Теннисний ертөнцийн шинэ “од” ОЛИМПИЯ

Серена Уильямс Австралийн нээлттэй тэмцээнийг ялалтаар эхлүүлэв. Эдүгээ 37 настай америк бүсгүй эхний тойрогт Татьяна Марияд ердөө хоёр гэйм алдсан юм. Нэрт тамирчин маань амьдралынхаа хамгийн гол хүний хамт хоёр жилийн өмнө Мельбурнд ялалт байгуулснаас хойш анх удаагаа Австралид хүрэлцэн ирээд буй. 2017 онд Серена найман сартай жирэмсэн байхдаа Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлснийг сануулъя. Тэрбээр өнгөрсөн жил уг тэмцээнийг өнжсөн агаад энэ жил охин Алесксис Олимпиягийн хамт тус улсад ирэв.

ИНСТАГРАМЫН АЛДАРТАН

А.Олимпияг хэдхэн сартай байхад аав, ээж нь инстаграмд хаяг нээж өгчээ. Ердөө нэг долоо хоногийн хугацаанд охин 45 мянга гаруй дагагчтай болсон бол эдүгээ хагас саяд хүрчээ.

Олимпиягийн хайртай хүүхэлдэйг Qai Qai гэдэг. Энэ хүүхэлдэй нь ч инстаграмд хуудастай бөгөөд 90 мянга гаруй дагагчтай. Qai Qai Серенагийн гэр бүлийн бүрэн эрхт гишүүн бөгөөд Олимпия, Серена, Алексис Оганяны хамт теннисний тэмцээнд оролцохоор олон улсаар аялдаг. “Охины минь анхны хүүхэлдэй нь хар арьстай байгаасай гэж хүссэн юм. Учир нь би багадаа ийм хүүхэлдэйтэй болохыг мөрөөддөг байлаа. Харин хоёр дахь хүүхэлдэй нь цагаан арьстай байх болов уу. Гэхдээ би охиноо арьсны өнгөөс үл хамаарч хүн хүнээ хайрлах, хүндэтгэх зарчимд сургана” гэж Серена ярьжээ.

ТЕННИСЧИН ЭЭЖИЙН ХҮҮХДҮҮД

АНУ-ын Индиан-Уэллст болсон тэмцээний үеэр зургаан сартай Олимпия Беларусийн теннисчин Виктория Азаренкогийн хүү Леотой танилцжээ. Ээжүүд нь талбайд бэлтгэлээ базааж байх зуур тэд дорхноо нөхөрлөж, хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлсэн аж. “Олимпия Леог найз хөвгүүнээ гэж боддог тухай Серена надад хэлсэн” хэмээн Виктория өгүүлэхэд дэргэд нь зогсож байсан Серена толгой дохин зөвшөөрч буй хөгжилтэй бичлэг интернэтэд бий.

Олимпия харин Мельбурнд ирээд Татьяна Мариягийн охин Шарлоттой танилцжээ. Охин таван настай бөгөөд теннисний олон том тэмцээний хүүхдийн өрөөгөөр зочлоод амжсан “архаг” нэгэн юм.

Тун удахгүй тэдгээр өрөөнд Цветана Пиронкова, Вера Звонарева, Елена Веснина, магадгүй Катерина Бондаренко нарын хүүхдүүд нэмэгдэнэ.

Жич: В.Уильямс Австралийн нээлттэй тэмцээний гуравдугаар тойрогт дэлхийн чансааг тэргүүлэгч С.Халепт ялагдсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)