Та зөв амьдарвал бусад нь үлгэр авна

Эвтэйхэн, хөнгөн хувцаслаад хотынхоо гудамжаар тааваараа алхаж явах сайхан. Бухимдсан бол тайвширч, гунигласан бол сэргэх нь бий. Гэтэл заримдаа эсрэгээрээ ундууцан гэртээ харьдаг. Зөрөөд өнгөрөх нэгэн дайрч унагах шахаад, эргэж ч харалгүй одох, олуул эгнээ болон явах залуус өмнө нь хүн явж байгааг хараад, цуварч өнгөрөхгүй, тэр чигтээ дайрахдаа хамж авч явчих гэх, олон хүнтэй гудамжинд гараа хямгадахгүй савчиж бусдыг цохиж авах, дэлгүүр, эмийн санд араас орж ирсэн хэрнээ урдуур өрсөж үйлчлүүлэх, түүнийгээ их мундаг мэт бодож сайрхах, хэлэхэд “Юу гэчихэв ээ” гэх шиг гайхаж харах, мөнгөний машинаар өөртөө үйлчлэхэд мөрөн дээгүүр шагайж харах, бүр дансны үлдэгдэл харалцах нь холгүй аашлах зэргээс болоод тавгүйтдэг.

Ялангуяа аль нэг тийш орох гээд хаалга татахад урдаас түрж, заавал урьтаж гарахаар дайрах залуус түвэгтэй, бас хөөрхийлөлтэй. Тийм хүмүүсийн амнаас гарах гурван үгийнх нь нэг хараал байх нь олонтаа. Яана даа, олон нийтийн дунд биеэ авч явах соёлгүй юм гэж бодоод, тэгж байгаад эрхбиш хотын соёлд суралцах биз гээд орхиж болно л доо. Гэтэл энэ бүхэн бусдад, ялангуяа орчин тойрны хүүхэд багачуудад вирус мэт халдвартай тул хэлэхгүй, бичихгүй байхын аргагүй. Ийм хүн олон байх, алхам тутамд төвөг учруулахын хэрээр их хотын ямар ч иргэний “Би хотын хүн” гэх бардамналын хувь багасаж байгаа юм.

Улсын хүн амын гуравны нэг орчим нь оршин суудаг нийслэл одоохондоо сэлүүхэн, замын түгжрэл харьцангуй бага байна. Наймдугаар сарын 15 гэхэд бүх шатны сургууль болон цэцэрлэгтэй холбоотой ажил ар араасаа ундарч, хөдөлгөөн ихсэхэд машин тэрэгний дуут дохио хангинаж, элдэв саад бэрхшээлээс болж бухимдсан хүмүүс нэгнийгээ эвгүй харж эхэлнэ. Улаанбаатарын сүүлийн 20-иод жилийн амьдрал ийм л байгаа, ойрын ирээдүйд сайжрах төлөв алга. Дээр дурдсанчлан гудамжаар явж байхад сэтгэл тавгүйтэх шалтгаан олон байхад буруу гарын нөхөд цүнх рүү дайрч, цөс хагалах шахах нь эмгэнэл.

Эргэн тойронд хүн ч, хоёулхнаа ч байсан торох юмгүй нүд рүү харж байгаад улайрдаг болсон байна билээ, нийслэлийн минь халаасчид. Ялангуяа урт оосортой цүнх мөрлөн, унжуулж яваа үедээ тун болгоомжтой байхгүй бол зөрж өнгөрөх, эсвэл түрүүлж гүйцэх дүр эсгэмэгцээ нүд ирмэхийн зуурт онгойлгож байна. Хулгай хийх гэж байсныг нь мэдмэгц зүрх бэлбэлзээд, гар, хөл чичрээд ирнэ. Нэг газарт ойрхон дараалан халдлагад өртөх бүр эвгүй.

