Теннисчид хөл хорио “зөрчиж” байна

Коронавирусийн дэгдэлтийн улмаас мэргэжлийн теннисний холбоод долдугаар сарын 31 хүртэл тэмцээн явуулахыг хориглосон. Теннисний улирал гуравдугаар сарын 18-нд “гэнэтийн зогсолтод” орсон бөгөөд хэзээ эхлэх нь өнөөг хүртэл тодорхойгүй байна. Гэсэн ч дэлхийн шилдэг теннисчид гурван сарын турш гэртээ гиюүрч суусангүй. Тавдугаар сарын эхээр теннисний төрөл бүрийн жижиг тэмцээн эхэлсэн юм. Харин энэ долоо хоногт Европ, Америк, Шинэ Зеландад хэд хэдэн тэмцээн болох төлөвлөгөөтэй байна.

Европын улсуудаас анхлан хөл хорионы дэглэмээ сулруулсан Герман улсад тавдугаар сарын эхэнд “Tennis point exhibition series”-ийн таван тэмцээн болж, дэлхийн чансаанд 300-400 дүгээр байрны хооронд бичигддэг тамирчид оролцсон. Эдгээр цуврал тэмцээн бөмбөг зөөгч, шугамын шүүгч, үзэгчгүй явагджээ. Өнгөрсөн сарын 16-нд С.Уильямсын дасгалжуулагч, Ницца дахь теннисийн академийн эзэн П.Муратоглу “Ultimate tennis showdown” тэмцээн зохион байгуулахаар зарласан ч Францын эрх баригчдын шаардлагын дагуу зургадугаар сарын 13 болгож хойшлуулав. Балканд болох “Adria Tour” цувралд Н.Жокович, Б.Корич, М.Чилич нарын хорват теннисчид мөн Д.Тим, Г.Димитров нар оролцоно. Оролцогчдын чансааг харвал АТР ангиллын дундаж тэмцээнтэй дүйцэхээр байгаа. Тус цувралын эхний тэмцээн энэ сарын 13-14-нд Белград хотод болно. Түүнээс гадна хамгийн өндөр чансаатай теннисчдийн тэмцээн долдугаар сарын 13-15-нд Берлинд болж магадгүй. Эл тэмцээнд домогт Р.Федерер, А.Зверев, Д.Тим, Н.Кирьос нарыг уриад байгаа юм. Удаан хугацаанд гэмтэлтэй байсан Э.Маррей энэ сард болох англи теннисчдийн тэмцээнд оролцох гэж буй мэдээлэл гарлаа. Теннис сонирхогчдын хувьд энэ нь чихэнд чимэгтэй мэдээ гэж болно.

Энэ зуур эмэгтэй теннисчид ч зүгээр суусангүй. Чехийн Прага хотод тус улсын теннисчид оролцсон тэмцээн болсон бол өчигдөр өөр нэг тэмцээн эхэллээ. Украины Ирпен хотод нутгийн найман шилдэг теннисчин оролцсон “UTF Ladies Invitational” тэмцээн болж байгаа. Харин энэ сарын 23-28-нд АНУ-ын Чарльстон хотод Б.Андрееску, М.Кис, С.Стефенс, В.Азаренко, М.Пуиг, Б.Маттек-Сэндс, С.Кенин нарын оролцсон тэмцээн явагдах хуваарьтай.

Энэ мэтчилэн мэргэжлийн тэмцээнүүд албан ёсоор цуцлагдсан ч теннисний ертөнц бүрэн зогсоогүй байна. Хэрэв хөл хорио удаан хугацаанд үргэлжилбэл тоглогчид энэ мэтчилэн зохион байгуулагч, холбоо, байгууллагын оролцоогүй төрөл бүрийн тэмцээн зохиох нь элбэгшинэ. Тэр цагт коронавирусээс өмнөх ертөнцөд явагдаж байсан зарим том тэмцээн түүх болон үлдэх аюул учирч мэдэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)