Тариаланчид эсэргүүцлээ илэрхийлэн хэдэн зуун трактороор Германы том хотуудын гудамжыг хаажээ


Германы фермерууд эсэргүүцлээ илэрхийлэн 200 гаруй трактороор Берлины төв гудамны хөдөлгөөнийг  хаажээ. Энэ тухай Die Welt суваг мэдээлэв. Тариаланчид Германы Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарт авах гэж байгаа арга хэмжээг эсэргүүцэн ийнхүү  жагсжээ. Тэдний үзэж буйгаар Засгийн газрын баталсан   байгаль, ан амьтад, түүний дотор шавжийг хамгаалахад чиглэсэн багц хууль нь газар тариаланг улам хүндрүүлж, тариачдад нэмэлт бэрхшээл бий болгох аж. Фермерууд зөвхөн Берлин хотын төдийгүй Вюрцбург, Байройт, Эрфурт, Рендсбург, Ганновер, Ольденбург, Штутгарт, Фрейбург, Лейпциг, Гёрлиц зэрэг хотуудад ижил арга хэмжээ зохион байгуулаад байна.  Жишээ нь Бонн хотод 2000 орчим трактор оролцон жагсаал болжээ. Үүнээс болж том хотуудын гудамж талбайд ихээхэн бөглөрөл үүсээд байгаа аж. Эсэргүүцэл үр дүнгээ өгч эхэлж байгаа бололтой. Германы  Хөдөө аж ахуй, хүнсний сайд Юлия Клёнкэр нь тариаланчдын санаа зовж байгааг ойлгож байгаагаа илэрхийлээд  тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авах тухай мэдэгджээ. Гэхдээ Хөдөө аж ахуйн салбарт бүх үйл ажиллагааг байгаль орчин, ан амьтан, шувуу шавж бүгдэд ээлтэй байдлаар явуулдаг болгон өөрчлөх цаг ирээд байгааг онцолжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)