Хулгайч нар хэн, хэзээ, хаагуур, хэрхэн алхаж явдгийг судалчихсан байдаг бололтой. Тийм болохоор тогтмол явдаг замаараа ч анхаарал болгоомжтой өнгөрөх хэрэг гарч байгаа юм. Ингээд аваад үзэхээр заримдаа төрөлх хотдоо сэтгэл тайван, санаа амар алхаж явах арга алга. Гэмт хэргийн шинжтэй энэ мэт үйлдлийг алгасаад, бусад, их хотод амьдрах соёлд суралцаагүй, дадал хэвшил болгоогүй, хэн нэгнээр заалгаагүй залуус дүү нарт хандаж хэлэх хэдэн зүйл байна.

Нийслэлийнхэн орон нутгаас оюутнууд ирэх үеэр бужигнах нь илүү байдаг. Шинэхэн оюутнуудыг эцэг, эх нь дагуулж, эсвэл дагаж ирдэг. Хөдөөний хүмүүс байтугай, хотынхон төөрөөд байх болсон хотод зүг чигээ олохгүйгээс авахуулаад зүйл бүрээр мунгинана. Энэ ч яах вэ, түр зуурын асуудал. Есдүгээр сарын 1 болоход багасна. Гэсэн ч их, дээд сургууль, МСҮТ-үүдэд сурахаар хэдэн мянган “шинэхэнүүд” хотын хүн болохоор үлддэг.

Мөн түрүү жил элссэн, түүний өмнөх онд нийслэлд ирсэн нь ч зан, харилцаа, төлөвшил, хөгжлийн хувьд өнөө янзаараа л байх нь бий. Зөвхөн орон нутгаас ирсэн нь соёлгүй гэж байгаа юм биш. Хотод төрж өссөн ч, амьдрал ахуйн нөхцөл, эцэг эхийн нөлөө, гэр бүл, ах дүүсийн харилцааны орчин, багш, сурган хүмүүжүүлэгчдийн мэдлэг, боловсролоос хамаарч хүүхдүүд янз бүрээр хүмүүжиж төлөвшдөг. Зарим нь бүр ухамсаргүй. Эцэг эхээ үл тооно, эмээ, өвөөгөө залилна. Хараалын

...Хүүхэд залуусын хүмүүжил, төлөвшилд эцэг, эх, гэр бүл, сургууль, багшийн нөлөө урьдын адил чухал гэдэг нь бүх талаар нотлогдож байгаа. Аль нэг нь дутагдвал тэр хэрээр хүмүүжил доголдоно. Аль аль нь зуун хувь сайн байвал тэр төгс хүмүүжил. Хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэхээ, юу зааж, яаж чиглүүлэхээ бусдаар хэлүүлэлгүй мэддэг аав, ээжүүдтэй юу ярих вэ...

үг урсгана, ажил хийсэн ч аргалж, ар, өврөөр гүйнэ. За тэгээд ийм, хүмүүжил, төлөвшлийн суурь муутай нөхөд насанд хүрэв үү, үгүй юү, дээд сургууль төгссөн болоод улс төрд тоглогчдын цүнх баригч болоод давхичих нь бүр хортой. Суурь хүмүүжил, биеэ авч явах соёл, оюун санааны төлөвшил хоорондоо шууд хамааралтай.

Социализмын үеийн Монгол нийгмийн бүтцийн хувьд ажилчин, малчин ангитай, сэхээтний давхаргатай байлаа. Хэн аль ангийнх болох нь эзэмшсэн мэргэжил, боловсролын түвшнээс хамаараад ойлгомжтой, тэдгээр ангид хамаарах иргэдийн амьдрал, гэр бүл зохиож байсан бай

дал нь ч хэм хэмжээтэй байлаа. Их, дээд сургуулиудад гоо зүй, ёс зүйн хичээл зааж байв. Дээд боловсролтой хүмүүс тодорхой мэргэжил эзэмшиж, тэр чиглэлээр ажил хөдөлмөр эрхэлж амьдрахын зэрэгцээ нийгмийн гишүүний хувьд олон нийтийн дунд биеэ хэрхэн зөв авч явах, үүний тулд хаанаас хэрхэн эхлэх, хэнийг үлгэр болгон даган дуурайвал зохилтой талаар ярьж, хэлж өгдөг, маш их бичдэг байлаа.

