Тариаланчид үр тарианыхаа 40.6 хувийг суулгажээ

Улсын хэмжээнд өнгөрсөн мягмар гаргийн байдлаар 149.4 мянган га-д улаан буудай, 6.4 мянган га-д төмс, 1.4 мянган га-д хүнсний ногоо, 3.3 мянган га-д тэжээл, 15.1 мянган га-д тосны ургамал тариалжээ. Ингэснээр үр тарианы тариалалтын явц 40.6, төмснийх 46.5, хүнсний ногооных 16 хувьд хүрсэн байна. Энэ онд улсын хэмжээгээр 368 мянган га-д улаан буудай, 32 мянган га-д малын тэжээл, 29 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс, жимсгэнэ тариалах зорилт тавьсан. 

Энэ нь нийт 478 мянган га-д тариалалт хийнэ гэсэн үг юм. Үр тариа, тос, тэжээлийн ургамлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж, иргэн хийж байгаа аж. Мөн 950 гаруй аж ахуйн нэгж, хоршоо, 16 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах гэнэ. Тариалалтад зүтгэх хүчний трактор 3130, үр тарианы үрлүүр 2201, төмс, хүнсний ногооных 570, хөрс боловсруулах техник 5740 ажиллаж буйг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан мэдээлэв. 

Тариаланчид үрээ 14-21 хоногт багтаан суулгах боломжтой аж. Тариалалтын явц өнгөрсөн жилээс 10 орчим хувиар хоцорч байгаа нь тавдугаар сарын дундуур газар тариалангийн ихэнх бүс нутгаар цаг агаар хүйтэрч, шуурсантай холбоотой гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)