Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг авч эхэлжээ

Хувь хүний орлогын албан татварын өнгөрсөн оны тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн баримт материалыг хуулийн дагуу энэ сарын 1-нээс авч эхэлжээ. Баримт материалыг ирэх сарын 15-ныг дуустал хүлээн авах юм байна. Үл хөдлөх хөрөнгө худалдан авсан эрхийн гэрчилгээ нь 2019 он болон түүнээс өмнө бүртгэгдсэн татвар төлөгчид хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх аж. Татвар төлөгч нь 2006 онд баталсан хуулийн дагуу орон сууц худалдан авсан буюу барьсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний орлогыг чөлөөлүүлэх эрхтэй. Ингэснээр гурав хүртэлх сая төгрөгийн буцаан олголт авах юм.

Хувь хүний орлогын албан татвараас орлого чөлөөлөхөд бүрдүүлэх материалын жагсаалтад багтсан иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтэр, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний лавлагааг татварын албанд ирээд ХУР системээс авах боломжтой гэнэ. Тиймээс заавал биетээр авчрах шаардлагагүй юм байна. Мөн хувь хүний орлогын албан татварын орлогоороо үр хүүхэд болон өөрийн сургалтын төлбөрөө хөнгөлүүлэх боломжтой аж.

Бичил худалдаа эрхлэгчдээс санал авна

УИХ-аас 2019 оны гуравдугаар сарын 22-нд шинэчлэн баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг энэ оны эхнээс дагаж мөрдөнө. Шинэчлэн баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4.1.3 дугаар зүйлд “бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч” гэж ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй худалдаа, үйлчилгээ, зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч хувь хүнийг ойлгоно гэж заасан. Түүнчлэн “Бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого олж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал .... тогтооно” гэж заасан байна. Тиймээс уг хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхийн тулд иргэдээс санал авч эхэлжээ.

Тодорхой байршилд ажил, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн хувь хүний орлогын албан татварыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1-5 хувьд дүйлгэж тогтооно гэж заасан аж. Тэгвэл ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэний хувь хүний орлогын албан татварыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1-50 хувьд дүйлгэж тогтооно гэж заасан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)