"Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монгол Улс загвар улс болох, олон салбарт манлайлах боломжтой"

GB4_4628

Монгол Улсад өнгөрсөн сард томилогдон ирсэн НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишраг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2003 оноос хойш НҮБ-д ажиллаж, сүүлийн жилүүдэд Зүүн хойд Азид ажиллаж байсан буюу бүс нутгийн нөхцөл байдлын талаар мэдлэгтэй хүн манай улсад томилогдон ирсэнд таатай байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн НҮБ Монгол Улсын хөгжлийн бодлогыг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлээд, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монгол Улс загвар улс болох, олон салбарт манлайлах боломжтой гэж үзэж буйгаа хэлж, энэ асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Ноён Тапан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын үеэр Монгол Улс тогтвортой хөгжлийн асуудлаарх 2030 он хүртэлх үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулсан нь маш сайн болсон гээд зарим асуудлыг нь хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн баримт бичигт тусгах асуудлаар санаачилгатай ажиллахаа илэрхийлсэн юм.

Уулзалтаар талууд мөн агаарын бохирдол, мансууруулах бодис зэрэг тодорхой сэдвийн хүрээнд санал бодлоо солилцсон бөгөөд ярилцсан сэдвийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж тодорхой ахиц, үр дүнд хүрэхээр зорьж ажиллана гэдгээ НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра илэрхийллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)