Тариаланчид, хүнсний ногооны худалдаачид 3,3 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ

“Намрын ногоон өдрүүд -2019” арга хэмжээ 14 дэх жилдээ “9-р сарын 18-24-ний өдрүүдэд “Мишээл ЭКСПО” төвд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан дор Монгол Улсад Атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд зохион байгуулсан гэдгээрээ онцлог болж байна.  

“Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үзэсгэлэн худалдаанд  хүнсний үйлдвэрлэл эрхлэгч 120,  хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тариалан эрхлэгч 250 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршоо оролцлоо. Эдгээр аж ахуй нэгж үйлдвэрлэгчид өнгөрсөн долоо хоногт 3,3 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Өмнөх жилтэй харьцуулахад худалдаа үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалт 1,5 дахин өсжээ.

“Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үзэсгэлэн худалдаанд оролцсон аж ахуй нэгж байгууллагын шилдэг бүтээгдэхүүнийг батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж шалгарууллаа. Тодруулбал хүний эрүүл мэндийг дэмжих үүрэгтэй байх, 2017 оноос мөрдөж буй  сав баглаа боодол, шошгын стандартыг  хангасан байдал зэргийг харгалзан үзэж шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулсан байна.

Шагналыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Дэд сайд Ж.Сауле нар гардуулан өглөө.

  • Хүүхдэд зориулсан хүнсний шилдэг бүтээгдэхүүнээр Монос хүнс ХК-ийн “Берривит” брэндийн ааруулан бүтээгдэхүүн
  • Шинэ нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүнээр АПУ Дэйри ХХК-ийн “Актив” тараг
  • Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүнээр Говь-Алтай аймгийн Баянтан ХХК-ийн хатаасан аарцан бүтээгдэхүүн
  • Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүнээр Талх чихэр ХХК-ийн Мон апетит цуврал жигнэмгийн бүтээгдэхүүн
  • Шилдэг органик бүтээгдэхүүнээр Сэлэнгэ органик Баянгол хамтын баталгаажуулалтын байгууллагын зөгийн бал

“Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “АЛТАН НАМАР-2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, зохион байгуулалт сайтай аймаг сум байгууллага, ногоочин, жимсчин, шилдэг хоршоог шалгарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)