Татварын багц хуулийг баталлаа

-ЗХЖШ-ын даргаар А.Ганбатыг томилов-

Өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа. Ингэснээр татварын өр төлөх хугацаа хоёр cap байгааг 24 болгон, илүү төлсөн татварыг нэн тэргүүнд буцаан олгох эрх зүйн орчин бүрдэв. Мөн татварын албаны өр барагдуулах буюу татвар хураах хууль ёсны эрхийг нь нэмэгдүүлж буй. 

Гэхдээ эрсдэлтэй өрийг түрүүлж хураах бол эрсдэлгүй татвар төлөгчийг хянаж шалгахгүй байх нь. Өртэй татвар төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх харилцааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэн томьёолсон. Үүнээс гадна залилангийн шинжтэй үйлдэлд татварын хөөн хэлэлцэх хугацаа хамаагүй бөгөөд жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүд өөрийн хүсэлтээр жилд нэг удаа тайлан гаргаж, нийт орлогын нэг хувиар татвар төлөх боломж олгов. 

Харин жилийн борлуулалт гурван тэрбум төгрөгөөс дээш бол жилд дөрөв, доош бол хоёр удаа тайлагнах нь. Түүнчлэн сумд татварын ажилтныг томилохдоо аймгийн Татварын албаны дарга тухай шатны Засаг даргатай зөвшилцөхөөр болж байна. Мөн татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлэхэд хөнгөлөгдөх татварын өрийн дүнг алдагдал болон хохирлын хэмжээгээр хязгаарлах зохицуулалтыг төслөөс хасаж батлав. 

Өөрөөр хэлбэл, хугацааны хөнгөлөлт эдэлсэн тохиолдолд татварын алба хөрөнгийг битүүмжилсэн актыг хүчингүй болгохоор хуульчиллаа. Түүнчлэн татварын өртэй гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг өрөө төлж дуустал улсын хилээр нэвтрүүлэхгүй байхаар эрх бүхий байгууллагад татварын алба хандах эрхтэй болж байна. 

Шинэчилсэн найруулгын хүрээнд татвар төлөгч болон татварын албаны хооронд үүсдэг маргааны үндэс болсон хоёрдмол утга санаатай зохицуулалтыг ойлгомжтой болголоо гэж санаачлагчид нь үзэж буй аж.

Үүний зэрэгцээ Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлав. Эцсийн хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үеэр алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг дэмжихдээ Улаанбаатараас 500 км алслагдсан бол 50, 1000 км алслагдсан бол 90 хувиар албан татварын хөнгөлөлт үзүүлэх заалтыг хуульчиллаа.

Мөн тэжээл, тэжээлийн ургамал, эрчимжсэн тахианы аж ахуйд үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүнд албан татварын хөнгөлөлт үзүүлнэ. Гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийг 15, гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийн орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг тав, банкны зээлээр эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварыг тав болгож, X тайлантай аж ахуйн нэгжүүд улиралд 60 мянган төгрөг тогтмол татвар байдлаар төлөхөөр хуульчлав. Түүнчлэн давхар татварын гэрээтэй, эсэхээс үл хамааран гадаад улсад төлсөн татварыг хасаж тооцох нь.

Харин Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг шинэчлэн батлахдаа гишүүн С.Бямбацогтын гаргасан саналын дагуу албан татварын хөнгөлөлтийн хэмжээг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн төсөлд тусгагдсантай адилтган 50, 90 хувиар хөнгөлөхөөр боллоо. Үүнээс гадна уг татварыг нэг шатлалтай, 10 хувь байхаар тогтоож, оршин суугч этгээдийн татварыг 20-15 болгон бууруулав. 