Энэ нь тухайн цаг үеийн шаардлага, аж төрөх ёсны зарчим ч байлаа. Тухайн жилүүдэд ЗХУ болон барууны цөөн оронд их, дээд сургуульд суралцаж, хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөрлөж ирсэн залуус бусдад үлгэр болж байв. Хотын хүн болохыг яарсан залуус Дуурийн болон Драмын театр орчимд эргэлдэж өнөөх гоё сайхнаараа алдартай жүжигчин Рэнцэнноров, Гомбосүрэн, Л.Цогзолмаа, дуу хоолойн гайхамшиг, хувцаслалт, үс засалтын загвар, алхах гишгэхийн үлгэр үзүүлдэг Г.Хайдав, Хавлааш гээд тухайн үеийн урлаг соёлын тэргүүлэх сэхээтнүүдийг харах гэж ажил тарах үед нь амдаж зогсдог байсан түүх бий.

Ямартаа л Б.Явуухулангийн дууны шүлгийн баатар “шөнөдөө гэрэлтэм царайлаг” амрагийг нь ганц удаа ч болов харчих юм сан гэж хайж явах билээ. Тэр үеийн залуус тийм хүсэл, эрмэлзэл дүүрэн байсан нь тухайн үед заадаг байсан гоо зүй, ёс зүйн хичээлийн үр дүн байсан ч байж мэднэ.

Өнөө үед энэ бүхэн хэрэггүй, цаг өөр болсон, дэлхий ертөнц өөрчлөгдсөн, мэдээллийг хаанаас л бол хаанаас авна, өөрсдөө хүмүүжиж, төлөвшинө гэж бодож байгаа бол эндүүрэл юм. “Хүн хэлэхээс наашгүй, цаас чичихээс наашгүй” гэдэг үнэн аж. Хүүхэд залуусын хүмүүжил, төлөвшилд эцэг, эх, гэр бүл, сургууль, багшийн нөлөө урьдын адил чухал гэдэг нь бүх талаар нотлогдож байгаа.

Аль нэг нь дутагдвал тэр хэрээр хүмүүжил доголдоно. Аль аль нь зуун хувь сайн байвал тэр төгс хүмүүжил. Хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэхээ, юу зааж, яаж чиглүүлэхээ бусдаар хэлүүлэлгүй мэддэг аав, ээжүүдтэй юу ярих вэ. Гэтэл энэ “онц” дүн тавих үзүүлэлт нийгэмд хэдэн хувьтай байдаг юм бол. Хэрвээ хувь өндөр байдаг бол энд ингэж бичихийн хэрэг үгүй юм.

Тэгэхээр “нийгэмшиж амжаагүй” залуус дүү нарт хэлэхэд, хэрвээ элсэж орсон их, дээд сургууль тань гоо зүй, ёс зүйн хичээл заахгүй, олон нийтийн дунд биеэ хэрхэн зөв авч явах талаар “А” ч гэж дуугарахгүй байвал, мөн хотын соёлд эртхэн суралцмаар байвал хэрхэх талаар өөрсдөө эрж хай. Нэмэр болох болов хэмээн санаж хэдхэн зүйлд анхаарлаа хандуулахыг хүсье.

Аливаа хариу үйлдлийн чанар, чансаа юмыг хэрхэн ойлгож, хүлээж авахаас эхэлнэ. Өөрийгөө илэрхийлэх чадварт хурдан суралцах, эсэх ч үүнээс эхтэй. Бусдыг, ялангуяа багш, сурган хүмүүжүүлэгчид, түр ажиллах байгууллагын ажилтан, удирдлагууд, олон нийтийн байгууллагынхан зэрэг харилцааны туршлагатай хүмүүсийн хэлж, ярихыг анхааралтай сонсон, ойлгож аваад, маш хурдан боловсруулж, хариуг оновчтой өгөх дадалтай бол.

Мэргэжилдээ эзэн, салбартаа хүлээн зөвшөрөөгдсөн, улмаар нийгэм таньдаг болсон мэргэжилтнүүд, соён гэгээрүүлэгчид, нийгмийн зүтгэлтнүүд уулзалт, лекцэнд сууж бай. Хичээлд тань бус ч, хүн байхад тань хэрэгтэй мэдээлэл, мэдлэг олж авна.

