Теннисчин, тагнуулч Э.Марбл


Талбайн теннисний спортын түүхэнд олон эмэгтэй тамирчин нэрээ үлдээжээ. Гэхдээ тэдний хэн нь ч америк бүсгүй Элис Марблынхтай адил тавиланг туулаагүй юм. Гаднах төрхөөрөө Холливудын оддыг санагдуулам үзэсгэлэнтэй бүсгүй талбай дээр эршүүд, хүчтэй тоглолтоороо олон амжилтад хүрсэн төдийгүй дэлхийн II дайны үеэр тагнуулчаар ажиллаж байсан онцгой намтартай нэгэн билээ.

БЭЙСБОЛЫН БУС, ТЕННИСНИЙ ЦОХИУР

Э.Марблын амьдрал гэнэтийн эргэлт, содон явдлаар дүүрэн. Тэдгээрийн эхнийх нь түүнийг таван настайд тохиосон бөгөөд гэр бүл нь Калифорнийн Бекфорт хотоос Сан-Франциско руу нүүжээ. Эцэг, эх нь үйлдвэрт ажиллах болсон ч тэдний тайван амьдрал аавыг нь гэнэт нас барах хүртэл ердөө жил хэртэй үргэлжлэв.

Ийнхүү ээж нь таван хүүхдээ ганцаараа өсгөх боллоо. Элис том ахынхаа хамт ажил хийж, ээждээ туслахаас өөр аргагүй болов. Э.Марбл багаасаа төрөл бүрийн спорт сонирхдог байснаас бэйсболд хамгаас дуртай байлаа. Тэрбээр Тим ахынхаа хамт “San Francisco seals” багийн тоглолтыг үзэж, хувцас солих өрөөгөөр тоглогчидтой хүртэл танилцсан байлаа. Гэвч ах, дүүс нь түүний сонирхлыг дэмжсэнгүй.

“Тэд надад теннисний цохиур өгөөд бэйсболын цэнгэлдэх хүрээлэнгээс холхон байж, бөмбөгөөр айлын цонх хагалахаа болихыг, ер нь л хөвгүүд шиг биеэ авч явах хэрэггүй гэж хэлсэн. Би 13 настай байсан болохоор тэдний үгэнд орохоос өөр аргагүй болсон” гэж Марбл дурсжээ.

Ах, дүү нарынх нь бэлэг амьдралыг эгнэгт өөрчилнө гэдгийг охин тэр үед гадарлаагүй.

АВАРГЫН ЦОМУУД

Э.Марбл дүүргийнхээ теннисний талбайд тогтмол бэлтгэл хийхээс гадна сагсан бөмбөг, бокс, софтбол, америк хөлбөмбөг болон политехникийн дунд сургуульд өөр хэд хэдэн спортоор хичээллэж байв. Гэвч тамирчин охин 15 настайдаа аймшигт хэргийн хохирогч болов. Теннисний бэлтгэлийн дараа гэр рүүгээ харьж явахад нь түүн лүү үл таних эрэгтэй дайрчээ. Гэмт этгээд Э.Марблын нүүр лүү цохиж, ой мод руу чирч, хүчирхийлсэн аж. Энэ талаар Элис ээж, ах, дүүгийнхээ хэнд ч хэлсэнгүй. Олон жилийн дараа бичсэн номдоо л тэр талаар дурссан юм.

Э.Марбл бэлтгэлээ улам идэвхтэй, эрч хүчтэй, тогтмол хийх болсноор амжилтын шатаар урагшилж эхэллээ. Эхлээд хотын, дараа нь дүүргийн, эцэстээ улсын хэмжээнд өндөр амжилт гаргах болжээ.

Булчинлаг хөл, баруун, зүүн гарын хүчтэй цохилт, сайн давуулалт, хурд гээд олон давуу талтай Э.Марбл талбай дээрх эрс ширүүн тоглолтоороо эмэгтэйчүүдийн теннист гайхагдаж байв. Түүнчлэн үзэсгэлэнтэй бүсгүй олон хөгжөөн дэмжигчтэй болжээ.

1934 онд Элис 21 настайдаа Парист очиж, АНУ болон Францын багийн хоорондох цуврал тоглолтод оролцов. Гэвч эл аялал түүнд таатай дурсамж үлдээсэнгүй, учир нь тэрбээр Францад байхдаа сүрьеэгийн халдвар авав. Эмч нар түүнийг спортоосоо хөндийрч, нэг жилийн турш эмчилгээ хийлгэхийг зөвлөжээ. Удаан үргэлжилсэн эмчилгээний улмаас бараг хоёр улирал идэвхтэй бэлтгэл хийж чадаагүй Э.Марбл 1936 оны Америкийн нээлттэй тэмцээнд оролцох өргөдлөө өгөв. Гэвч тэмцээн зохион байгуулагчид түүнийг хангалттай эдгэрээгүй, бие нь ачаалал даахгүй гээд зөвшөөрсөнгүй. Хэрэв талбайд өөрт нь ямар нэг зүйл тохиолдвол огт гомдол гаргахгүй гэсэн өргөдөл Э.Марбл гаргаснаар зөвшөөрөл авчээ.