Мөн орон сууцны татварын хөнгөлөлтийг гурван сая төгрөгөөс зургаан сая төгрөг болгох нь. Татварын багц хууль батлагдаж буйтай холбоотойгоор Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ч нэлээд тайлбар хийсэн бөгөөд тэрбээр “Зарим хүн буруу ярьж, мушгиад байна. Аж ахуйн нэгжүүдийн татвар 26 хувиар нэмэгдэхгүй. Харин ч буурч байгаа. Жилийн 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой бол татварыг нь 90 хувиар бууруулж байна. Мөн гурван тэрбум төгрөг хүртэлх ашигтай ажиллаж байгаа бол татвараа 10 хувиар төлнө.

Гурван тэрбум төгрөгөөс дээш бол 25 хувийн татвар төлдөг байсан босгыг хоёр дахин нэмэгдүүлж, зургаан тэрбум төгрөг болгосон. 3-6 тэрбум төгрөг бол татварыг нь 60 орчим хувиар хөнгөлсөн. Нөгөө талаас нэг хүн гадаадаас орж ирээд баахан мөнгөний пирамид босгочихоод, гараад явчихдаг. Олон тэрбум төгрөгийн татварын өртэй хэрнээ орхиод зугтдаг. Тиймээс тухайн гадаадын иргэний талаар хилээр гаргахыг хориглох эрх бүхий байгууллагад татварын албанаас хандах эрхтэй байхаар хуульчилсан” гэж байлаа.

Энэ өдөр ЗХЖШ-ын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилохыг дэмжсэнээр Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган, түүнийг албан тушаалд нь томиллоо. Улмаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ЗХЖШ-ын удирдлагын ажил хүлээлцэх үйл ажиллагаанд оролцов. А.Ганбат нь 1962 онд төрсөн, 1979-1983 онд хуучнаар ЗХУ-ын Одесс хотод Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1988-1991 онд Москва хотын Фрунзийн нэрэмжит Цэргийн академи, 1998-2000 онд ОХУ-д ЗХЖШ-ын академийг төгсжээ.

Газрын артиллерийн команд-штаб, оператив-тактик, оператив-стратегийн мэргэжилтэй, боловсролын докторын зэрэгтэй, 2005 онд хошууч генерал цол хүртсэн аж. Тэрбээр 1983 онд Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салааны захирагчаас ажлын гараагаа эхэлж, 1983-1997 онд Батлан хамгаалах яамны долдугаар хэлтэс, ЗХЖШ-ын нэгдүгээр газарт офицер, Ардын армийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын нэгдүгээр орлогч, оперативын тасгийн дарга, Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогчоор ажиллажээ. 

Мөн ЗХЖШ-ын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч, хэмжил зүйч, Батлан хамгаалах яамны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга, сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга, ерөнхий зориулалтын цэргийн командлагч, Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар ажиллаж иржээ. 2018 оноос ҮАБЗ-д орон тооны бус шинжээчээр ажиллаж байсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд түүнд ам сайтай байлаа. “Зэвсэгт хүчинд олон жил хариуцлагатай алба хашсан, туршлагатай, мэргэжлийн, бэлтгэгдсэн хүн” хэмээн дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм. Салбарын хэмжээнд хийх ёстой ажил, шинэчлэлийн талаар ч гишүүд өөр өөрийнхөөрөө “чиглэл болгож”, захина лээ. Мөн гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Ёс зүйтэй байгаарай. Байгууллагынхаа нэр хүндийг бодож ажиллаарай. Томилсон хүндээ биш, төрийн сүлдэндээ үнэнч зүтгээрэй” хэмээв.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Эдийн засгийн байнгын хороо уг төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Л.Болд, Х.Болорчулуун, Б.Жавхлан нар алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр таван хувь, Ашигт малтмалын тухай хуулийн 47.5 дахь хэсэгт заасан ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийн алтанд ногдох хувь хэмжээ тэг байхаар санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. 

Үүнийг ч нэгдсэн хуралдаанаар дэмжсэнээр алтны татварыг 2023 он хүртэл 2.5 хувиар тогтоохтой холбоотой хэсгийг төсөл санаачлагч Засгийн газарт буцааж, хувь хүн, бичил уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэр эрхлэгчид татвар төлөхтэй холбоотойг нь үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж байна. Үүний эцсийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)