ТОЙМ МЭДЭЭ: Гэрлэн чимэглэл бүхий гудамж Улаанбаатарт нэгээр нэмэгдлээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны долоодугаар сарын 01-нээс долоодугаар сарын 05-ны өдрүүдэд Улаанбаатар хотын  хэмжээнд хийж хэрэгжүүлсэн гол ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

100 айлын авто замыг хэсэгчлэн хааж, шинэчлэн засварлана

Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын авто замыг долоодугаар сарын 01-нээс эхлэн хэсэгчлэн хааж шинэчлэн засварлахаар болоод байна. Энэ талаар нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “100 айлын авто замыг өнөөдрөөс эхлэн гурван хэсэгт хэсэгчлэн хааж шийнэчлэн засварлахаар шийдвэрлээд байна. Эхний ээлжинд долоодугаар сарын 1-10-ны хооронд 32-ын тойргоос Хангай хотхоны хойд уулзвар хүртэл хаана. Долоодугаар сарын 14-28-ны хооронд Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн газар хүртэл, долоодугаар сарын 28-аас наймдугаар сарын 15 хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэл хэсэгчилж хаана гэсэн ерөнхий төлөвлөгөөтэй байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад засвар шинэчлэлтийн ажил тав хоног урагшаа хойшоо болох магадлалтай” хэмээлээ.

Дүүргийн Засаг дарга нар албан даалгаврын хүрээнд хийсэн ажлаа тайлагнав

Нийслэлийн Засаг даргын “Хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2019 оны 03 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хэлэлцэх хурал боллоо. Хуралдаанд нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба оролцож, албан даалгаврын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хийж хэрэгжүүлсэн ажлын хэрэгжилтийн явцыг тус албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр танилцуулсан юм. Дараа нь дүүргийн Засаг дарга нар албан даалгаврын хэрэгжилтийн талаарх товч мэдээлэл хийв.

Цэвэрлэгээ угаалгын зориулалтын төхөөрөмжөөр хотын гудамж талбайг цэвэрлэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Хот тохижилтийн газарт ажилах үеэрээ цаашдаа хот тохижилтын ажилчдын ажлын ачааллыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхааран, цэвэрлэгээ үйлчилгээ, угаалгын зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл авч үйлчилгээнд нэвтрүүлнэ гэдгийг хэлж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өгч байсан юм. Үүний дагуу нийслэлийн Хот тохижилтын газрынхан шуурхай ажиллан зам талбайн үйлчлэгч нарын ажлын ачааллыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендер зарлаж, тус тендерт  “ДАЛУ” ХХК шалгарч, 20 ширхэг бага оврын цэвэрлэгээ, усалгаа, үйлчилгээний  төхөөрөмжийг богино хугацаанд нийлүүлсэн байна.

Гэрлэн чимэглэл бүхий гудамж нэгээр нэмэгдлээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2016-2019 онд нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд 4-6 метрийн өндөртэй том оврын нарс модыг нийт 54 байршилд 7225 нарс, 1482 гацуур модыг тарьсан.

Эдгээрээс 4500 модыг өвөрмөц шийдэл бүхий ногоон лэд гэрлээр гэрэлтүүлж хотын өнгө төрх, ногоон шийдэл бүхий олны талархлыг хүлээсэн ажил болсон билээ. Энэ онд Яармагийн гүүрнээс Нисэхийн аюулгүй тойрог хүртэл замын хойд талаараа 1278ш, урд талаар 1080 ш нарс модыг тарьсныг ногоон лед гэрлээр гэрэлтүүллээ.

