Тахарын албыг дараа сард байгуулна

УИХ өнгөрсөн онд Үнэт цаасны зах зээл, Хөрөнгө оруулалтын сан, Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх, Гэрч хохирогчийг хамгаалах гэх мэтчилэн бие даасан зургаан хуулийг шинэчилж, энэ сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болсон. Эдгээрийн нэг нь Тахарын албаны тухай хууль юм. 2013 оны долдугаар сарын 5-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар Маршалын албаны тухай хуулийн төслийг хэлэлцэж, Тахарын албаны тухай хууль болгон өөрчлөн баталсан бөгөөд энэ нь шүүхийн шинэчлэлийн хүрээнд боловсруулсан хуулиудын нэг. Уг хууль хэдийнэ хэрэгжээд эхэлсэн. Гэтэл Тахарын албыг одоо хэр нь байгуулаагүй, даргыг нь ч томилоогүй байгаа юм. Энэ талаар Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгээс тодрууллаа.

-Тахарын албыг хэзээ байгуулах вэ?

-Хууль хүчин төгөлдөр болсноор Тахарын алба буюу агентлаг байгуулах, агентлагийнхаа үйл ажиллагааг эхлэх эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Агентлаг байгуулах үйл явц нь хэд хэдэн үе шаттай. Засгийн газраар агентлагийн бүтэц бүрэлдэхүүн, орон тоо, даргыг батлуулах ёстой. Өнгөрсөн онд бүтэц бүрэлдэхүүн, орон тоог нь батлуулсан. Удахгүй даргыг нь Засгийн газарт танилцуулна. Дараа сар гэхэд Тахарын албыг байгуулчихсан байна байх. Тэгэхээр бүтэц бүрэлдэхүүн нь тодорхой болно.

-Даргыг нь хэзээ томилох вэ?

-Сайн хэлж мэдэхгүй байна. Нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Одоогоор хариу нь гараагүй байна.

-Төсөв мөнгийг нь улсын төсөвт суулгасан уу. Хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ?

-Энэ оны төсөвт 10 гаруй тэрбум төгрөг баталсан байгаа.

-Ажлын байрны асуудлыг нь шийдвэрлэсэн юм уу. ШШГЕГ-ын байранд оруулсан нь ямар учиртай вэ?

-Орон байрны асуудал хүндхэн байгаа. Яг тэнд, энд гэсэн тогтсон газар байхгүй. Одоогоор түр хугацаанд ШШГЕГ-т байрлаж байна.

-Хэчнээн хүний орон тоотой байх вэ?

-700 гаруй хүний орон тоотой.


Д.БАТСҮРЭН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)