Талбай дээр түүнд үнэхээр ямар нэг зүйл тохиолдов. Тэр нь аваргын цом байлаа. Элис тэр дороо алдаршив. Тэрбээр гурван жил дараалан тус тэмцээнд түрүүлсэн төдийгүй 1939 онд Уимблдоны аварга боллоо. Элис ийнхүү ид үедээ буюу таван жилийн хугацаанд ганцаарчилсан, хос, холимог хосын төрөлд “Их дуулга” тэмцээний 18 түрүү хүртсэн юм.

Түүнчлэн Э.Марбл богино өмдтэй (шорттой) тоглосон анхны эмэгтэй теннисчин бөгөөд эхэндээ үүнийг нь хүмүүс дооглодог байв. Гэвч удалгүй эмэгтэй теннисчдийн байнгын өмсгөл болж хувирсан билээ.

Түүнийг хөгжөөн дэмжигч, бишрэгч олон байсны нэг нь Марблтай богино хугацаанд дотно харилцаа үүсгэсэн Ханс Штайнмец юм. Олон улирлын турш теннисний ертөнцийн хамгийн хурц оддын нэг байсан Элис 1940 онд зодог тайлахаа гэнэт зарлав.

АЛДАХ ЗҮЙЛ ҮГҮЙ

Тэрбээр үзүүлэх тоглолтуудад оролцохын зэрэгцээ агуу эмэгтэйчүүдийн амьдрал, хувь заяаны тухай өгүүлсэн DC комиксийн “Wonder woman” цувралд редактороор ажиллаж байв. Э.Марбл 1942 онд АНУ-ын агаарын цэргийн хүчний офицер, нисгэгч Жо Кроулитай гэрлэжээ. 1944 онд Ж.Кроули байлдааны үүрэг гүйцэтгэж байгаад амь үрэгджээ. Нөхөр нь нас барахаас хэд хоногийн өмнө Элис зургаан сартай ургаа зулбасан аж.

Хувь заяаын асар хүнд цохилтод орсон Э.Марбл амиа хорлохоор нойрсуулагч эм бөөнөөр нь уужээ. Аз болоход хүмүүс цагийг нь олж аварсан юм.

Түүнийг ажиглаж байсан АНУ-ын Тагнуулын төв газар тун удалгүй хүсэлт тавив. Элисийг Швейцарьт очиж, нацистуудын мөнгийг Германаас шилжүүлэхэд тусалж байсан хуучны амраг Х.Штайнмецтайгаа уулзахыг тагнуулын алба хүсэв. Теннисчин бүсгүй банкир эртэй ахин холбоо тогтоож, мөнгө шилжүүлж буй данс, банкны талаарх нууц мэдээллийг олж авах нь эл даалгаврын гол зорилго байсан юм.

“Амиараа дэнчин тавьж байгааг мэдсэн ч би зөвшөөрсөн. Амьдрах хүсэл ч байсангүй, амьдралаа золиход би тэр үед бэлэн байсан юм” гэж Э.Марбл намтар номдоо дурссан байдаг.

Европт амьдрахаар АНУ-ыг орхисон Х.Штайнмецыг Элис өөрийн зохиосон гайхалтай түүхээр уярааж чадав. Улмаар санхүүгийн онц чухал, нууц баримтуудын зургийг авч чадсан аж. Гэвч мэдээллээ дамжуулах үеэр түүнтэй уулзах ёстой тагнуулч бус, өөр хүн ирсэн байна. Илчлэгдсэнээ мэдсэн Э.Марбл зугатахыг хичээсэн ч чадалгүй, нуруундаа буудуулсан аж. Бие махбодын гайхалтай бэлтгэл, амьдрах хүсэл нь ахин сэргэсний ачаар тэрбээр дайснуудаасаа зугтаж чаджээ. Америкийн тагнуулчид цус их алдаж, ухаан алдсан Элисийг ойгоос олсноор агуу теннисчин, тагнуулч бүсгүй амь аврагдсан түүхтэй. Харин гайхалтай ой тогтоолтынхоо ачаар Элис гэрэл зургийн хальсанд байсан ихэнх мэдээллийг цээжилж, Америкийн тагнуулын албанд хэлж өгсөн гэдэг.

Дайны дараа Э.Марбл ахин нэг баатарлаг үйлс бүтээв. Тэрбээр африк гаралтай А.Гибсоныг АНУ-ын аварга шалгаруулах теннисний тэмцээнд оролцуулахыг уриалсан нийтлэлийг “American lawn tennis magazine” сэтгүүлд бичсэн юм. Агуу теннисчний үгийг тэмцээн зохион байгуулагчид хүлээж авахаас өөр арга байсангүй. Ийнхүү түүний ачаар А.Гибсон “Их дуулга” тэмцээнд оролцсон анхны хар арьст эмэгтэй теннисчин болжээ.

1964 онд Э.Марблийг теннисний алдрын танхимд мөнхөлсөн юм. Ийм гайхалтай амьдралыг туулж өнгөрүүлсэн Э.Марбл 1990 оны арванхоёрдугаар сарын 13-нд 77 насандаа АНУ-ын Палм Спрингс хотод амьсгал хураажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)