Т.Аюурсайхан: Хууль бусаар машинаа ачуулсан иргэдийн төлбөрийг эргүүлж төлүүлэх боломж нээгдлээ

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хууль бусаар машинаа ачуулсан иргэдийн төлбөрийг эргүүлэн төлүүлэхийн төлөө ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Тэрбээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2015 оны дөрөвдүгээр сард Засаг дарга асан Э.Бат-Үүл болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийг шүүхэд өгсөн юм.

Машин ачих төлбөрийг хууль бусаар тогтоож 9230 жолоочийг 647 сая төгрөгөөр хохироосон Засаг даргын захирамжийг хууль бус хэмээн үзэж шүүхэд хандаад байсан. Харин уг захирамжийг Дээд шүүхээс хууль бус гэж үзсэн байна.

Энэ талаар тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа,

“Хотын дарга асан Э.Бат-Үүлийг Дээд шүүх дээр яллаа.
Машин ачих нь зөв боловч Э.Бат-Үүл ЦЕГ-ын даргын эрхийг булаан авч, машин ачих төлбөрийг хууль бусаар тогтоолгож 9230 жолоочийг 647 сая төгрөгөөр хохироосон 2013 оны А/769 захирамжийг нь Дээд шүүхээс хууль бус гэж үзлээ. 2013-2014 онд машинаа ачуулахдаа хууль бусаар тогтоосон төлбөр төлсөн иргэд төлбөрөө эргүүлэн авах боломж нээгдэж байна. Баримтаа хадгалсан иргэд эргэлзээгүйгээр мөнгөө авна. Хохирсон иргэдийг төлбөрийг 100 хувь эргүүлж төлүүлэхийн төлөө явна, үнэхээр боломжгүй болвол дээрх мөнгийг нийгэмд тустай зүйлд зарцуулах ёстой” хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Энэ талаар тэрээр зөрчил гаргагчийг хамгаалж байгаадаа биш бүх зүйл хуулийн дагуу байх ёстой учир ийн арга хэмжээ авч байгаа талаараа хэлж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)