Интернэтээс хэрэгтэй мэдээллээ олж авч, түүнийгээ өөрт өгөөжтэйгөөр ашиглаж сур. Түүнээс биш цаг үрсэн, дэл сул мэдээлэлд залуу насаа бүү үр.

Хичээлийн бус цагаар сайн дурын ч болов ажил хийж, бусад хүн юуг яаж хийж байгаатай танилц. Аль болох томоохон компани, олон улсын байгууллагуудаар орж үз. Байгууллагын соёл хэмээх асар үнэ цэнэтэй зүйлийн талаар эрт мэдлэгтэй болох нь чухал. Тэгэх зуурт бусадтай харилцаж сурна. Өөрийгөө ойлгуулж, бусдыг мэдрэх болно. Мөн дэлгүүр орох бол юм авахгүй байсан ч нэрийн барааны гэх мэт сайн дэлгүүрийг сонгож, зугаал. Яагаад гэдэг асуулт босож ирэх тусам хариулахыг бод. Хариулсаар байтал өөрийн гэсэн бодол, үзэлтэй болдог.

Хүмүүжил, соёлын маш чухал орчин бол театр, хөгжмийн танхим, музей, дүрслэх урлагийн галерей юм. Дуурь, балет, драмын жүжиг үзэж, сонгодог болон орчин үеийн хөгжим сонсож, зураач, урчуудын уран зураг, баримал, инстоляц үзэж, музейн үзмэрүүдтэй танилц. Үзмэр, үзвэр болгон танд түүх өгүүлж, танин мэдэхүйн мэдлэг нэмнэ. Хөгжим оюун бодлыг тань цэгцэлж өгнө.

Энэ бүх мэдлэг нэмэн, ухаан тэлж, төлөв, түвшин, соёлтой амьдралд хөтлөх замууд нэг мэдэхэд, таныг аливааг сонирхдог, түүнийхээ төлөө явдаг, бодож сэтгэдэг, шинийг эрэлхийлдэг иргэн болгосон байна. Хамгийн гол нь энэ замууд зөв, ариун, гэгээн байдаг. Эдгээрийг сонгосон хүн боловсрол, соёл, эрдэм мэдлэгийг дээдэлсэн хүн болдог. Боловсролтой, соёлтой хүн нийтлэлийн эхэнд дурдсан бусдын цухлыг барсан ямар нэг үйлдэл хийхгүй.

Харин ч өөрөө түрүүлж хэн нэгэнд туслах гэж, хүндлэх гэж тэмүүлнэ. Тэр нь тухайн хүний оршин байх, өөрөөр байх аргагүй орчин байх болно. Хүн бүр ийм байх аваас нийгэмд бухимдал гэж үгүй, бултаар сэтгэл тэнүүн амьдарна. Энэ болтол хол байна даа гэж бодож байж болох юм. Нийт нийгмээ, нийслэлээ бүхэлд нь аваад үзэхэд бараан тал ихтэй мэт авч, дор бүрнээ сонирхол, хүсэл зорилгоор эвлэлдэн нэгдсэн, хийж бүтээхийн төлөөх уур амьсгал дор нягтарсан, эерэг, цэвэр агаартай бичил орчин энд тэндгүй бий.

Ийм орчин хаа сайгүй бий болгох, улмаар нийгмийг бүхэлд нь бие биеэ хүндэлж, хайрласан уур амьсгалтай “жаргалын орон” болгоход эдийн засгийнхаас авахуулаад бүхий л чиглэлд өсөлт бий болгох, эсэхээс хамаарах байх. Гэхдээ тэр цаг үеийг хүлээж суухын оронд хувь хүн бүр бусдыг хүндэлж, өөрийгөө дээдлэн, “Би орчиндоо зөв, сайхан амьдарвал бусад хүн ч тийм байна” гэсэн бодлоор аливаад хандаж, санаа сэтгэлээ өөдрөг байлгаж, биеэ зөв авч явж байвал бусад нь танаас үлгэр авна. Нийслэлийн өнгө төрх, нийслэлийн хөгжил ямар байх нь танаас ч, надаас ч эхэлнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)