Тектоник бүжгийн онцлог нь хурд

Хэд хоногийн өмнө болсон битбоксын тэмцээний үеэр шоотой цамц өмссөн зургаан залуу Австралийн “Wolfmother” рок хамтлагийн хөгжмийн хэмнэлд өвөрмөц хөдлөн бүжиглэсэн нь залууст тун их таалагдсан. Бусдаас үргэлж содон байж чаддаг тэд “Teckbros” хамтлагийнхан юм. Монголын анхны тектоник бүжгийн хамтлагийн залуус М.Мөнх-Од, Х.Тулга, Н.Галсандорж, Б.Билгүүн, Ө.Отгонбат, Н.Мөнгөнтулга нартай ярилцлаа.

-Хамтлагийнхаа тухай товч танилцуулна уу?

-Тус тусдаа бүжиглэж байсан бид жилийн өмнө нэгдсэн. Хамтлагийн нэр маань “Тектоник ахан дүүс” гэсэн утгатай. -Сүүлийн үед энэ төрлийн бүжиг залуусын сонирхлыг татаж, тархаж байна. Анх хаана, хэзээ үүссэн юм бол?

-Тектоник бол харьцангуй залуу урсгал. 2000 онд Францын “Metropolis” клубт үүссэн гэдэг. Дотроо тектоник, milky way буюу сүүн зам, электро гэсэн гурван төрөлд хуваагддаг. Энэ бүжгийн гол онцлог нь гар, бэлхүүсийн хөдөлгөөн, хурд. Нэг төрлийн бүжиг ч дотроо өөр өөр онцлогтой, биеийн оролцоогоор ялгардаг.

Тухайлбал тектоникт 80 хувь нь гар, 20 хувийг хөлийн хөдөлгөөн эзэлдэг. Сүүн зам урсгал 60:40-ийн харьцаатай. Хамгийн сүүлийн үеийн чиглэл болох электро бүжигт бүх биеийн хөдөлгөөн шаарддаг. Хамгийн хурдтай нь юм.

-Монголчууд хэдийнээс эхлэн энэ бүжгийг мэдэх болов?

-Монголын Электро бүжгийн холбоо 2009 онд байгуулагдсан нь тектоник бүжиг хөгжих эхлэл болсон. Бид энэ холбооны гишүүн хамтлаг бөгөөд Монголдоо анхдагчдын нэг. Долдугаар сард тектоник бүжгийн тэмцээн болж, 500 гаруй хүн оролцсоноос манай залуусын дунд энэ бүжиг хурдацтай тархаж байна.

-Монголд болсон анхны тектоник бүжгийн тэмцээн байсан уу?

-Тийм. Энэ тэмцээнийг улирал тутамд зохион байгуулаад, ялсан хамтлаг нь БНСУ-д болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орох эрх авна.

-Тектоник бүжиглэх болсон шалтгаан юу вэ?

-“Уoutube”-ийн бичлэгээр анх тектоник бүжигтэй танилцаж байлаа. Үнэнийг хэлэхэд эхлээд тийм ч таалагдаагүй. Нэг л хачин, тэнэг ч гэмээр хөдөлгөөнтэй санагдсан. Сүүлдээ дуурайх гэж оролдон, найзуудтайгаа хамтарч туршсаар байгаад дуртай болсон доо. Хамгийн эрч хүчтэй бүжиг бол тектоник.

-Танай хамтлагийнхан сургалт явуулдаг гэсэн.

-Электро бүжгийн холбооны үйл ажиллагааны нэг хэсэг нь сургалт. 12-19 насныхан голчлон сурдаг. Бид хичээлээ заадаг.

-Тэгвэл шавьтай болоод амжжээ. Та нарын багш хэн бэ?

-Бидний багш “Уoutube”. Тэндээс л сүүлийн үеийн төрөл, шинэ хөдөлгөөн сурдаг. Угаасаа их энгийн юм.

Энэ бүжгийг илэрхийлдэг тусгай стиль, имиж гэж бий юү?

-Хүссэн хувцсаа өмсөж болно. Гэхдээ тектоник, электро бүжигт 1980-аад оны хувцасны стиль зонхилдог. Скинни өмд, бариу футболк, шоотой цамц, тод өнгө зэрэг нь имиж болдог.

-Хамтлаг, дуучид сүүлийн үед үндэсний уламжлалыг уран бүтээлтэйгээ хослуулах болсон. Энэ талаар бодож төлөвлөсөн зүйл байна уу?

-Бодсон юм байгаа. Үндэсний хөгжмийн аянд тектоник бүжиглэх, ардын бүжгийн элементээс тусгах тухай төлөвлөсөн.

-Шинэ, залуу хамтлагууд гарч ирээд удалгүй л сураг тасарчихдаг.

-Ахан дүүсийн харьцаатай гэж түрүүн хэлсэн. Тэр утгаараа нэг нэгнээ хүндлэх, ахлагчийнхаа үгэнд орох, харилцан сурах, зөвлөх юм их бий. Бүжиглэхийг бид чөлөөт цагаа зөв өнгөрүүлж байгаа хэлбэр биш ажил гэдэг үүднээс ханддаг.

-Таван жилийн дараа өөрсдийгөө хэрхэн төсөөлж байна вэ?

-Ойрын хоёр жилийн хугацаанд Азид танигдах төлөвлөгөөтэй байна. Байнга бэлтгэл хийж, ажиллаж байгаа. Хоёр жил гэдгийг санаанаасаа зохиогоод хэлж байгаа юм биш л дээ. Өрсөлдөгчдөө судалж үзсэн. Монгол залуус дэлхийн залуучуудаас юугаараа ч дутахгүй. Хамгийн гол нь эв нэгдэлтэй, чадвартай, хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. тектоник Монголд мэргэшсэн багш байхгүй шүү дээ.

-Гадаад хамтлагуудаас суралцахаас өөрөөр ур чадвараа яаж хөгжүүлдэг вэ? Өөрсдөө хөдөлгөөн зохиодог уу?

-Хамгийн сүүлийн тоглолтдоо өөрсдийн зохиосон бүжгийг сонирхуулсан. Бичлэг хараад шууд дуурайх биш, санаа нэмж, баяжуулах тохиолдол олон бий.

-Ямар ч төрлийн бүжигт хөгжим салшгүй нэгэн хэсэг болдог. Та нарын сонгосон ая бусад хамтлагийнхаас арай өвөрмөц санагдсан.

-Бид ихэвчлэн рок дууны электро хувилбарт бүжиглэдэг. Бас “Масс” клубийн дижи бидэнтэй хамтарч ажилладаг.

-Хувцаслалтын тухайд

Тектоник бол харьцангуй залуу урсгал. Тектоник, сүүн зам, электро гэсэн гурван төрөлд хуваагддаг. Энэ бүжгийн гол онцлог нь гар, бэлхүүсийн хөдөлгөөн, хурд. Нэг төрлийн бүжиг ч дотроо өөр өөр онцлогтой, биеийн оролцоогоор ялгардаг.

 Х. Эгшиглэн


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)