Татварын ажилтныг архины шилээр цохисон тагнуулын даргыг шүүхэд шилжүүллээ

Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын хэлтсийн дарга асан, хурандаа Д.Давааням, Ж.Төгс-Очир тэргүүтэй хүмүүст холбогдох, танхайрч бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан хэргийг МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн мөрдөж дуусаад Баянзүрх дүүргийн Прокурорын газарт шилжүүлжээ. Тус газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн 11.4-т заасан “Хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг шүүгч С.Өсөхбаяр хянаж байна.

Хэргийг эргэн сануулахад, ТЕГ-ын хэлтсийн дарга асан, хурандаа Д.Давааням, Ж.Төгс-Очир нар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хувь хүний орлогын татварын тасгийн дарга Ч.Ганбаатар зэрэг хэд хэдэн хүний хамт өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд Баянзүрх дүүргийн нутаг дахь “Энканто булл” рестораны тусгай өрөөнд цэргийн баяр тэмдэглэж байхдаа маргалдаж, Д.Давааням нь Ч.Ганбаатарын толгойд шар айргийн аяга болон архины шилээр цохиж гэмтэл учруулсан бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан юм. Үүнээс болж Ч.Ганбаатарын толгой гэмтэж ГССҮТ-д эмчлүүлсэн аж. Хүний эрүүл мэндэд хохирол учруулан танхайрсан алба хаагч нартаа ТЕГ-ын дарга тухайн үед хариуцлага тооцон, Д.Даваанямын цолыг хураагаад ажлаас нь чөлөөлж, хурандаа Ж.Төгс-Очирыг дэд хурандаа, хэлтсийн даргаас тасгийнх болгож бууруулсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)