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд зохион байгуулах ажлуудын талаар мэдээлэл хийлээ

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт зохион байгуулах арга хэмжээ, хийх ажлуудын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн ОБГ, нийслэлийн МХГ, НТҮГ, нийслэлийн Цагдаагийн газар хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг “Баяр наадмын үеэр зөвшөөрөлгүй ил задгай худалдаа их гардаг. Мөн иргэд Хүй долоон худагт уулан дээр майхан барьж, хуушуур зардаг. Энэ жил хоолны буюу хуушуурын зөвшөөрлийг аж ахуйн нэгжид олгосон. Учир нь хүнсний аюулгүй байдал болоод дараа нь хариуцлага тооцоход хялбар байх үүднээс болзол шаарддлага хангасан аж ахуйн нэгжид зөвшөөрөл олголоо” хэмээв.

Налайхын авто замын далангийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Замын ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх шаардлагатай. Бороо хуртай зун болж ьа бүхний ажлын ачааллыг нэмэгдүүлж байгаа ч гэсэн ямар нэгэн шалтгаанаар зам барилгын ажил удаашрах ёсгүй. Мөн ажлын явцад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах нь чухал” гэдгийг онцоллоо.

Монгол Улс анхны хурдны замаа нээлээ

Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн хоёр урсгалтай, зургаан эгнээ 32.2 км хурдны авто замын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Зам барилгын ажил гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй /EPC/ гэрээг БНХАУ-ын "Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп" ХХК 2015 оны есдүгээр сарын 18-нд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамтай байгуулсан байна. Ингээд 2016 оны зургаадугаар сарын 6-ны өдөр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байжээ. Туслан гүйцэтгэгчээр "Бадрах Ойл" ХХК, "Эрдэнэ зам" ХХК, "Ард капитал" ХХК ажилласан байна. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд  Шин Хаймин  болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн гэрээг байгууллаа

Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежмент төслийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр Монгол, Японы хамтарсан компанитай концессын гэрээ байгуулахаар болж гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Нисэх онгоцны буудлын менежментийг албан ёсоор эхлүүлэх ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Японы зам тээврийн дэд сайд, Зам тээврийн хөгжлийн сайд М.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тахаока Масато нар оролцов.

Сонсголонгийн гүүрийн барилгын ажлыг дуусгаж, хөдөлгөөнийг нээлээ

Сонсголонгийн хуучин гүүртэй зэрэгцээ шинээр барьж байгаа хоёр эгнээ, 289.4 м гүүрийн барилгын ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг нээлээ. Ингэснээр Сонсголонгийн гүүр хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй болж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, гүүрийн барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч “Бээжин Юни-Констракшн Групп”, туслан гүйцэтгэсэн “Гангүүр” ХХК-ийнхан болон холбогдох хүмүүс нээлтийн арга хэмжээнд оролцлоо.

ШУА-ийнхан НЗДТГ-т хамтран ажиллах судалгаа шинжилгээний санал, төлөвлөгөөгөө танилцууллаа

Нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр болон бусад холбогдох албаныхан ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, ШУА-ийн орлогч дарга Б.Бат-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар ШУА, нийслэлийн ЗДТГ 2010-2017 оны хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ, санамж бичгийн хүрээнд хийсэн ажлуудын товч танилцуулга, ШУА болон НЗДТГ хооронд хамтран ажиллахаар 2018 онд байгуулсан санамж бичгийг үргэлжлүүлэн 2019-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцсэн юм. Мөн ШУА, ЗТХЯ, НЗДТГ, ХБНГУ-ын Сансар судлалын төвтэй хамтран “Ухаалаг хотууд тогтвортой хийгээд хөдөлгөөнт байдал хурал”-ыг хамтран зохион байгуулах тухай, Хүрээлэн буй орчинд ээлтэй цас хайлуулах бэлдмэл, Улаанбаатар хотын халиа, хөрсний усны судалгаа, Улаанбаатар хотын хөрсний бохирдлын судалгааг хийж, бохирдлыг бууруулах, бохирдсон хөрсийг нөхөн сэргээх арга зүй, технологийн судалгаа зэрэг сэдвээр ШУА-иас хийсэн төслүүдийг хамтарч хэрэгжүүлэх асуудлуудаар хоёр тал санал солилцов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)