Та нартаа БАЯРЛАЛАА

Балдоржийн НАНДИНТҮШИГ, НОМИНТҮШИГ


 

“Зураач болох мөрөөдөлтэй, давжаа биетэй, хар үстэй, гаж хоолойтой нэгэн герман эр дэлхийн хүн бүрийг шаргал үс, цэнхэр нүд, тэгш сайхан биетэй болгох зорилго тавьсан гэнэ. Тэр хүслээ цэрэг зэвсгийн хүчээр биелүүлэх бололтой. Оросоор дамжин манай хилээр орж ирж магадгүй энэ аюулыг зүгээр хүлээгээд сууж болохгүй.

Цэнхэртэн харагдах уулсын дээгүүр нүүх үүлсийн сиймхийгээр дүүлэн нисэх шувууд л манай хилээр чөлөөтэй нэвтэрнэ. Үзэгдэх зураас үгүй хэрнээ өвөг дээдсийн минь арга мэх, эрэлхэг зориг, сэтгэлийн хатаар бүтсэн энэ хилийн зурвас дотор л би эцэс төгсгөл нь үл харагдах эх оронтойгоо адил уужуухан байж чаддаг.

Өнчин хүүгийн заяаг дэлхийд цуутай жанжиныхаар сольсон Чингис хааны цус судсаар нь урсаж байгаа монголчууд давшдагаас биш, хулчийж зугтах гэдгийг мэдэхгүй.”

Дөрвөн уулын дунд, хурдан морины нуруун дээр өссөн монгол эр дэлхийн хоёрдугаар дайнд оролцохоор ийн шийдэв. Хахир хүйтэн Оросын өвөл Гитлерийн цэргийг сөхрүүлсэн ч тэр бууж өгсөнгүй. Элгэн нутгаас нь ирсэн бэлгийн цуваа, халуун сэтгэл түүнд тусалсан болов уу.

Зүүж явсан ээмгээ хүртэл тайлаад, фронт руу явуулсан тэр эмэгтэй энэ цэргийн ээж нь ч байсан юм бил үү. Зөвлөлтийн эх орны дайны үед бэлэглэсэн хагас сая гаруй морьдын цөөнгүй нь Берлин хүрч, хүн төрөлхтнийг эрх чөлөөтэй болгосон.

Магадгүй энх цагт төрсөн хойч үе нь түүний амь насаа зориулсан энэ дайны түүхийг улс төрийн уур амьсгалаас хамааран гуйвуулж, дэлхий дахин монгол цэргийн оролцоог мартаж магадгүй. Гэхдээ энэ бол тэдний л хүн чанарын асуудал.

Монгол гэж нэрлэх газар нутгийг үр хүүхдэдээ үлдээж, Орос болон тэдний хамсаатнуудыг нь дэлхийн хөрснөөс арчих төлөвлөгөөтэй фашистуудын эсрэг тэмцэх нь түүний үүрэг байсан юм. Эх орон гэж дуудах газар нутгийг бидэнд үлдээсэн ахмад дайчдадаа баярлалаа.

Монгол гэсэн бүхнийг хамгаалах тангараг өргөсөн монгол цэргүүддээ баярлалаа. Дэлхийн түүхнээ энхийг сахиулагч хэмээн эх орноо дуурсуулсаар яваа та нартаа баярлалаа. Эх орноо сэтгэлдээ тээж явдаг хүн бүрт баярлалаа. Эх орон минь ганц.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)