өсгөх, Улсын Их Хурлын даргын төсвийг 15 орчим хувиар нэмэгдүүлэх зэргээр улам дордуулж, 42 гишүүний ирцтэйгээр хуралдан, 26 гишүүний саналаар улс орны “хөгжих эсвэл хямрах”-ын үндэс болдог төрийн чухал бодлогыг нэн хариуцлагагүй баталж байгаа нь Улсын Их Хурлын өнөөгийн бүрэлдэхүүний үйл ажиллагаанд эргэлзэх хандлагыг улам лавшруулж, улс төр, нийгэм, эдийн засгийн хямралыг бодитой болгох ноцтой үр дагаварт хүргэхээр байна" хэмээн онцолж, төсвийн бодлогоо эргэн харж, хууль зөрчсөн, улс орны хөгжлийн бодлого, зорилтод нийцэхгүй дараах асуудлуудыг засах зайлшгүй шаардлага байгааг Улсын Их Хуралд дахин сануулж, хориг тавихаас өөр аргагүйд хүрч байна гэлээ.

Харин Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 79, 80 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсныг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэнгүй.

Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшүүллээ

ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг нэр дэвшүүлж, 100 хувь дэмжсэн байна. Дараа нь УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах тухай асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 79 хувийн дэмжлэг авчээ. 

Харин УИх-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулсан юм. Учир нь Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан тул Засгийн газрын гишүүнийг томилуулах асуудал түр хойшлогджээ.

"Нэхүүл" хөдөлгөөний шаардлага зорьсон газраа хүрчээ

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзжээ. “Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөнөөс Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод хандан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас өөрийн болон хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгуулж, хуулийн цээрлэл хүлээлгэх ёстой гэсэн шаардлага ирүүлсэн билээ. 

Уулзалтын үеэр иргэн Л.Отгонбат, Д.Баянмөнх, О.Мөнх-Эрдэнэ нар нийгэмд шударга бус байдал газар авсны нэгэн жишээ нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, баялаг бүтээгчдийг дэмжих зориулалттай зээлийг УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан авсан нь увайгүй хэрэг мөн. Үүнийг бид иргэдийнхээ эрхэнд, нийгмийн баялагт халдсан нэг ёсны дээрэм, хулгай, эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж байна. Тиймээс хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой. Сайдаас огцруулаад юм уу, уучлалт гуйсан төдийгөөр өнгөрөх ёсгүй. Төрийн өндөр албан тушаалтан, жирийн иргэд ялгаагүй хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Иргэн О.Мөнх-Эрдэнэ Засгийн газрын тусгай сангуудыг шалгахдаа иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчид, татвар төлөгчдийн төлөөллийг оролцуулах, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн Төсөл шалгаруулалтын хороонд баялаг бүтээгчдийн оролцоог хангах  ёстой гэж үзэж байгаагаа хэлсэн байна. Үүний хариуд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлэхдээ "Та бүхний шаардлагад УИХ-ын дарга М.Энхболд хариу өгч байна. Үүнийг өөрийн биеэр гардуулан өгч, санал бодлоо солилцъё хэмээн урьсан юм. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан, зуучилсан үйлдэлд төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсоныг буруушаасан Та бүхний шаардлагыг хүндэтгэж  байна. УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарт албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөх шаардлагыг тавих үеэрээ энэ талаарх байр сууриа тодорхой илэрхийлсэн.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас ирүүлсэн шаардлагын дагуу нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг хууль тогтоомжийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын тусгай сангуудыг шалгах ажлын хэсэг байгуулах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэхийг УИХ-ын Төсвийн байнгын хороонд чиглэл болгосон гээд, УИХ-ын дарга М.Энхболдын “Хариу өгөх тухай” албан бичгийг гардуулж өглөө.

Уг албан бичигт гэмт хэрэгт холбогдсон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокуророос УИХ-д оруулж, УИХ шийдвэрлэхээр заасныг дурдаад, нэр бүхий гишүүдийн ёс зүйн асуудлаар дүгнэлт гаргаж, ёс зүйн хариуцлага тооцох, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын тусгай сангуудыг шалгах ажлыг хуулийн дагуу яаралтай зохион байгуулах чиглэлийг Төсвийн байнгын хороо, Ёс зүйн дэд хороонд өгснийг тэмдэглэсэн байна.

УИХ-ын гишүүн Б.Наранхүү "сайн ах" нэрийг "өвлөж" авлаа

УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын дүү ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 800 сая төгрөгийн зээл авсан нь олон нийтэд ил болсон. Үүнийгээ буцаан төлөх эсэхийг нь тодруулахад "Би зээлийг нь төлчихнө. Бас дүүдээ "Ах нь нэмээд хоёр тэрбум төгрөг хүүгүй өгнө өө. Наад төсөл чинь хэрэгжээд ирэхээр Монгол Улсад жилдээ 2-3 тэрбум төгрөгийн ашгийг оруулж ирэх юм байна. Тиймээс ах нь дэмжье" гээд хэлчихсэн байгаа. Тийм учраас та бүхэн тайван байцгаа.

Айлаас эрэхээр авдраа ух гэдэг үг байдаг. Би хажуудаа ямар эрдэнэ байгааг мэдээгүй байж. Эхэндээ дүүгээ чи чадах уу гэсэн харцаар харж чамлаж байлаа. Тиймээс анхааралтайгаар хийх гэж байгаа зүйлийг нь үзлээ. Ер нь хүн өөрийнхөө дүүг "Байж бай" гэчихээд шал танихгүй бөхөд ч юм уу тусламж үзүүлээд явдаг. Тийм учраас хажуудахаа анзаарч баймаар юм байна" хэмээн хариулжээ. Энэ бичлэг цахим сүлжээгээр тарж, шинэ цагийн "сайн ах" гэх нэрийг олон нийтээс хүртээд амжлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)