Тариалангийн техникийг 20 хувийн урьдчилгаатайгаар олгоно

Сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж буй газар тариалангийн салбарын хүрсэн түвшинг тогтворжуулах, цаашдын өсөлтийг хангах  үүднээс үйлдвэрлэлийн хэмжээ, таримлын төрөлд нийцсэн техникийг урт хугацаатай, хүү багатай зээл, лизингээр худалдан авах нөхцлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. 

Энэ үүднээс ХХААЯ-наас БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай байгаа дундаас дээш хүчин чадалтай трактор, үр тарианы комбайн худалдан авч, тариалан бүхий иргэн, аж ахуй нэгжийн техникийн хангамжийг сайжруулах төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. 

Хөнгөлөлттэй зээлийн 12,07 сая ам. долларын хөрөнгөөр 125-165 морины хүчтэй трактор 132 ширхэг, чиргүүл 90 ширхэг, үр тарианы комбайн 48 ширхэгийг нийлүүлэхээр гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу энэ сарын 18-аас эхлэн эдгээр техник тоног төхөөрөмжийг  нийлүүлж эхлэх бөгөөд  трактор, комбайныг 20 хувийн урьдчилгаатай, таван жилийн хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулан тариалан бүхий аж ахуй нэгжүүдэд олгохоор болоод байна. 

Төслийн үр дүнд 15,0 мянган га талбайн үр тариаг хураах, 28,0 мянган га талбайд уриншийн боловсруулалт, тариалалт хийх зүтгэх хүчний техник шинээр нэмэгдэж хураалтын техникийн хүчин чадал одоо байгаа түвшинээс  5%-иар, зүтгэх хүчний техник 8%-иар дээшилнэ гэсэн тооцоолол байгаа. Ингэснээр үр тариа, тэжээлийн таримлын тариалалт, хураалт технологийн дагуу хийгдэж, бүтээгдэхүүний чанар хэмжээ өсч, үйлдвэрлэл тогтворжиход чухал нөлөө үзүүлэх юм. 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)